| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00392/И |
| Дугаар | 129/ШШ2024/00387 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 129/ШШ2024/00387
| 129/ШШ2024/00387 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . дугаар багт байрлах А аймгийн П газар
Хариуцагч: А аймгийн И сумын Э толгой багт оршин суух Б овгийн Т
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 2,532,358 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Хариуцагч Т.Т
Иргэдийн төлөөлөгч М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар нь хариуцагч Т.Т-д холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 2,532,358 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А аймгийн П газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Т.Т-н гаргасан зам тээврийн ослын улмаас Б.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Гэмт хэргийн хохирогч болох Б.Э Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэж 2,532,358 төгрөгийн зардал гарсан байдаг. Уг төлбөрийг түүний хэвтэн эмчлүүлсэн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр 2,532,358 төгрөг гарсан боловч уг төлбөр уг даатгалын санд нөхөн төлөгдөөгүй. Т сайн дурын үндсэн дээр 1,529,397 төгрөг, 648,400 төгрөгийг хохирогч Б.Э-д төлсөн байна. Уг төлбөр мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын сан руу ороогүй. Нэхэмжилж байгаа Эрүүл мэндийн сангаас гарсан тусламж, үйлчилгээний зардлын төлбөртэй хамааралгүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардал 2,532,358 төгрөгийг Т.Т-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э-д мөнгө өгч байгаагүй. Харин Б.Э-н хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн байгууллагаас нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийг би эмнэлэгт нь төлсөн. Эмчилгээнд өгч байсан төлбөрийн баримтыг эрүүгийн хэргийн материалд өгсөн. Одоо яагаад надаас нэхээд байгааг ойлгохгүй байна гэв.
4. Иргэдийн төлөөлөгч М.М дүгнэлтдээ: Хариуцагч Т.Т Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой гэж үзэж байна гэв.
5. Нэхэмжлэгчээс:
- Б.Э гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан лавлагаа /Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 07/57 тоот/
- Архангай аймаг дахь сум дундын . хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн . дүгээр шийтгэх тогтоол
- Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 сарын 11-ний өдрийн 419 дүгээр дүгнэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Т.Та-с 354,561 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,177,797 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
Т.Т-н гаргасан зам тээврийн ослын улмаас Б.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Гэмт хэргийн хохирогч болох Б.Э Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэж 2,532,358 төгрөгийн зардал гарсан. Уг төлбөрийг түүний хэвтэн эмчлүүлсэн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр 2,532,358 төгрөг гарсан боловч уг төлбөр уг даатгалын санд нөхөн төлөгдөөгүй. Т.Т сайн дурын үндсэн дээр 1,529,397 төгрөг, 648,400 төгрөгийг хохирогч Б.Э-д төлсөн төлбөр нь Эрүүл мэндийн даатгалын сан руу ороогүй. Нэхэмжилж байгаа Эрүүл мэндийн сангаас гарсан тусламж, үйлчилгээний зардлын төлбөртэй хамааралгүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардал 2,532,358 төгрөгийг Т.Та-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Б.Э-д мөнгө өгч байгаагүй. Харин Б.Э-н хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн байгууллагаас нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийг би эмнэлэгт нь төлсөн. Эмчилгээнд өгч байсан төлбөрийн баримтыг эрүүгийн хэргийн материалд өгсөн. Одоо яагаад надаас нэхээд байгааг ойлгохгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.Э гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан лавлагаа /Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 07/57 тоот/, Архангай аймаг дахь сум дундын . хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн . дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 сарын 11-ний өдрийн 419 дүгээр дүгнэлт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Архангай аймгийн П-н газар хариуцагч Т.Т-д холбогдуулан хохирол 2,532,358 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор нэхэмжлэл гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.12-т “Прокурор шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” эрхтэй, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Прокурор эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх ба тэрээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурдсан хуульд заасан.
Нэхэмжлэгч А аймгийн П газар нь Т.Т-н үйлдлийн улмаас хохирсон иргэн Б.Э эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсны төлбөр 2,532,358 төгрөгийг хариуцагч Т.Т-с буцаан нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Т.Т “Б.Э-н хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн байгууллагаас нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийг би эмнэлэгт нь төлсөн” гэж маргаж нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч Т.Т-г Архангай аймаг дахь сум дундын . хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн . дүгээр шийтгэх тогтоолоор согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Т.Та-н үйлдлийн улмаас иргэн Б.Э-н эрүүл мэндэд хохирол учирч, эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авсантай холбогдуулж Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан төлбөр, тусламжийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар нэхэмжлэгч А аймгийн П газар гэм буруутай этгээдээс буюу Т.Та-с буцаан нэхэмжлэх эрхтэй.
Архангай аймаг дахь сум дундын . хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн . дүгээр шийтгэх тогтоолын “Үндэслэх” хэсэгт Т.Т-г хохирогчид 1,529,397 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн, гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн 648,400 төгрөгийг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн гэж дүгнэж, Т.Т-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэсэн.
Хариуцагч Т.Та-н “Б.Э-н эмчилгээний төлбөрийг төлсөн” гэсэн тайлбар дээр дурдсан шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын хариуцагч Т.Т дахин нотлох шаардлагагүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шийтгэх тогтоолд заасан Т.Т-н хохирогчид төлсөн төлбөр нь сайн дурын үндсэн дээр төлөгдсөн бөгөөд энэ нь Эрүүл мэндийн даатгалын санд ороогүй гэж тайлбарладаг.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гэж заасан.
Хуулийн энэ заалтаар эрүүгийн хэргийн хохирогч Б.Эр- эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг шүүгдэгч Т.Т нөхөн төлөх үүрэгтэй тул Архангай аймаг дахь сум дундын . хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн . дүгээр шийтгэх тогтоолын “Үндэслэх” хэсэг дэх Б.Э-д төлсөн 2,177,797 төгрөгийг хохирогч Б.Э-н эрүүл мэндэд учирсан хохирлыг Т.Тайванжаргал нөхөн төлсөн гэж үзнэ.
Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.
Иргэн Б.Э гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс 2,532,358 төгрөгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан лавлагааг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нотлох баримт нь хариуцагч Т.Т-н эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад төлсөн 2,177,797 төгрөгтэй хамааралгүй гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбар болон нотлох баримтаар нотолж чадахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д заасан шаардах эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлага 2,532,358 төгрөгөөс хариуцагч Т.Т-н эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд төлсөн 2,177,797 төгрөгийг хасаж 354,561 төгрөгийн хохирлыг Эрүүл мэндийн даатгалын санд хариуцагчаас төлүүлж, 2,177,797 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
6. Иргэдийн төлөөлөгч М.М-н “хариуцагч Т.Та-ас эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д заасантай нийцэж байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:
Т.Т-с иргэн Б.Э-н эрүүл мэндийн даатгалын сангаас авсан хөнгөлөлттэй тусламж үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй боловч тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 2,177,797 төгрөгийн хохирол төлсөн нь шийтгэх тогтоолоор тогтоогддог, нэхэмжлэгч тал хариуцагч Т.Та-н төлсөн 2,177,797 төгрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэдгээ нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага 2,532,358 төгрөгөөс хариуцагчийн хохиролд төлсөн 2,177,797 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар хариуцагч Т.Т-с 354,561 (гурван зуун тавин дөрвөн мянга таван зуун жаран нэг) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,177,797 (хоёр сая нэг зуун далан долоон мянга долоон зуун ерэн долоо) төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ч.ЖАРГАЛАН
Г.ЭНХ-АМГАЛАН