Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 133/ШШ2024/00366

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********* хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *********** төрсөн. Одоо ********* настай. Би ***** өдөр ********* нас хүрч 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад илгээлт аван малчнаар ажиллаж эхэлсэн. 1984 оны 06 дугаар сарын 20-нд цэрэгт татагдаж, 1984 оны 06 дугаар сарын 22-нд халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1981-1990 он хүртэл баримт байхгүй, зарим оны лавлагаа дутуу гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг сумын тоо бүртгэгч аваад алга хийсэн тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д гарч байгаа сурагчдыг ажилд томилох тухай тушаал

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 251 дугаартай архивын лавлагаа

- Баярын бичиг, талархлын хуудасны нотиатаар гэрчлүүлсэн хуулбар

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 5595 дугаартай архивын лавлагаа

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт

-Алтайн хөгжил сонинд нийтэлсэн Их аяны гараа нийтлэл

- Фото зургийн хуулбар

- МАХН-ын гишүүний бат илэрхийлэх/********/-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:байхгүй

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ********* нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч ******* нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д гарч байгаа сурагчдыг ажилд томилох тухай тушаалд Илгээлтээр ХАА-д гарч ажиллах болсон доорх сурагчдыг тус тусын бригадад 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллуулсугай. Үүнд. ****** туслах малчнаар ********,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 251 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчин байсан ***** ******** нь 1982 оны 07-09, 1983 оны 01-06, 1984 оны 01-03 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ийг тодорхойлжээ.

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлээс 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* 1981 оны мал аж ахуйн үйлдвэрлэл дээр үр дүнтэй ажилласан явдалд талархал илэрхийлж шинэ оны ажилдаа улам их амжилт олохыг хүсэж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнасан баярын бичиг,

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлээс 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ****** хадлан тэжээл бэлтгэх ажилд идэвхи зүтгэлтэй оролцож уралдаанд шалгарсан тул талархлын хуудас үнэ бүхий зүйлээр шагнасан Талархлын хуудас,

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчин байсан ****** нь 1982 оны 07-09, 1983 оны 01-12, 1984 оны 01-03, 1988 оны 04-06 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ийг тодорхойлжээ.

Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдэлд малчин байсан ****** 1982-1984, 1988 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 5595 дугаартай архивын лавлагаанд ********* Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 065 дугаар ангид алба хааж мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 578257 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

МАХН-ын ******** 091564 дугаартай 1984 оны 04-12, 1987 оны 01-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12 дугаар саруудад татвар төлсөн бичилтүүд хийгдсэн гишүүний бат илэрхийлэх зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.

Дээрх ажил олгогчийн шийдвэр, архивын лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч ******** ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ****** мундаг овгийн ********* ******* 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ******** 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******** мундаг овгийн ******* ******* 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН