| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00681/И |
| Дугаар | 155/ШШ2016/00613 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ************ оршин суух Ш овогт Д-ын Ү /********** /-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/0681/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Д.Ү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1980 оны 7-р сарын 01-нээс илгээлтээр малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш хоньчноор тус нэгдэлд 1990 оны 12-р сарын 31-нийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэр дутуу хагас бичигдсэн тамга тэмдэг нь дарагдаагүй учраас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ү нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Ү нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Долгор овогтой Ү гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрэл зураг, гэрч Л.Гүнээбаатарын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Д.Ү 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хоньчноор гарч 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Нансалын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Д.Ү Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Д-ын Ү /********** /-ийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Ү гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ