Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00759

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 06 дугаар багийн 35-07 тоотод оршин суух Ч.Б холбогдох

Төлбөрийн үлдэгдэл 136.500 /нэг зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б нь 2013 оны 09 сард манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Х аймгийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж байхдаа Онцгой байдлын хэлтэс, С ХХК-н хооронд байгуулагдсан гэрээнд хамрагдан 399.000 төгрөгний үнэтэй Smart-Ab 1 ширхэгийг авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирон зээлээр авсан. Ч.Б нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөр 133.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Ч.Бт төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан бөгөөд төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ч.Бээс төлбөрийн үлдэгдэл 133.000 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 136.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрөө төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.Бт холбогдох төлбөрийн үлдэгдэл 136.500 /нэг зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 136.500 /нэг зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Ч.Б төлж биелүүлсэн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бээс 2.373 төгрөгийг, улсын орлогоос 2.373 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 136.500 /нэг зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.745 /дөрвөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бээс 2.373 /хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг, улсын орлогоос 2.373 /хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН