Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/740

 

 

           

                       

Ц.Өт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

хохирогч “Н ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, түүний өмгөөлөгч Д.Алтансүх,

хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Мы өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/389 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Өт холбогдох 2009019751338 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......................... овгийн Ц.Ө, ...... оны .... дугаар сарын .....-ны өдөр .................................төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ........................... ажилтай, ам бүл 2, эхийн хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................................../;

Шүүгдэгч Ц.Ө нь “Н ББСБ” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг дэх салбарт зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х.Дгийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1.000.000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Мийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1.000.000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр П.Мын нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1.000.000 төгрөг, 

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр М.Оын нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн "Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг,

“Н ББСБ” ХХК-ийн Эрсдэлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн эх Ж.Бын нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг,

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн эгч Ц.Бийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг,

2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн эцэг Д.Цийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг,

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ах Ж.Цийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг,

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр найз Т.Эгийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 800.000 төгрөг,

төрсөн эх Ж.Бын өмчлөлийн “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-иас 6.000.000 төгрөг,

төрсөн эцэг Д.Цийн эзэмшлийн “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-иас 5.000.000 төгрөг,

З.Мд автомашины зээлийн төлбөрийг гаргасан баримт материал бүрдүүлэн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Н ББСБ” ХХК-иас 69.800.000 төгрөг,

Ц.Рд зээлээр автомашин худалдан борлуулсны төлбөрт шилжүүлэх 12.500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хооронд “Н ББСБ” ХХК-ийн данснаас төрсөн ах Ц.Нын 207200650 тоот депозит данс руу шилжүүлэн 12.500.000 төгрөг,

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд “Н ББСБ” ХХК-ийн 1007102707140001, 200710270740001 тоот данснаас тус банк бус санхүүгийн байгууллагад данс эзэмшигч М.Бы 106206328 тоот данс руу 7 удаагийн гүйлгээ хийн буцаан 59.800.000 төгрөг тус тус авч, нийт 161.900.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Өын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Өаас 104.231.290 төгрөгийг гаргуулан хохирогч “Н ББСБ” ХХК-д даруй олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Цэнд овогтой Өсөхбаяр нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жил нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд би амьдралдаа маш том алдаа хийсэн, хоригдож байх хугацаанд өөртөө дүгнэлт хийж, маш ихээр гэмшин харамсаж, энэ бүхэнд өөрийгөө л буруутган зэмлэж байна. Нийт учруулсан хохирол болох 161.900.000 төгрөгөөс 57.750.710 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 104.231.290 төгрөгийг төлөх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа. Иймд эрхэм шүүгчид та бүхэн хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үнэн зөвөөр шийдвэрлэж, надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Өын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэх үндэслэлүүдээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд

Прокуророос Ц.Өын үйлдсэн гэх 14 үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тэдгээртэй холбоотойгоор хохирлын тооцоог нэг мөр болголгүйгээр гагцхүү хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...өнөөдрийн байдлаар 104.231.491,48 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байна.” гэж мэдүүлснээр шүүх тогтоосон нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээс харвал М.Бтай холбоотой хохирлыг Ц.Ө нь өөрийн эцэг, эх, ах, эгч, найз нарынхаа нэр дээр зээл авч барагдуулсан, бусад нь төлөгдөөгүй гэж харагдахаас бус прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол зэргээс эдгээрийг ялган тогтоох боломжгүйгээс гадна гэм буруутайгаар хохирол учруулсан эсэх талаарх нөхцөл байдлыг хөндөхөөр байна. Тодруулбал,

а/ Прокуророос шилжүүлсэн хэргийн үйл баримтын хүрээнд үзвэл, Ц.Ө нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр салбарын захирал болох Б.Бямбасүрэнгийн зөвшөөрлөөр эцэг Д.Цийн нэр дээр автомашин барьцаалсан 5.000.000 төгрөг, барьцаагүй 1.000.000 төгрөгийн зээл, эх Ж.Бын нэр дээр автомашин барьцаалсан 6.000.000 төгрөг, барьцаагүй 1.000.000 төгрөгийн зээл, эгч Ц.Бийн нэр дээр барьцаагүй 1.000.000 төгрөгийн зээл, хүргэн ах Ж.Цийн нэр дээр барьцаагүй 1.000.000 төгрөгийн зээл, найз Т.Эгийн нэр дээр барьцаагүй 800.000 төгрөгийн зээл тус тус гаргуулан авсан болох нь гэрчээр өгсөн Б.Бямбасүрэнгийн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. /Барьцааны зүйл болох автомашины нэрийг шилжүүлээгүй гэдгээр завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь учир дутагдалтай билээ/ Гэтэл дээрх буюу 5 удаагийн 4.800.000 төгрөгийн барьцаагүй зээл, 2 удаагийн автомашин барьцаалсан 11.000.000 төгрөгийн зээлүүдийг гэмт хэрэгт тооцсон нь гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн уг зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх үндэслэлүүдэд хамаарч байна.

б/ 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Ж.Цийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлж 1.000.000 төгрөгийн хохиролтой холбоотойгоор яллагдагч Ц.Ө “...энэхүү зээлийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.350.000 төгрөгийг төлж хаасан” гэж, гэрч Ж.Ц “...одоо 288.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэж,

мөн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Ц.Бийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлж 1.000.000 төгрөгийн хохиролтой холбоотойгоор яллагдагч Ц.Ө “...энэхүү зээлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.250.000 төгрөг төлсөн.”  гэж, гэрч Ц.Б “...одоо 288.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...”  гэж,

мөн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Ж.Бын “Тоёото королла” тээврийн хэрэгслийг барьцаалсан 6.000.000 төгрөгийн хохиролтой холбоотойгоор яллагдагч Ц.Ө “...ээж Бямбахандын машины үлдэгдэл 500.000 төгрөгийг төлөх ёстой, үлдэгдэлтэй байгаа” гэж, гэрч Ж.Бын “...одоо 900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэж тус тус мэдүүлжээ. Энэхүү нөхцөл байдлуудыг нэг мөр тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх үндэслэлд хамаарч байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд

Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр гэм буруутайд тооцсон нь буруу юм. Учир нь, аливаа гэрээ болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд буюу “Н ББСБ” ХХК-ийн захирлын тушаалаар зээлийн ажилтан, эрсдэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Ө нь өөрийн хариуцсан хөрөнгөөс шилжүүлэн авсныг “албан тушаалын байдлаа ашигласан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг. Тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарах албан тушаалтныг буюу Ц.Өыг “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж дахин хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцэх бөгөөд тухайн хууль хэрэглээний алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд

Энэхүү хэргийн оролцогч байх учиртай З.М нь 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, тухайн өдрөө гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд дараагаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон, мөн өдөр хохирогчоор тус тус мэдүүлэг авсан байх бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 200901974 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг түүний гомдлоор нээжээ. Үүний дараагаар 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тухайн асуудлаар эрүүгийн 2009019741252 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарсныг 2020  оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 401 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоолоор 2009000001249 дугаартай хэрэгт нэгтгэсэн байна. Үүнээс хойш хэргийн зүйлчлэлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар өөрчилсөн боловч З.Мыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгоогүй. Тиймээс З.М нь энэ хэргийн оролцогч байтал түүнийг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэхээр байна.

Цаашлаад З.Мы 3 ширхэг автомашины мөнгийг хэн, хэрхэн, ямар хэмжээгээр өгөх нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй орхигдсон, харин ч түүнд очих учиртай хохирлын мөнгийг “Н ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Үүнээс гадна өөр 1 автомашины ченж Ц.Ргийн эрх ашиг, сонирхол мөн адил хөндөгдөх учиртай байтал энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /”Н ББСБ” ХХК-ийн хувьд Ц.Өын ажил олгогч мөн тул З.М, Ц.Р нартай холбоотой үйлдэлд иргэний хариуцагч болох боломжтой/

Энэхүү шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д тус тус заасныг хангаагүй гэдгээр буюу уг хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэх үндэслэлд хамаарч байна.

Эцэст нь нэгтгэн дүгнэвэл, Ц.Өын зарим үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэгт тооцогдох үйлдлүүдийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох”, 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал” болох учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг дан ганц хохирогчийн мэдүүлснээр тодорхойлсон нь буруу, мөн бодитоор эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн нэр бүхий 2 ченжийн асуудлыг шийдвэрлээгүй, тэдгээрийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол хүчинтэй байсаар атал ядаж иргэний нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд оролцуулаагүй, тэдэнд очих учиртай мөнгөн хөрөнгийг харин ч иргэний хариуцагч байх учиртай “Н ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага зэргийг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Энэ хэргийн хувьд цаашид зайлшгүй шалгаж, нэг мөр тогтоох учиртай ажиллагаа гэвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эдийн засгийн шинжээч томилж, санхүүгийн баримтад үндэслэсэн дүгнэлт гаргуулах учиртай. Энэ цаашлаад учирсан хохирол, хор уршиг, нөхөн төлөгдсөн хэр хэмжээ, шүүгдэгчээс гаргуулах мөнгөн хөрөнгийг тодорхой болгоход шаардлагатай ажиллагаа хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үүднээс хэргийг прокурорт буцаан, магадлал гарсан өдрөөс Ц.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.М гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Зоригт овогтой Мөнхсайхан нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 389 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн 2009019751338 дугаартай хэрэгт холбогдогч Ц.Өт холбогдуулж анх миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Ариунгэрэл нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох” тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн хохирогчоор тогтоон, тогтоол танилцуулсан.

Үүнээс хойш хэргийн материал танилцуулаагүй, миний гомдолд ямар нэгэн хариу өгөөгүй. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Өт холбогдох хэргийн шүүх хурал хуралдаж шийдвэрлэгдсэн байна. Надад шүүх хурлын товыг огт мэдэгдээгүй ба миний бие анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасны хувьд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Мөн хохирогч миний хохирлын асуудлыг шийдвэрлэж өгөөгүйд маш их гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 389 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Мы өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч З.Мы өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хэргийг буцаах үндэслэлгүй болсон. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн нэхэмжилж буй хохирлыг “Н ББСБ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь, энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэгдсэн. Иймд “Н ББСБ” ХХК-ийг иргэнийн хариуцагчаар тогтоож, миний үйлчлүүлэгчийн нэхэмжилж буй 69.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч “Н ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хохирлын үнийн дүн зөрүүтэй байна, хохирлыг дахин тогтоох шаардлагатай гэж дурдсан байна. Шүүгдэгч болон хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол төлбөртэй маргаж байгаагүй. Хохирлын үнийн дүн нь гэрчүүдийн мэдүүлэг болон тухайн ББСБ-ын ашигладаг “Most money” аппликейшн, аудитын гаргасан хохирлын үнэлгээгээр зөрүүгүй таардаг. Хохирогчийн зүгээс Ц.Өын “Н ББСБ” ХХК-иас завшсан хохирол бүрэн төлөгдсөн тухай баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч болно гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдолдоо дурдсан байна. Шүүгдэгчийн мөнгө завшсан үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд зөв дүгнэсэн. Зээлдэгч Рагчаагийн хувьд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Н ББСБ” ХХК-ийг хариуцагчаар татаж, 3 шатны шүүхийн шийдвэр гарч “Н ББСБ” ХХК-иас 7.500.00 төгрөгийг гаргуулж Рагчаад олгохоор шийдсэн. Энэ хохирлыг шүүгдэгч Ц.Өаас орж ирсэн хохирол төлбөрөөс барагдуулахаа илэрхийлсэн байгаа. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаах үндэслэлгүй болсон тул хэргийг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй талаар хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс зарим тайлбарыг нэмж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Шүүгдэгч гэм буруу дээр маргадаггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах чин хүсэл эрмэлзэлтэй. Давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөр төлж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгчийг заавал хорих шаардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн ар гэрээс 30.000.000 төгрөгийг шилжүүлэх процесс яг одоо явагдаж байгаа. Хохирогч “Н ББСБ” ХХК-д учирсан хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа. З.М иргэний нэхэмжлэгчээр анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэний нэхэмжлэгч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд анхан шатын шүүх хуралдаанд оролцуулна...” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.М хохирогчоор тогтоогдсон ч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Миний зүгээс З.Мыг завших гэмт хэргийн хохирогч биш гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар хэлэлцэгдээгүй учир энэ гомдлыг хүлээж авах, хэлэлцэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

Хохирогч “Н ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбаргүй. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар оролцогчдын эрх ашгийг хангаагүй, шүүх хуралдаанд оролцох боломжийг олгоогүй гэх асуудал яригдаж байна. Анхан шатны шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн, оролцохгүй талаарх хүсэлт ирүүлсэн гэж анхан шатны шүүх хуралдаанд танилцуулсан учир шүүх хуралдааны товыг оролцогчид мэдсэн гэж ойлгосон. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж маргаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх үед яллах дүгнэлтийг яллагдагч Ц.Өт гардуулсан. Яллах дүгнэлт гардуулах хүртэл яллагдагч Ц.Ө хохирлын хувьд маргадаг байсан ч анхан шатны шүүх хуралдаанд “гэм буруу болон хохирлын тал дээр маргахгүй” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйчлэл буруу гэж маргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.Ө нь албан тушаалын байдлаа ашиглан бусдын нэр дээр хуурамч бичиг баримт үйлдэж, “Н ББСБ” ХХК-иас бэлэн мөнгийг санхүүжилтээр гаргаж, энэ мөнгөө өөртөө завшдаг. Мөн автомашины ченжүүдэд олгогдох ёстой мөнгийг өөрийн болон өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийн дансанд авч завшсан байдаг. Ийм учир шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.Ө завшсан мөнгөө зөвхөн өөрөө хэрэглэсэн учир түүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн анхан шатны шүүхээр зарим хохирогч, иргэний нэхэмжлэгчийн асуудлыг хэлэлцээгүй гэсэн асуудал яригдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах боломжтой учир давж заалдах гомдол гаргасан оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. М.Бы хохирлыг Ц.Ө зээлдэгч нарын мөнгөнөөс төлж барагдуулсан. М.Бы хувьд хохирол барагдсан боловч тэр мөнгө нь мөн л хууль бус мөнгө учир энэ үйлдлийг Ц.Өын үйлдсэн гэмт хэрэгт давхардуулан зүйлчлэх үндэслэлгүй юм. Шүүгдэгч Ц.Ө зээлдэгч нарын мөнгийг гэр бүлийнхнийхээ нэр дээр авсан, тухайн хүмүүсээс мэдүүлэг авахад “энэ мөнгийг би аваагүй, Ц.Ө авсан, гэхдээ мөнгийг төлж барагдуулна” гэж мэдүүлдэг. Үүний дагуу тэдгээр хүмүүсээс зээлүүд тодорхой хэмжээгээр төлөгдсөн. Прокуророос зөвхөн “Н ББСБ” ХХК-иас гарсан мөнгийг хохиролд тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Ө нь “Н ББСБ” ХХК2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс зээлийн мэргэжилтнээр, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эрсдэлийн газрын мэргэжилтнээр тус тус ажиллахдаа:

1. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х.Дгийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1.000.000 төгрөг завшсан болох нь:

- хохирогч Х.Дгийн “...Өчигдөр 13 цагийн орчим үл таних дугаараас “Зээлийн төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлнө үү, Нэт капитал” гэсэн мессеж миний гар утсанд ирсэн. Тэгэхээр нь би тухайн дугаар руу залгаж “надад ийм мессеж ирсэн байна, ямар учиртай юм бэ” гэж тодруулахад “таны нэр дээр зээлийн данс үүсгэж, 1.000.000 төгрөгийн зээл авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танайхаас зээл аваагүй, танайхтай холбоогүй байдаг” гэж хэлэхэд “Сүхбаатар дүүргийн салбар дээрээс зээл авсан байна” гэхээр нь би “эдийн засагч нь хэн бэ” гэж асуухад “Өсөхбаяр” гэж хэлэхээр нь “манай найз байна” гэж хэлсэн. “Өсөхбаяр нь одоо ажиллаж байгаа юу” гэж асуухад “ажлаасаа гарсан” гэхээр нь би “өөрийн биеэр салбар дээр нь очиж уулзъя” гэж хэлээд салбар дээр очиж захиралтай нь уулзахад “2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр таны цахим үнэмлэх болон Худалдаа хөгжлийн банкны дансыг ашиглан зээлийн гэрээ байгуулсан байна” гэж хэлсэн. Би “Нэт капитал ББСБ” ХХК-иас зээл авч байгаагүй, өмнө миний утсанд “2 удаа төлбөр төлнө үү” гэсэн мессеж ирж байсан. Тэр үед Өсөхбаяртай холбогдож “энэ юун мессеж ирж байгаа талаар” асуухад “миний гар утасны төлбөр байгаа юм, чиний дугаарыг давхар бүртгүүлсэн юм” гэж хэлж байсан. 2018 оны намар шиг санаж байна. Би зээл авах гэж байсан бөгөөд Ц.Өтай холбогдож өөрийнхөө холбогдох мэдээллийг өгөөд зээл авах боломжтой эсэхийг судлуулж байсан боловч тэр зээл бүтээгүй. Дараа нь надтай холбогдож “Most money” үйлчилгээнд өөр дээрээ бүртгүүлж ашиглаж байх хэрэгтэй байна, Худалдаа хөгжлийн дансны дугаараа өгчих” гэхээр нь өгч байсан. Он, сарыг нь сайн санахгүй байна. Өсөхбаяр над руу яриад “нууц код очно, тэрийг нь надад өгчих” гэж хэлж байсан юм. ...” /1хх 64-65/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...би Даваахүүгийн дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нь авч тэдгээрийг ашиглан “Нэт капитал ББСБ” ХХК-иас 1.000.000 төгрөгийг Х.Дгийн нэр дээр авсан. Энэхүү зээлийг би буцаагаад төлж байгаа, хараахан төлөгдөж дуусаагүй байгаа. Миний бодлоор 1.100.000 төгрөгийн үлдэгдэл байгаа байх. Энэхүү зээлийг Х.Дгийн нэр дээр утасны дугаараар нь холбосон дансанд олгосон. Энэ мөнгийг би өөрөө өөрийн данс руу шилжүүлэн авсан. Би энэ талаар Х.Дд хэлсэн бөгөөд энэ зээл нь миний авсан зээл, төлж байгаа, төлж барагдуулна, сар сардаа төлөлтийг хийгээд хаалгах үедээ зээлээ хаалгаад байдаг байсан. ...” /1хх 70-72/ гэсэн мэдүүлгүүд,

- 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 307200924 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 194/,

- хохирогч Х.Дгийн кредит дансны хуулга /2хх 69-72/,

2. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Мийн нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1.000.000 төгрөг завшсан болох нь:

- гэрч Г.Мийн “... Би яг энэ зээл гарах үед энэ талаар мэдээгүй байсан. 2020 оны зун Ц.Өаас өөрөөс нь “тус байгууллагаас миний нэр дээр 1.000.000 төгрөгийн барьцаа хөрөнгөгүй зээл гарсан. Би төлөлтийг нь өөрөө хийж байгаа, би өөрөө төлж барагдуулна” гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед тоогоогүй өнгөрсөн. Тэгэхдээ одоог хүртэл төлөлт нь хийгдэж дуусаагүй байгаа юм шиг байсан. Би тухайн мөнгөнөөс огт авч ашиглаж байгаагүй. Би гарын үсгээ зурахдаа өөрийн нэрийг бичдэг бөгөөд ямар нэгэн байдлаар үл оношлогдох гарын үсэг зурдаггүй. Ц.Ө нь 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан асуудал байхгүй, одоог хүртэл төлөлт нь хийж дуусаагүй байгаа юм шиг байна лээ” /3хх 190/

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...найз Мижиддорж нь 1.000.000 төгрөгийн зээлийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авч байсан бөгөөд аль хэзээний зээлийн эрхтэй данс Мижиддоржийн нэр дээр нээгдсэн байсан. Энэ зээлийг Мижиддорж өөрөө ашиглаад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн байсан бөгөөд түүнээс хойш би Мижиддоржид мэдэгдсэний үндсэн дээр кредит зээлийг нь ашиглах болсон. Одоо энэхүү зээлийн төлөлтийг би хийх ёстой. Одоогийн байдлаар уг зээл хаагдаагүй үлдэгдэлтэй байгаа. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

- 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 307201213 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 168/,

- Г.Мийн кредит дансны хуулга /2хх 64-66/,

3. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр П.Мын нэр, дансыг ашиглан зээлийн баримт бүрдүүлэн 1.000.000 төгрөг завшсан болох нь:

- гэрч П.Мын “...Ц.Ө нь 2019 оны 12 дугаар сарын дундуур над руу залгаад “надад мөнгөний хэрэг гараад чиний нэр дээр барьцаа хөрөнгөгүй 1.000.000 төгрөгийн зээл гаргуулаад авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд мэдсэн бөгөөд надаас урьдчилж зөвшөөрөл авсан асуудал байхгүй. Энэ зээл нь 2020 оны 9 дүгээр сард төлөгдөж дууссан байгаа. Би тухайн мөнгөнөөс огт авч ашиглаагүй” /Зхх 192/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...найз Мөнхболдын нэр дээр барьцаа хөрөнгөгүй 1.000.000 төгрөгийн кредит зээл гаргуулан авч өөрийн данс руу шилжүүлсэн. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 307201212 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 179/,

- П.Мын кредит дансны хуулга /1хх 180-181/,

4. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр М.Оын нэр, дансыг ашиглан түүний нэр дээр зээлийн баримт бүрдүүлэн "Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг завшсан болох нь:

- гэрч М.Оын “...Би Ц.Өын оюутан ангийн найз юм. Би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Нэт капитал" ББСБ-д зээл байгаа эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг “Метро малл”-ын эсрэг талын салбар дээр нь өгч, 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн салбар дээрээс салбарын даргатай нь уулзаж хариуг сонсоход 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр таны нэр дээр 1.000.000 төгрөгийн зээлийг гаргасан байсан. Энэ мөнгө нь шууд Өсөхбаярын данс руу орсон байна лээ. Өсөхбаяр надад огт хэлж байгаагүй. ...” /1хх 132/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “... Би Оюунбатын нэр дээр 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгөгүй 1.000.000 төгрөгийн зээлийг гаргуулж авсан. Энэхүү зээлийг гаргахдаа тухайн салбарын ахлах, захирлын шийдвэрээр гаргадаг бөгөөд М.Оын дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг материалыг ашиглаж гаргуулсан” /1хх 132/ гэсэн мэдүүлгүүд,

- 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 307201238 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 198/,

- М.Оын депозит дансны хуулга /2хх 38/,

- М.Оын кредит дансны хуулга /2хх 62-63/,

5. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн эх Ж.Бын нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг завшсан болох нь:

- хохирогч Ж.Бын “...Миний хүү Өсөхбаяр таны нэр дээр барьцаа хөрөнгөгүйгээр 1.000.000 төгрөгийн зээл авмаар байна гэж 2020 оны 3 дугаар сард хэлж байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн бичиг баримтаа Өсөхбаярт өгөөд явуулсан. Одоо энэхүү зээл огт төлөгдөөгүй байгаа. ...” /3хх 205/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...Ээж Бямбахандын нэр дээр барьцаагүй 1.000.000 төгрөгийн зээлийг би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аваад одоо төлөөд явж байгаа боловч хаагдаагүй. Одоо хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа талаар мэдэхгүй. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

- 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 307201250 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 147/,

- Ж.Бын депозит дансны хуулга /1хх 148/,

- Ж.Бын кредит дансны хуулга /2хх 73/,

6. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн эгч Ц.Бийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг завшсан болох нь:

- гэрч Ц.Бийн “...Миний бие Өсөхбаярын төрсөн эгч. Өсөхбаяр нь мөнгөний хэрэг байна, таны нэр дээр “Н ББСБ” ХХК-иас зээл авчихъя гэдэг зүйлийг ярьж байсан бөгөөд би тухайн үедээ ямар нэгэн байдлаар зөвшөөрөөгүй. Гэтэл дараа нь зээл авсан талаар миний утсанд мессеж ирснээр мэдсэн. Тэр гэрээ гэх зүйлийг огт хараагүй. Нийт 1.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Уг зээлийг би төлж барагдуулж байгаа. Өсөхбаярын авсан зээлээс мөнгө огт аваагүй”  /4хх 5/,

- 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 307201248 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 158/,

- Ц.Бийн депозит дансны хуулга /2хх 42/,

- Ц.Бийн кредит дансны хуулга /2хх 61/,

7. 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн эцэг Д.Цийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг завшсан болох нь:

- гэрч Д.Цийн “...1.000.000 төгрөгийн асуудлыг “Нэт капитал ББСБ” ХХК-ийн хүмүүсээс 2020 оны 6 дугаар сард шиг санаж байна. Тэгэхэд “Нэт капитал ББСБ” ХХК-иас намайг дуудахаар нь очоод уулзахад “танай хүү Өсөхбаяр энэ байгууллагад ажиллах хугацаандаа таны нэр дээр барьцаа хөрөнгөгүй 1.000.000 төгрөг авсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би энэ талаар мэдсэн. Манай хүү Өсөхбаяр надад энэ талаар хэлээгүй. ...” /3хх 200/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...мөн өдөр аавын нэр дээр барьцаа хөрөнгөгүй 1.000.000 төгрөгийн кредит зээл гарган авч тус мөнгийг өөрийн данс руу шилжүүлсэн. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

- 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 307200522 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 150/,

-2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 307201254 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 161/,

- Д.Цийн депозит дансны хуулга /2хх 43/,

- Д.Цийн кредит дансны хуулга /2хх 59/,

8. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ах Ж.Цийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 1.000.000 төгрөг завшсан болох нь:

- гэрч Ж.Цийн “...Ц.Ө нь миний эхнэр Батцэцэгийн төрсөн дүү. Өсөхбаяр нь миний нэр дээр “Н ББСБ” ХХК-иас зээл авчихсан байсан. Энэ талаар би мэдээгүй байж байгаад 2020 оны 6 дугаар сарын орчимд миний утас руу мессеж ирснээр мэдсэн. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Өсөхбаяр над руу залгаж “ахаа таны утсанд мессеж ирнэ, уг мессежид 6 оронтой тоо ирнэ, тэрийг над руу явуул” гэж хэлсний дагуу би уг мессежээр ирсэн кодыг Өсөхбаяр руу явуулсан, одоо бодоход уг тоо нь зээлийн эрх байсан гэж ойлгосон. Миний нэр дээр зээл авсан гэдгийг мэдээгүй учир би авах боломжгүй” /4хх 2/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...хүргэн ах Цэрэндоржийн нэр дээр барьцаа хөрөнгөгүйгээр авсан 1.000.000 төгрөгийн зээлийг би 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр авсан бөгөөд энэхүү зээлийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.350.000 төгрөгийг төлж хаасан. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

- Ж.Цийн депозит дансны хуулга /2хх 41/,

- Ж.Цийн кредит дансны хуулга /2хх 67/,

9. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр найз Т.Эгийн нэр, бичиг баримт, дансыг ашиглан түүний нэрээр зээлийн баримт бүрдүүлэн “Нэт капитал мобайл” ХХК-иас 800.000 төгрөг завшсан болох нь:

- гэрч Т.Эгийн “...Өсөхбаяр миний 10 жилийн нэг ангийн хүүхэд. Өсөхбаяр нэг өдөр над руу иргэний үнэмлэхний зургаа явуулчих гэж хэлсэн, би зургаа явуулаад яах гэж байгаа юм бэ гэж хэлтэл зүгээрээ санаа зоволтгүй гэж хэлсэн. Үүний дараа миний нэр дээр “Н ББСБ” ХХК-иас зээл авчихсан байсан, энэ талаар би мэдээгүй байж байгаад надад Өсөхбаяр өөрөө “1 сая орчим төгрөгийн зээл авсан” гэж хэлсэн, мөн миний 80144400 дугаар руу “таны зээлийн төлөлтийн хугацаа боллоо, зээлээ төлнө үү” гэх мессеж ирдэг болсон. Одоо болтол зээлийн төлөлт гэсэн мессеж ирж байгаа. Би бодохдоо Өсөхбаяр миний нэр дээр зээл авсан учир өөрөө миний нэр дээр авсан зээлээ төлнө гэж бодож байна. Өсөхбаярын авсан зээлээс огт аваагүй. Миний нэр дээр зээл авсныг мэдээгүй учир би авах боломжгүй. ...” /4хх 66/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...найз Энхжингийн нэр дээр байсан “Тоёота элэнтра” загварын тээврийн хэрэгслийг 11.000.000 төгрөг, тухайн өдөр найзын нэр дээр барьцаа хөрөнгөгүй 800.000 төгрөгийн кредит зээл, нийтдээ 11.800.000 төгрөг гаргуулан авч өөрийн данс руу шилжүүлэн авсан. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

- 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 307201255 дугаартай Зээлийн эрхийн гэрээ /1хх 163/,

- Т.Эгийн депозит дансны хуулга /2хх 39/,

- Т.Эгийн кредит дансны хуулга /2хх 60/,

10. Төрсөн эх Ж.Бын өмчлөлийн “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-иас 6.000.000 төгрөг завшсан болох нь:

- хохирогч Ж.Бын “...Миний “Тоёота королла” загварын 1516 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан талаар би мэдэхгүй байна. 2020 оны 3 дугаар сарын орчим Өсөхбаяр надаас машиныхаа бичиг баримтыг өгчих гэж хэлээд 1 удаа аваад явсан асуудал байгаа. Би энэ зээлийн талаар 2020 оны 4 дүгээр сарын эхээр мэдсэн бөгөөд хүү Өсөхбаяр ингээд зээл гаргуулж авсан талаар надад хэлсэн. Одоо энэ 6.000.000 төгрөгийн зээлээс 900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдлийг төлж барагдуулна. ...” /3хх 205/,

- гэрч Б.Бямбасүрэнгийн “...2019 оны 3 дугаар сарын эхээр Өсөхбаяр надад ээжийн бие муудаад аав, ээжийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авахыг хүссэн. ...Эхлээд танилцуулахад шаардлага хангахаар бичиг баримтаа бүрдүүлж харуулсан, тэгээд зээл гаргаж болно гээд машины нэр шилжүүлэх бичгийг гаргаж өгсөн. Тэгээд машины нэр шилжсэн байгаа, шилжүүлсэн бичиг нь ээж, аав хоёрын машин дотор байгаа гэж байсан. Тухайн үед ээжийнхээ нэр дээр 6.000.000 төгрөг, аавынхаа нэр дээр 5.000.000 төгрөгийг авсан байх. ...” /3хх 170-171/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн ээж Бямбахандын нэр дээр бүртгэлтэй “Тоёота королла” загварын 1516 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр өөрийн ажилладаг “Нэт капитал ББСБ” ХХК-д барьцаанд тавьж 6.000.000 төгрөгийн зээлийг, мөн тухайн өдөр ээжийн нэр дээр барьцаа хөрөнгөгүй, 1.000.000 төгрөгийн кредит зээлийг, нийтдээ 7.000.000 төгрөгийн зээлийг гаргуулан авсан. Энэ мөнгийг ээж Бямбахандын дансаар гаргуулан авч тэр даруйд нь өөрийн данс руу шилжүүлсэн. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

- Ж.Бын депозит дансны хуулга /1хх 148/,

- 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 207200642 дугаартай Зээлийн гэрээ /1хх 201-203/,

- 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 207200642 дугаартай Фидуцийн гэрээ /1хх 204-206/,

- Ж.Бын зээлийн дансны хуулга /1хх 212/,

- Ж.Бын депозит дансны хуулга /1хх 213/,

11. Төрсөн эцэг Д.Цийн эзэмшлийн “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх гэрээг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хууль бусаар байгуулж “Нэт капитал авто” ХХК-иас 5.000.000 төгрөг завшсан болох нь:

- гэрч Д.Цийн “...“Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгсэл нь 8308 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ тээврийн хэрэгсэл нь одоо миний хамтран амьдарч байгаа эхнэр Даш-Очир овогтой Долгорсүрэн гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би энэ тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан талаар огт мэдэхгүй. “Нэт капитал ББСБ” ХХК-иас над руу холбогдохдоо энэ талаар яриагүй. Тэгэхээр энэ тээврийн хэрэгслийг барьцаанд тавиагүй гэж бодож байна. ...” /3хх 200/,

- гэрч Б.Бямбасүрэнгийн “...2019 оны 3 дугаар сарын эхээр Өсөхбаяр надад ээжийн бие муудаад аав, ээжийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авахыг хүссэн. ...Эхлээд танилцуулахад шаардлага хангахаар бичиг баримтаа бүрдүүлж харуулсан, тэгээд зээл гаргаж болно гээд машины нэр шилжүүлэх бичгийг гаргаж өгсөн. Тэгээд машины нэр шилжсэн байгаа, шилжүүлсэн бичиг нь ээж, аав хоёрын машин дотор байгаа гэж байсан. Тухайн үед ээжийнхээ нэр дээр 6.000.000 төгрөг, аавынхаа нэр дээр 5.000.000 төгрөгийг авсан байх. ...” /3хх 170-171,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...түүний дараа аав Цэндийн нэр дээр байсан “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан “Нэт капитал ББСБ” ХХК-иас 5.000.000 төгрөгийг ... гарган авч, өөрийн данс руу шилжүүлсэн. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

12. З.Мд автомашины зээлийн төлбөрийг гаргасан баримт материал бүрдүүлэн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Н ББСБ” ХХК-иас 69.800.000 төгрөг завшсан болох нь:

- хохирогч З.Мы “...Би өөрөө Япон улсаас машин оруулж ирж борлуулдаг. Борлуулах хугацаандаа “Нэт капитал ББСБ” ХХК-иас холбогдоод хамтран ажиллаад ойролцоогоор 2-3 жилийн хугацаа өнгөрч байна. Сүүлд би 3 ширхэг машиныг “Нэт капитал”-аар дамжуулж худалдаж борлуулсан. 30.000.000 төгрөгийн үнэтэй “Тоёота харриер”, 24.000.000 төгрөгийн үнэлгээтэй "Тоёота клюгер”, 15.800.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулсан. Эхлээд машиныг худалдаж авч буй иргэд “Нэт капитал”-тай очиж уулзаад зээлээ судлуулаад зээлийн шаардлагыг хангасан тохиолдолд “Нэт капитал ББСБ” ХХК бичиг хийж өгдөг. Тус бичгээр иргэн надаас автомашинаа авахдаа тус машины үнийн дүнгийн 30 хувийг миний өөрийн данс руу шилжүүлж, дараа нь би өөрөө 70 хувийг “Нэт капитал”-аас авдаг юм. Би эхэлж авсан 30 хувиа түрүүлж шилжүүлээд буцааж 100 хувь мөнгийг хамт авсаар өдий хүрсэн. Гэтэл тус “Нэт капитал ББСБ” ХХК-ийн Сүхбаатар салбарын ажилтан Ц.Ө нь надаас тус 3 автомашины 30 хувь болох 21.940.000 төгрөгийг 3 хувааж “Most money” үйлчилгээгээр 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 99975903 дугаараар 8.934.000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 99269980 дугаараар 7.946.000 төгрөгийг, 99692912 дугаараар 5.740.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч энэ авсан үнийн дүнгийн 30 хувь болон үлдэгдэл 70 хувийг буцааж өгөлгүй залилсан. Тэгээд мөнгө орж ирэхгүй байна гээд “Нэт капитал” руу залгаж асуухад “орсон байх ёстой, ямар сонин юм бэ, би шалгаад үзье” гэж хэлсэн. Шалгачхаад “мөнгийг чинь Ц.Ө дандаа өөрийнхөө дансаар аваад хэрэглэчихсэн байна” гэж хэлсэн. ...” /1хх 85/,

- гэрч.М.Одбаатарын “...Салбарын захирлын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, барьцаа байлгаж зээл олгох ёстой байсан 44.000.000 төгрөгийн зээлийг ямар нэгэн барьцаа хөрөнгө байршуулаагүй байхад олгосон. Ямар нэгэн салбарын захирлын зөвшөөрөлгүйгээр өөрийн холбоо хамаарал, хань харилцаа бүхий хүмүүсийн нэр дээр өөрөө данс нээж 1.000.000 төгрөгийн лимитээр 6 удаа, нийтдээ 6.000.000 төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөгүй зээлүүлсэн. Байгууллагатай хамтран ажиллаж байсан ченж болох Мөнхсайханаас авсан “Тоёота харриер” загварын 30.000.000 төгрөг, “Тоёота приус 30” загварын 15.800.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг автомашины урьдчилгаа 30 хувь болох 21.940.000 төгрөгийг Мөнхсайханаас худал хэлэн өөрийн холбоо хамааралтай хүний данс руу шилжүүлэн авч, Мөнхсайханд байгууллагаас өгөх ёстой үлдэгдэл 70 хувь болох 69.800.000 төгрөгийг байгууллагын “Most money” үйлчилгээг ашиглан мөн өөрийнхөө хамаарал бүхий хүний данс руу шилжүүлэн авсан байна. Ажлаас гарсан гэх 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын хөрөнгө болох нөүтбүүкийг 19 цагийн орчим хүлээлгэж өгөхөөс өмнө тухайн өдрийнхөө 18 цаг 56 минутад сүүлийн гүйлгээ болох Мөнхсайханд өгөх ёстой байсан 9.555.000 төгрөгийн гүйлгээг өөрийн ах Нямбаярын данс руу шилжүүлээд ажлаас гарсан байсан. ...” /1хх 92-93/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд Мөнхсайханы худалдан борлуулж буй “Тоёота харриер”, “Тоёота клюгер”, “Тоёота приус 30” загварын 3 тээврийн хэрэгслийн урьдчилгаа мөнгө болох 21.940.000 төгрөгийг, Мөнхсайханаас үлдэгдэл 70 хувь болох 69.800.000 төгрөгийн 47.680.000 төгрөгийг “Нэт капитал ББСБ” ХХК-иас би өөрийн болон өөрийн төрсөн ах Нямбаярын дансаар шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. ...” /1хх 99-103/ гэсэн мэдүүлгүүд,

- шүүгдэгч Ц.Өын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 164-250, 3хх 1-17/,

- шүүгдэгч Ц.Өын Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /3хх 18-42/,

13. Ц.Рд зээлээр автомашин худалдан борлуулсны төлбөрт шилжүүлэх 12.500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хооронд “Н ББСБ” ХХК-ийн данснаас төрсөн ах Ц.Нын 207200650 тоот депозит данс руу шилжүүлэн авч завшсан болох нь:

- гэрч Ц.Ргийн “..2020 оны 4 дүгээр сард Өсөхбаяр “Нэт капитал ББСБ” ХХК-иас төлөөлөн оролцож миний “Тоёота тоун айс” загварын цагаан өнгийн хагас ачааны машиныг 12.500.000 төгрөгөөр бодож Эрдэнэбат гэх хүнд зарсан. Гэтэл “Нэт капитал ББСБ” ХХК-иас миний данс руу 12.500.000 төгрөг орж ирээгүй бөгөөд энэ талаар “Нэт капитал ББСБ” ХХК-иас асууж лавлахад тухайн компанийн эдийн засагч Ц.Ө залилан хийсэн гэж надад тайлбарласан. Одоо худалдан авагч Эрдэнэбат машинаа авчихсан, “Нэт капитал ББСБ” ХХК-иас Эрдэнэбат зээлээ гаргуулаад авчихсан, ганцхан би ямар нэгэн мөнгө гаргуулж авалгүй хохироод байна” /4хх 10/,

- гэрч Н.Эрдэнэбаатарын “...Миний бие 2020 оны 4 дүгээр сард Рагчаа гэх машины ченжээс “Вайт айс” нэртэй хагас ачааны машиныг 12.500.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд миний бие 5.000.000 төгрөгөө бэлнээр нь өөрөөсөө өгч, үлдсэн 7.500.000 төгрөгийг “Нэт капитал ББСБ” ХХК-иас зээлж аваад Рагчаад өгсөн. “Нэт капитал ББСБ” ХХК-ийг төлөөлж зээлийн гэрээг Нямгаржав нэртэй эмэгтэй байгуулсан. Зээлээ төлж байх хугацаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс намайг дуудаж “таны 7.500.000 төгрөгийг “Нэт капитал” таны нэр дээр Худалдаа хөгжлийн банкны 407202732 тоот дансыг нээж танд 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн байна.” гэж хэлсэн. Би шүүх хурал дээр “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Үүний дараа уг дансыг шалгуулахад “Гигант брос” ХХК-ийн нэр дээр байдаг данс болж таарсан бөгөөд “Нэт капитал ББСБ” ХХК-иас Рагчаа руу 7.500.000 төгрөгийг шилжүүлээгүй байсан. Миний эзэмшлийн данс руу шилжүүлээгүй бөгөөд би тухайн үедээ Рагчаад өгчихсөн болов уу гэж бодож байтал үгүй болж таарсан. Миний бие уг зээлийг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр бүрэн төлж дуусгасан” /4хх 63/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...Рагчаагийн 1 ширхэг “Тоёота айс” загварын машиныг 12.500.000 төгрөгөөр зарах байсныг худалдан авагч тал нь зээлийн нөхцөлөөр худалдан авах санал гаргасны дагуу машины урьдчилгаа 30 хувь болох 5.227.000 төгрөгийг Рагчаагаас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Хаан банкны 5750474684 дугаарын дансаар хүлээн авсан. Рагчаагийн машины үлдэгдэл 70 хувь болох 7.274.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Нэт капитал ББСБ” ХХК-ийн дундын данснаас ах Нямбаярын 207200650 тоот депозит данс руу шилжүүлэн авч тухайн данснаас хэсэгчлэн өөрийн Хаан банкны 5750474684 тоот данс руу шилжүүлэн авсан. ...” /1хх 104-110/ гэсэн мэдүүлгүүд,

- Ц.Нын депозит дансны хуулга /3хх 61/,

14. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд “Н ББСБ” ХХК-ийн 1007102707140001, 200710270740001 тоот данснаас тус банк бус санхүүгийн байгууллагад данс эзэмшигч М.Бы 106206328 тоот данс руу 7 удаагийн гүйлгээ хийн буцаан авах байдлаар 59.800.000 төгрөг завшсан болох нь:

- хохирогч Б.Энхбилэгийн “...Батсайхан гэх хүн “Да хүрээ” зах дээр машин борлуулдаг бөгөөд 2018 оноос эхлэн худалдан авагч нарт өөрийн машинаа зарахаар бол манай “Нэт капитал финанс”, “Нэт капитал авто” ББСБ-д урьдчилгаа төлбөрөө төлсөн тохиолдолд байгууллага дээр машинаа барьцаалан зээл авч, харин манай байгууллага нь Батсайханд машиных нь төлбөрийг төлдөг байсан юм. Тэгтэл 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 3 дугаар сарын 9-ний өдрийн хооронд “Н ББСБ” ХХК-ийн 1007102707140001 тоот данснаас М.Бы 106206328 тоот данс руу 10 сая төгрөг, “Нэт капитал авто” ББСБ-ын 200710270740001 тоот данснаас мөн Батсайханы данс руу 49.800.000 төгрөг шилжин орсон байсан. 106206328 тоот данс нь манай байгууллагын дотоод данс бөгөөд манайх Батсайхантай хамтарч ажилладаг байсан тул уг дансыг нээж өгсөн бөгөөд энэ данс руу нь машины төлбөрийг нь шилжүүлдэг байсан юм. Тэгээд юун гарах ёсгүй мөнгө компанийн данснаас гарчихваа гэсэн чинь Өсөхбаяр гэх Эрсдэлийн газрын мэргэжилтэн салбар хариуцсан захирал Бямбасүрэнд зээлийн гэрээ хийж, нийт 59.800.000 төгрөгийг зээлэх гэсэн юм, аав ээжийн бие муу гэж хэлэн батлуулж, уг мөнгөө Батсайханы данс руу шилжүүлсэн байсан. Тэр гэрээ нь гэхдээ гарын үсэггүй байсан. Өсөхбаяраас юун мөнгө Батсайханд компанийн данснаас шилжүүлсэн юм гэхээр би өглөгтэй юмаа, тэгээд шилжүүлчихсэн юм, би өөрөө төлнө гэж хэлээд өөр зүйл хэлээгүй. ...” /3хх 122-123/,

- шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...Би М.Б гэх хүнийг 2019 оноос “Нэт капитал ББСБ” ХХК-д ажиллах болсон цагаасаа эхэлж танина. Батсайхан нь машины ченж бөгөөд манай банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Би энэ үед буюу 2020 оны эхээр ченж М.Баас автомашины урьдчилгаа төлбөр болох 50 гаруй сая төгрөгийг урьдчилгаа гэж хэлж авсан байсан. Яг хэдэн төгрөгийг авсан талаараа нарийн сайн мэдэхгүй байна. Дансны хуулгаа хараад хэлж өгөх боломжтой. Ингээд Батсайханаас авсан 59.000.000 орчим төгрөгийг удаа дараагийн үйлдлээр “IQ option” гэх аппликейшнээр дамжуулан арилжаанд оруулаад алдчихсан. Иймд Батсайханд автомашины урьдчилгаа болох мөнгийг буцаан өгөх хэрэгцээ шаардлага үүссэн. Учир нь, би энэхүү 59.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан бөгөөд Батсайханд үлдсэн 70 хувь төгрөгийг яаралтай буцааж өгөх шаардлага тулгарсан тул би өөрийн ойр дотны гэсэн хүмүүсээс тусламж гуйгаад барьцаа хөрөнгө шаарддаг зээлээс 5 тээврийн хэрэгслийг барьцаалж, барьцаа хөрөнгө шаарддаггүй 1.000.000 төгрөгийн зээлээс 9 хүнд зээл гаргуулж аван 59.000.000 төгрөгийг гүйцээгээд тухайн мөнгийг “Нэт капитал ББСБ” ХХК-ийн дансанд шилжүүлж тухайн М.Б ченжтэй тохиролцсон тохиролцоо ёсоор асуудалгүй мөнгө шилжсэн. Иймд одоо Батсайхан ченжтэй ямар нэгэн мөнгөний өглөг авлага байхгүй. Яг энэ хүмүүсийн нэр дээр гаргаж өгсөн 5 машины болон барьцаа хөрөнгөгүй 9 хэрэглэгчийн зээлийн асуудал нь шалгагдаад явж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дээрх барьцаа хөрөнгө шаарддаг, машин барьцаалсан зээлүүдээс 2 автомашины зээлийн асуудал үлдсэн, 9.000.000 төгрөгийн кредит зээлээс 5 хүний зээлийн төлөлтийг хийх үлдсэн” /3хх 157/,

- гэрч М.Бы “...Иргэд бэлэн мөнгө байхгүй учир автомашин худалдаж авахдаа банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдаж авахыг эрмэлздэг. Би дээрх зарчмаар 2020 оны 1, 2 дугаар ард санагдаж байна. 73.500.000 төгрөгийн үнэ бүхий 3 автомашиныг тус банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж 3 иргэнд худалдаалсан. Тус 3 машины 30 хувь төлбөрүүдийг тухайн худалдаж авч байгаа иргэдээс авах ёстой байсан боловч тухайн иргэдийн 2 нь урьдчилгаа мөнгө байхгүй надад хуучин унаж байсан машинаа өгсөн тул би тухайн машиныг нь зарж борлуулаад “Нэт капитал ББСБ” ХХК-д 30 хувь төлбөрүүдийг нь гүйцээж өгсөн. Үүний дараа “Нэт капитал ББСБ” ХХК-иас урьдчилгаа 30 хувь болон үлдэгдэл 70 хувиа авах ёстой хугацаа болсон боловч миний мөнгийг шилжүүлээгүй удаж байгаад гэнэт хоёр хоёр сая төгрөгөөр нийт 4 сая төгрөг орж ирсэн. Тэгээд би яахаараа ийм том байгууллага ийм бага хэмжээтэй мөнгө хийсэн талаар гайхаад 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “Нэт капитал ББСБ” ХХК-ийн зээлийн эдийн засагч Ц.Ө гэх залуутай шууд очиж уулзсан. Тэгэхэд Ц.Ө нь “таны 3 машины мөнгийг би таньруу шилжүүлж чадаагүй, хувьдаа ашиглачихсан юм аа” гэж хэлсэн тул би шууд Өсөхбаярыг хариуцсан захирал Бямбасүрэн рүү нь дагуулж очиж уулзсан. Бямбасүрэн захирал Өсөхбаярын мөнгө шилжүүлээгүй асуудлыг шалгаад мөнгө шилжүүлээгүй байдлыг тогтоогоод “Өсөхбаяр шилжүүлээгүй нь үнэн байна” гэж хэлээд Өсөхбаяраас “энэ хүний төлбөрийг өнөөдрийн дотор гаргаж өгч чадах уу“ гэж асуухад Өсөхбаяр “би гаргаж өгч чадна” гэж хариулсан. Тэгэхээр нь захирал Бямбасүрэн нь тийм бол мөнгийг нь гаргаж өгнө гээд баталгаа бичээд энэ хүнд өг” гэж хэлж надад баталгаа бичүүлж өгсөн. Өсөхбаяр нь баталгаан дээрээ “М.Бы мөнгийг өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 18 цагаас өмнө бүрэн гаргаж депозит дансанд байршуулна” гэж бичсэн. Өсөхбаяр нь миний 3 машины төлбөр болох 73.500.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар 100 хувь төлж барагдуулсан байгаа. ... Энэ Өсөхбаяраас шилжүүлсэн мөнгөнүүд нь миний өөрийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж зарж борлуулсан 3 тээврийн хэрэгслийн төлбөр болно. Би тус банк бус санхүүгийн байгууллагаас 73.500.000 төгрөг авах ёстой байсан үүнийгээ авсан. Тухайн банк бус санхүүгийн байгууллагаас яагаад 59.800.000 төгрөгийн асуудал гаргаж ярьсан талаар би мэдэхгүй. ...” /3хх 173-176/ гэсэн мэдүүлгүүд,

- М.Бы депозит дансны хуулга /3хх 131/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Ө ...надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Ц.Өын өмгөөлөгч Д.Чинзориг ... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн ... гэсэн,

хохирогч, иргэний нэхэмжлэгч З.М ... Надад шүүх хурлын товыг огт мэдэгдээгүй ба миний бие анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасны хувьд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Мөн хохирогч миний хохирлын асуудлыг шийдвэрлэж өгөөгүйд маш их гомдолтой байна. ... гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Н ББСБ” ХХК, "Нэт капитал мобайл” ХХК, “Нэт капитал авто” ХХК-иуд нь хоорондоо хамаарал бүхий болох нь хуулийн этгээдийг /хувьцаа эзэмшигч/ үүсгэн байгуулсан баримтуудаар болон хохирогчийн төлөөлөгч Б.Энхбилэгийн /3хх 122/ мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Өын “Н ББСБ” ХХК-д зээлийн болон эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа бусдын нэр, дансыг ашиглан хуурамчаар зээлийн гэрээ байгуулан мөнгийг өөрийн дансруу шилжүүлэн, бусдад шилжүүлэх мөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансруу шилжүүлэн дараа нь буцаан тус тус авч, 161.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд анхан шатны шүүхээс Ц.Өыг хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Өыг хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Өыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед З.Мыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх бөгөөд тэрээр “... Борлуулах хугацаандаа “Нэт капитал ББСБ” ХХК-иас холбогдоод хамтран ажиллаад ойролцоогоор 2-3 жилийн хугацаа өнгөрч байна. Сүүлд би 3 ширхэг машиныг “Нэт капитал”-аар дамжуулж худалдаж борлуулсан. 30.000.000 төгрөгийн үнэтэй “Тоёота харриер”, 24.000.000 төгрөгийн үнэлгээтэй "Тоёота клюгер”, 15.800.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулсан. Эхлээд машиныг худалдаж авч буй иргэд “Нэт капитал”-тай очиж уулзаад зээлээ судлуулаад зээлийн шаардлагыг хангасан тохиолдолд “Нэт капитал ББСБ” ХХК бичиг хийж өгдөг. Тус бичгээр иргэн надаас автомашинаа авахдаа тус машины үнийн дүнгийн 30 хувийг миний өөрийн данс руу шилжүүлж, дараа нь би өөрөө 70 хувийг “Нэт капитал”-аас авдаг юм. Би эхэлж авсан 30 хувиа түрүүлж шилжүүлээд буцааж 100 хувь мөнгийг хамт авсаар өдий хүрсэн. Гэтэл тус “Нэт капитал ББСБ” ХХК-ийн Сүхбаатар салбарын ажилтан Ц.Ө нь надаас тус 3 автомашины 30 хувь болох 21.940.000 төгрөгийг 3 хувааж “Most money” үйлчилгээгээр 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 99975903 дугаараар 8.934.000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 99269980 дугаараар 7.946.000 төгрөгийг, 99692912 дугаараар 5.740.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч энэ авсан үнийн дүнгийн 30 хувь болон үлдэгдэл 70 хувийг буцааж өгөлгүй залилсан. Тэгээд мөнгө орж ирэхгүй байна гээд “Нэт капитал” руу залгаж асуухад “орсон байх ёстой, ямар сонин юм бэ, би шалгаад үзье” гэж хэлсэн. Шалгачхаад “мөнгийг чинь Ц.Ө дандаа өөрийнхөө дансаар аваад хэрэглэчихсэн байна” гэж хэлсэн. ...” /1хх 85/ гэсэн мэдүүлэг өгчээ.

Мөрдөн шалгах ажииллагааны явцад З.Мыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх боловч хэргийн бодит байдлыг тогтоох явцад шүүгдэгч Ц.Өыг хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд хохирогчоор “Н ББСБ” ХХК-ийг тогтоожээ.

Шүүгдэгч Ц.Ө нь “Н ББСБ” ХХК-д зээлийн болон эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус байгууллагаас З.Мд шилжүүлэх ёстой 69.800.000 төгрөгийг хамаарал бүхий хүний дансаар шилжүүлэн авсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул энэ хэрэгт З.Мы хохирсон эсэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин З.М нь 69.800.000 төгрөгийн асуудлаа хариуцвал зохих этгээдийг тодорхойлон иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ө нь нийт учруулсан 161.900.000 төгрөгийн хохирлоос 57.758.710 төгрөгийг төлж барагдуулсан гэж дүгнэснийг хэрэгт авагдсан гэрч М.Бы мэдүүлгийг үндэслэн 59.800.000 төгрөг төлж барагдуулснаар тооцон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  4 дэх заалтад 104.231.290 төгрөг гаргуулахаар заасныг 102.100.000 төгрөг болгон өөрчлөв.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед шүүгдэгч Ц.Өын зүгээс хохирол төлбөрт 48.204.217 төгрөг төлсөн талаарх баримтыг хохирогч “Н ББСБ” ХХК-ийн зүгээс гаргаж өгснийг хүлээн авч, уг хэмжээний хохирол төлөгдсөнийг дурдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед ямар хэмжээний хохирол төлөгдөж, ямар хэмжээний үлдэгдэлтэй байгаа дээр тооцоо нийлсэн баримтгүй байх бөгөөд хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийн хүрээнд үлдэгдэл хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогч, шүүгдэгч нар нь хохирлын хэмжээ, төлөгдсөн хохирлын үнийн дүн дээр маргаангүй байгаа талаар тайлбарласан болно.

Шүүгдэгчийн зүгээс хохирол төлсөн байдлаа баримтаар нотолсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед ч нийт хохирлын дүнгээс хасч тооцуулах асуудал нээлттэй болохыг мөн дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Өын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/389 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өаас 104.231.290 төгрөгийг гаргуулж хохирогч “Н ББСБ” ХХК-д даруй олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өаас 102.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Н ББСБ” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч Ц.Өаас хохирлын төлбөрт 48.204.217 төгрөгийг хохирогч “Н ББСБ” ХХК-д төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдсон нэр бүхий этгээдүүд нь хохирлын асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР