Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 550

 

МАГАДЛАЛ

2020-03-09                                                        550                                             

 

 

 

 

 

 

 

М.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00040 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч Д.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 сарын 22-ны өдөр М.Ц миний бие Д.Ц-д 30 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Бид зээлийн хэмжээ болон хүүг харилцан тохиролцож 2017 оны 11 сарын 22-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зааснаар Д.Ц нь үндсэн зээл болох 30 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 22-ны дотор төлж барагдуулахаар, зээлийн хүү болох сар бүрийн 6 хувийн хүү буюу 1 800 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 22-ны өдөр төлж барагдуулж байхаар харилцан тохиролцсон. Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх ёстой байсан үндсэн зээл болох 30 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг эргүүлэн төлсөн бөгөөд үлдсэн 20 000 000 төгрөг болон 11 дэх сарын хүү болох 1 800 000 төгрөгийг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох байсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт заагдсанаар алданги төлөхгүй байхаар харилцан тохиролцсон. Иймд Д.Ц-гээс зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 20 000 000 төгрөг, мөн 11 дэх сарын хүү 1 800 000 төгрөг, нийт 21 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц бид хоёр харилцан тохиролцож 30 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулсан. Ингээд зээлийн гэрээ байгуулж дуусаад данс руу 11 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг харин бэлэн мөнгөөр бус будаагаар тооцож ав гэсэн. Би уг нь бэлэн мөнгө авна гэж ойлгож зээлийн гэрээ байгуулсан учир зөвшөөрөхөөс өөр аргагүй болж 18 400 000 төгрөгт будаа тооцож авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүүнд тодорхой хэмжээний мөнгө төлсөөр өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээг анх байгуулахдаа 6 хувийн хүүтэй гэж байсан боловч 8 хувиар тооцно гэсэн. Би аргагүйн эрхэнд зөвшөөрч хүүг 8 хувиар тооцож төлсөн. Одоогоор миний хувийн бизнес зогссон төлбөр төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Авсан мөнгө болон хүүнд нийт         19 952 000 төгрөг болсон. Үүн дээр цагаан будааны үнийг нэмэхэд 38 352 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэтэл хариуцагч 38 494 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц-гээс үндсэн зээл 6 034 992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгож, нэхэмжлэлээс 15 765 008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 111 510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тухайн үед зээлдүүлэгч М.Ц нь миний мөнгө зайлшгүй, яаралтай байгаа нөхцөл байдлыг далимдуулан Зээлийн гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж гарч ирсэний дараа 11 600 000 төгрөгийг мөнгөөр өгнө, үлдсэн 18 400 000 төгрөгөнд нь БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан будаа өгнө гэсэн гэрээнд заагаагүй нөхцлийг тулгасан бөгөөд би хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн билээ. Хариуцагч нь зээлийн гэрээгээр надад өгч, М.Ц-ийн хаан банкны 5040033088 данснаас миний хаан банкны 5006293299 дугаар дансанд 2017 оны 11 сарын 22-ны өдөр шилжүүлсэн 11 600 000 төгрөг, түүний сар бүрийн 6 хувийн хүү болох 696 000 төгрөгийг сар бүр төлж ирсэнээс гадна надад өгсөн цагаан будааны үнэ 18 400 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нийт 38 494 000 төгрөгийг 2018 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар төлөөд байгаа болно. Ийнхүү хариуцагч нь мөнгөөр авсан 11 600 000 төгрөг болон түүний 12 сарын хүү болох 8 352 000 төгрөг нийт 19 952 000 төгрөг, цагааны будааны үнэ болох 18 400 000 төгрөг нийт 38 352 000 төлөхөөс өнөөдрийн байдлаар 38 494 000 төгрөгийг төлөөд байна. Хэргийн бодит үйл баримт ийм байгаа бөгөөд үүнийг ч шүүх үгүйсгээгүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь маргахгүй байгаа зээлийн гэрээний хэсэгт цагаан будаа тооцон авсан гэх хэргийн үйл баримтанд зөв хууль хэрэглэлгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг буруу тайлбарлан зээлийн гэрээг 30 000 000 төгрөгөөр тооцон Д.Ц надаас үндсэн зээл 6 034 992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгохоор шйидвэрлэсэн нь үндэслэлгүй боллоо үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан зээл 20 000 000 төгрөг, хүү 1 800 000 төгрөг нийт 21 800 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон боловч уг 30 000 000 төгрөгөөс зээлдүүлэгч нь зээлдэгчид мөн өдөр дансаар 11 600 000 төгрөг шилжүүлж, үлдэх 18 400 000 төгрөгт цагаан будаа тооцон өгсөн үйл баримт тогтоогдсон. Зээлдүүлэгч 30 000 000 төгрөгийн зээлийг бэлэн мөнгөн хөрөнгөөр бүрэн шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй.

 

Зохигч гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин хариуцагч “гэрээний дагуу авсан зээл 11 600 000 төгрөгт хүүг тооцон    19 952 000 төгрөг, цагаан будааны үнэ 18 400 000 төгрөг нийт 38 352 000 төгрөг төлөхөөс 38 494 000 төгрөг төлж, үүргээ гүйцэтгээд дууссан” гэж маргажээ.

 

             Анхан шатны шүүх зээлийн гэрээг 30 000 000 төгрөгөөр тооцож, уг дүнгээс хүү тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Учир нь, гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний аль нэг нөхцлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлдог.

 

Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 243 дугаар зүйлд заасан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээний шинжүүдийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас зээлдэгч нь зээлдүүлэгчид 11 900 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүү төлөх нөхцөлтэйгээр шилжүүлж, зээлдэгч нь тухайн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг, нөгөө талаас нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд эд хөрөнгө буюу будаа шилжүүлсэн, хариуцагч будааны үнэ 18 400 000 төгрөг төлөх үүргийг хүлээж байгаагаараа холимог гэрээний шинжийг агуулжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгө авсан бол мөнгө, будаа авсан бол будааг буцаан төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлэн өгсөн 11 900 000 төгрөгний хэмжээнд хүү тооцох үндэслэлтэй. Үүнээс гадна нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчид өгсөн будаагаа мөнгөөр үнэлэн шаардаж байгаа нь зээлийн гэрээний шинжийг агуулаагүй, харин худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч будааны үнэ 18 400 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, уг үүргийг гүйцэтгээд дууссан гэж үзнэ.

 

Дээрхи гэрээний дагуу хариуцагч Д.Ц нь 11 600 000 төгрөгт зээлийн хүүг тооцон 19 952 000 төгрөг, цагаан будааны үнэ 18 400 000 төгрөг нийт 38 352 000 төгрөг төлөхөөс 38 494 000 төгрөг төлж үүргээ биелүүлсэн болох нь хэргийн 35-147 талд авагдсан ХААН банк дахь Д.Ц-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, 155-157 дахь талд авагдсан хариуцагчийн гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэн үзэж нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 21 800 000 төгрөг гаргуулах тухай үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/00040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 21 800 000 төгрөг хариуцагч Д.Ц-гээс гаргуулах тухай нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ш.ОЮУНХАНД

                      ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                Д.БАЙГАЛМАА