Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00739

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00739

Х аймаг

 

                       

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00734/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 3 дугаар багийн 3-1-26 тоотод байрлах, Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Ц сумын 1 дүгээр багт байрлах, регистрийн дугаар 4123209, Ш харгуй хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,770,000 (арван дөрвөн сая долоон зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ш харгуй хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Н хязгаарлагдмал хариуцлагатай компанитай шатахуун шатах тослох материал нийлүүлэх гэрээ хийж худалдан авалт хийсээр 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 10,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон. Үлдэгдэл тооцоогоо барагдуул гэж удаа дараа хэлж холбогдсон боловч төлнө гэсээр 6 сар өнгөрсөн. Энэхүү тооцооны үлдэгдэл дээр тооцох алданги өдрийн 0,3% гэж гэрээнд заасан. Ингээд нийт алданги нь тооцоогоор 4,770,000 төгрөг. Нийт Н ХХК-н нэхэмжлэх дүн 14,770,000 төгрөг болсон.

Иймд Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хохирол болох нийт 14,770,000 төгрөгийг Ш Харгуй ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ш харгуй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ч.Нямбаяр 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш харгуй ОНӨХХК нь Н ХХК-аас түлш шатахуун авсан нь үнэн. Улаан-Уул суманд хийсэн ажлын төлбөр гүйцэж орж ирэхгүй байгаа шалтгааны учир өр барагдуулж чадахгүй байгаа бөгөөд компанийн дансанд мөнгө орж ирмэгц төлбөрийг төлж барагдуулна.

Н ХХК-д 14,770,000 төгрөгийг төлнө. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Ш харгуй хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,770,000 (арван дөрвөн сая долоон зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Ш харгуй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ч.Нямбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,800 төгрөгийн 50 хувь болох 115,900 төгрөгийг хариуцагч Ш харгуй хязгаарлагдмал хариуцлагатай компаниас, 115,900 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш харгуй хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,770,000 (арван дөрвөн сая долоон зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ш харгуй хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 115,900 төгрөгийг, улсын орлогоос 115,900 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА