Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дүгээр байрны од оршин суух хаягтай Б.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатар нэрэмжит талбай-7, Хангарьд ордон хаягтай Нийслэлийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгатын дугаар байр хаягтай Мянгат- СӨХ,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын А/1002 дугаар захирамжийн Мянгат СӨХ-ны Б.Бы эзэмшиж байсан 456 м.кв газартай давхцаж буй 3 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Мянгат- СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Б миний бие улсын бүртгэлийн Ү-2202******* дугаартай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-2од байрлах 512 м.кв хувийн орон сууцны өмчлөгч юм. Тус үл хөдлөх эд хөрөнгө орших 456 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаартай захирамжийн дагуу эзэмшдэг болно.

Миний бие газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг тухай бүрт нь төлж, хуулийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэн эзэмшиж, ашиглаж байгаа билээ. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас газар эзэмшигч иргэн надад огт мэдэгдэлгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дугаартай захирамжаар миний эзэмшлийн 456 м.кв газрын хэмжээг 303 м.кв болгон багасгасан шийдвэр гаргасан байна.

Энэхүү захирамжийг миний бие 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш*******тэй уулзаж мэдсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргаж байна.

Тус шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр болжээ. Захирамжийн үндэслэлд тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дундах талбайд газар нэмж эзэмшүүлсэн нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн... гэж дурджээ. Гэвч дээрх нөхцөлүүдийн аль нь ч тус эзэмшил газрын тухайд үүсээгүй юм.

2005 онд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын гэрээгээр Дулаан дамжуулах төв барих төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын 40 гаруй газар хувийн хэвшлүүдээр дулаан дамжуулах төв байгуулж, дээр нь өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барих гурвалсан гэрээгээр дээрх орон сууцыг барьсан.

Энэ төсөл хэрэгжсэнээр улсын төсвөөс хөрөнгө гаргалгүйгээр тухайн үед хүндрэлтэй байсан орон сууцны хорооллын дулааны асуудал шийдэгдсэн. Би байшингийн эргэн тойрон тохижилтын ажил хийж, зүлэгжүүлэн 6 ширхэг мод тарьсан боловч зуны цагт нь байшингийн буланд согтуу хөлчүү болон орон гэргүй хүмүүс хоноглох, улирал харгалзахгүйгээр бие засах, бөөлжих, хог хаях зэрэг асуудлууд байнга гардаг байсан. Тухайн үед энэ асуудлыг шийдвэрлэхээр эргэн тойрны газрыг ч арчлан хамгаалж ирсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим байхаар хуульчилсан.

Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа оролцогчийг сонсох, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулах шаардлагатай байна. Гэтэл дээрх ажиллагааг огт хийгээгүй, үүгээр ч барахгүй гаргасан шийдвэрээ ч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд зохих журмын дагуу мэдэгдээгүй байна.

Миний бие тус газарт байрлах хувийн орон сууцны өмчлөгч бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлсээр байгаа ба 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байхгүй, газраа зориулалтын дагуу эзэмшиж ашигласаар байгаа. Миний эзэмшлийн газрын хэмжээ 456 м.кв болсноор ойр орчмын оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн зүйлгүй ба нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дундах талбайд газар нэмж эзэмшүүлсэн нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэсэн нь газрын хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Бы нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөө гудамжинд 64 м.кв газрыг иргэн Г.Жаргалсайханд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөн нэмэгдүүлэн эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2017 оны А/463 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг жилээр сунгаж баталгаажуулсан байна.

Тус байршилд Чингэлтэй дүүргийн хөрөнгөөр гүйцэтгэх хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор маргаан үүсгэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Мөнхбат болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэдээс иргэн Б.Бы газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/4092 тоот албан бичгээр иргэн Б.Бд тус асуудлыг иргэдтэй харилцан зөвшилцөх замаар шийдвэрлүүлэхийг мэдэгдэж байсан.

Тус газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилсөн нь иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны А/1004 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхойлсон ба 40 дүгээр зүйлийн 40.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны А/1004 дүгээр захирамжийг гаргасан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: ... Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 456 м.кв газрыг эзэмшиж ирсэн.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэнд үндэслэлгүй, хууль бусаар халдаж 456 м.кв газрыг 303 м.кв болгон багасгасан.

Нэхэмжлэгчээс тус захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал илэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү нэмэгдүүлэх шаардлагатай болсон болно. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 3 м.кв газрыг хасч 303 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжаар тухайн үед хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан нэхэмжлэгчийн 456 м.кв газартай давхцуулан Мянгат СӨХ-д 2531 м.кв газар эзэмших эрх олгосон байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахдаа нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дундах талбайд газар нэмж эзэмшүүлсэн нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байна гэж үзсэн. Гэтэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчин бусдын эзэмшил газарт хууль бусаар газар эзэмших эрх олгоод, нэхэмжлэгчийн газрын талбайн хэмжээг багасгасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь 456 м.кв газар эзэмшсэнээр тухайн орон сууцны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүйн дээр нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх зүйл огт байхгүй юм.

Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс тухайн газрын эргэн тойрны орон сууцны иргэд, СӨХ-тэй харилцан ойлголцлын үндсэн дээр ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр газраа эзэмшиж ирсэн бөгөөд тус иргэдэд сөргөөр нөлөөлөх ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй болно. Түүнчлэн газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хууль болоод гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсээр ирсэн.

Иймд бусдын эзэмшил газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжийн Мянгат СӨХ-ны Б.Бы эзэмшиж байсан 456 м.кв газартай давхцаж буй 3 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд Мянгат- СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, Т.Т нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40 мянгатын 12, 13 дугаар байр болон 50 мянгатын 17, дугаар байрны Сууц Өмчлөгчдийн Холбоо нь Т******* СӨХ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс иргэд оршин суугчдын санал санаачилгаар 50 мянгатын дугаар байрны оршин суугчид Мянгат- СӨХ-ыг шинэчлэн зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн болно.

1. 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 тоот Захирамжаар Т******* СӨХ-д 8637м.кв талбайг орчны эдэлбэр газрын зориулалтаар буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон билээ. Гэтэл 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №582 тоот захирамжаар 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Бд эзэмшүүлсэн 64 м.кв талбайг түүний гаргасан хүсэлт болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2011 оны 403 тоот бичиг болон /хавтас хэрэгт баримт байхгүй/ өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 392 м.кв талбайг үндэслэлгүйгээр нэмж эзэмшүүлсэн байна.

Ингэхдээ хүүхдийн тоглоомын талбай буюу нийтийн эзэмшлийн газраас 2.42 м.кв талбайг давхардуулж эзэмшүүлсэн байна. /2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №2/1475 тоот Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргааны шүүхэд ирүүлсэн нотлох баримт 2 дугаар хуудас И******* ХХК-ийн зурагласан Т******* СӨХ-ны нэгж талбарын байршлын зураг дахь солбицол бүхий 2529.54 м.кв талбайтай газартай байршлын хувьд 2.42 м.кв талбайгаар давхцалтай байна/

2. 2017 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 50 мянгатын , 17 дугаар байрны хойно, 40 мянгатын 12, 13 дугаар байрны урд, ОК төвийн зүүн талд байршилтай нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайг оршин суугч иргэдийн олон жилийн хүсэлтийн дагуу тохижуулах шийдвэр гарч зураг төслийн дагуу тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлсэн боловч тохижилтын гүйцэтгэлийг эхлэхтэй зэрэгцэн ОК төвийн эзэн гэх иргэн Б.Б нь тоглоомын талбайн тодорхой хэсгийг өөрийн өмчлөлийн газар хэмээн тохижилтын ажилд саад учруулж, оршин суугч иргэд болон тэдний төлөөлөл болох СӨХ-г үл ойшоон маргаан үүсгэсэн билээ.

Энэхүү асуудлаар нийт оршин суугчид нэгдэн нийлж, өөрсдийн төлөөлөл болон Мянгат- СӨХ-оор дамжуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б*******од шаардлага хүргүүлж, уг асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б******* нягталж үзээд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 тоот захирамжаар иргэн Б.Бы хууль бусаар нэмэгдүүлж авсан газрыг иргэд, оршин суугчдын талд шийдвэрлэж өгсөн нь зөв зүйтэй, хууль ёсны, иргэд оршин суугчдын үндсэн хуулиар олгогдсон эрхийг дээдэлсэн шийдвэр болсонд бид талархан хүлээж авсан юм.

3. Энэхүү газрын маргаантай асуудлын талаар Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/4092 тоот албан бичгээр иргэн Б.Бд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор ирж уулзах бичиг хүргүүлсэн байна. Нийслэлийн Газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №01-04/3832 тоот албан бичигт дурдсанаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх талаар дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч удаа дараа утсаар мэдэгдсэн тухай баримтыг тус шүүхэд ирүүлсэн байна.

4. Үүний дагуу иргэн Б.Б нь Улаанбаатар хотын Захирагч С.Б*******од хандан /он сар өдөр байхгүй/ гомдол гаргасан байна. Тус гомдолд миний бие ус дулаан дамжуулах төвийн дээр барилга барьж 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 512 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон бөгөөд 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 64 м.кв талбай эзэмшиж байснаа өөрийн хүсэлтийн дагуу 2011 онд 456 м.кв талбайг өмчлөх болсон.

Гэтэл Сууц өмчлөгчдийн холбоо нь миний хувийн өмчид халдсан, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага тооцно гэснийг үндэслэн, мөн Зөрчлийн тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд цацсан илтэд хууль бусаар гүтгэж байгаад хуульд заасан арга хэмжээ авч, иргэн Б.Б миний өмчлөх эрх нэр хүндэд халдаж байгааг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. СӨХ-ны удирдлага миний хуулийн дагуу эзэмшиж буй газрыг маань дээрэмдэх увайгүй үйлдлүүд хийж байгаад гомдолтой байна. Миний хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар дээр маань Нийслэлийн Газрын албанаас лавлагаа авахгүйгээр энэ оны 9 дүгээр сард тоглоомын талбай байгуулах зураг төсөл гарсан байсан.

Миний бие энэ асуудлаар Захиргааны шүүхэд хандаж болох байсан боловч хийгдэж байгаа тохижилтын ажил хүйтрэхээс өмнө зогсох хийгдэхгүй байх нөхцөл үүсэх учраас улсын ажлыг бодоод шүүхэд хандаагүй. хэмээн бичжээ.

5. 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр М******* ХХК болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгж нарын хооронд Барилгын ажил гүйцэтгэх ба өмчлөх гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр М******* ХХК нь өөрийн хөрөнгөөр захиалагчийн буюу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын газар дээр 2-3 давхар барилгыг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу подвалын хамт Улаанбаатар цахилгаан түгээх станц ХК-иас өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу цахилгаан хангамжийн тоноглолын хамт барьж бэлэн болгох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгж нь инженерийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн угсралт төвлөрсөн шугамд холбох ажлыг өөрийн хөрөнгөөр тус тус биеэ даан хийж гүйцэтгэх, барилга байгууламж баригдсаны дараа подвалын давхар болон инженерийн шугам сүлжээ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгжийн өмчлөлд газар дээрх барилга байгууламж нь М******* ХХК-ийн өмчлөлд шилжинэ. хэмээн заасан байх бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас Газрын харилцаа зураг зүйн газрын хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд хүргүүлсэн 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №99 тоот Гэрчилгээ авах тухай албан бичигт Ус дулааны төвийн барилгын гүйцэтгэгч М******* ХХК бөгөөд техникийн давхрын 54 м.кв манай байгууллага эзэмшиж байгаа тул үлдсэн хэсгийг М******* ХХК өмчлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

6. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд М******* ХХК-ийн захирал гэх Б.Б нь төслийн буянаар хотын А зэрэглэлийн бүсэд 3 давхар барилгын өмчлөгч болж, төрийн өмчид бүртгэлтэй байсан 64 м.кв талбайг үл хөдлөх хөрөнгөө даган 2007 онд эзэмшсэн байна.

Түүний шунал үүгээр зогсохгүй олон нийтийн эзэмшлийн талбайгаас нэмж өөрийн эзэмшлийн газраа 392 м.кв талбайгаар нэмэгдүүлж хууль бусаар эзэмшигч болсноо өөрийн хувийн өмч мэт бодож сэтгэж байгаа нь Төрийн албан хаагчийн тэр тусмаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын ажил үүрэг хашиж байгаа өндөр албан тушаалтан хир хэмжээний боловсрол, ёс суртахуунтай байгаагийн том илрэл гэж бодож байна.

Үүний тод жишээ нь 2011 оны 06 дугаар сарын -ны өдөр Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуйд газар эзэмшлээ 456.5 м.кв болгож нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд тус хүсэлтэд ... 2006 онд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дулаан дамжуулах төвийг өөрийн хөрөнгөөр барьж өгсөн, тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Г.Маар уг барилгын гадаад талбайн тохижилтыг батлуулж түүний дагуу нийт 456.5 м.кв талбайд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн хүний нэр барьж хүсэлт гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзнэ гэж найдаж байна.

7. Мөн өөрийн хууль бусаар нэмэгдүүлж авсан талбайгаа 2011 оноос хойш огт ашиглаж байгаагүй /Зураг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10/ бөгөөд тус барилгын урд, хойд талаар явган хүний замыг тасалж хаасан байдаг нь иргэд, оршин суугчдын нэн ялангуяа хүүхэд хөгшдөд зам тээврийн аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Тав. Тус шүүхэд хянагдаж буй иргэн Б.Бы нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нэмэлт тайлбар хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөө гудамжинд 64 м.кв газрыг иргэн Г.Жаргалсайханд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөн нэмэгдүүлэн эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2017 оны А/463 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг жилээр сунгаж баталгаажуулсан.

Тус байршилд Чингэлтэй дүүргийн хөрөнгөөр гүйцэтгэх хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор маргаан үүсч, Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/4092 тоот албан бичгээр иргэн Б.Бд тус асуудлыг иргэдтэй харилцан зөвшилцөх замаар шийдвэрлүүлэхийг мэдэгдсэний дараагаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилсөн нь иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны А/1004 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн. Учир нь иргэн Б.Б нь хасагдсан талбай бүхий хэсэг газрыг огт ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон.

Иргэн Б.Бы газар эзэмших эрхийн талбайн хэмжээг багасгасны дараагаар тус газрыг тохижилтын ажил хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор Мянгат - СӨХ-ны газар ашиглах эрхийг баталгаажуулахдаа нэмж эзэмшүүлсэн. Ийнхүү Мянгат- СӨХ-д газар ашиглах эрхийг баталгаажуулсан нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Мөн иргэн Б.Б нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1004 дүгээр захирамжийг мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараагаар нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг маргаан бүхий захирамжаар газрын хэмжээг бууруулж, уг багасгасан хэсгийн газрыг Нийслэлийн Засаг даргын А/1002 дугаар захирамжаар Мянгат СӨХ-д ашиглуулахаар олгосон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, улмаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх 3 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан мэдүүлэг зэргийг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийгдэх Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд Ус, дулаан дамжуулах төвийн барилгыг Б.Б /гурван талт гэрээний дагуу/-ы хөрөнгөөр барьж техникийн давхарт хамаарахаас бусад үлдэх 64 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар түүнд анх эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01-04/3832 тоот албан бичигт дурдсанаар Б.Бы Нийслэлийн Газрын албанд гаргасан хүсэлт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 403 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, нийт 456 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь Газрын тухай хуульд заасан журмын дагуух үйл ажиллагаа гэж үзэх боломжтой.

Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэсгэрт 8637 м.кв газрыг Т******* СӨХ-д ашиглуулахаар олгосон байх бөгөөд тус дүүргийн 50 мянгатын дугаар байрны оршин суугчдын хурлаар Т******* СӨХ-оос салгаж Мянгат- СӨХ-г шинээр байгуулсан, улмаар өөрсдийн орон сууцны барилгад хамаарах нийтийн эзэмшлийн талбайг ашиглах эрхтэй гэж тайлбарлан маргасан.

Мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын , 40 мянгатын 12, 13 дугаар байрны иргэдээс нийслэлийн Засаг дарга, газрын албанд хандаж өөрсдийн оршин суух орон сууцны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай төлөвлөсөн газрын хэсгээс иргэн Б.Бд газар олгохоор шийдвэрлэхдээ тус иргэдээс зөвшөөрөл аваагүй, хууль бусаар кадастрын зураг гаргуулсан зэрэг үндэслэлээр маргаж байсан нь хэрэгт авагдсан Сууц өмчлөгчдийн холбоодын хүсэлт, иргэдийн гарын үсэг бүхий мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа боловч Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжийн иргэн Б.Бд холбогдох хэсэг маргаан бүхий захирамжийг гарах хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байсан болно.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж хариуцагчид эрх олгосон заалт байдаг хэдий ч хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Быг өөрийн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дундах талбайд газар нэмж эзэмшүүлсэн нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжаар түүний эзэмшлийн 456 м.кв газрын хэмжээг 3 м.кв-аар багасгаж, өмнө газар эзэмших эрх олгосон 2011 оны 582 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн хугацаа сунгасан 2017 оны А/463 дугаар захирамжуудаар Б.Бд олгосон газрыг бүхэлд нь биш хэсэгчлэн хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай дугаар тогтоолын 1.10-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

Гэвч хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газраа зориулалтын дагуу ашигласан эсэхэд google.map зургаас тодорхой харагдаж байгаа гэж тайлбарласан боловч энэ талаар баримтжуулж, хээрийн болон суурин судалгаа явуулаагүй, мөн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхолд сөргөөр хэрхэн нөлөөлснийг тогтоох ажиллагааг явуулаагүй гэж мэдүүлсэн, түүнчлэн маргаан бүхий А/1002 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг үндэслэн газрыг шинээр баталгаажуулж олгосон нь ойлгомжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт ...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно, 26.2-д энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.3сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэрэг мэдээллийг сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд тусгана гэж заасан бөгөөд Б.Бы эзэмшлийн газраас 3 м.кв газрыг хэсэгчлэн хүчингүй болгосон асуудлыг шийдвэрлэхээс өмнө түүнд урьдчилан мэдэгдэж, улмаар журмын дагуу сонсгох ажиллагаа явуулаагүй, харин Нийслэлийн Газрын албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/4092 дугаар мэдэгдэл нь уг хуульд заасан шаардлагыг хангаагүй, сонсох ажиллагааны мэдэгдэл гэж үзэх боломжгүй байна.

Гэвч Нийслэлийн Газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02-04/5176 тоот албан бичигт ... Т******* СӨХ-ны 8637 м.кв газрыг Мянгат- СӨХ, Дөчин мянгат 13 СӨХ-д хувааж ашиглуулах шийдвэр гараагүй гэж дурдсан, харин Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/1002 дугаар захирамжаар 2531 м.кв газрыг Мянгат СӨХ-д ашиглуулахаар олгосон нь Б.Бд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/463 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай 3 м.кв газраар давхцаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын -ны өдрийн 1/1966 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Иргэн, хуулийн этгээд газар эзэмших хүсэлт гаргах, эзэмшиж байгаа газраа эзэмших, ашиглах эрхтэй хэдий ч захиргааны байгууллагаас хуульд заасан нөхцөл, журмын дээрх шийдвэрийг гаргах үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжаар Б.Бы газраас салгаж Мянгат- СӨХ-д олгосон, гэтэл А/1004 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газрыг хэсэгчлэн цуцалсан нь Архив албан хэрэг хөтлөлтийн стандартын хувьд алдаатай, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байхдаа СӨХ-д газрыг давхцуулан олгосон гэж харагдаж байна гэх тайлбарыг шүүх үгүйсгэхүй.

Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан Засаг даргын дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах үүргийн хүрээнд дээрх нөхцөл байдлыг дахин шалгаж, залруулах боломжтой, шүүхээс хийсэн газрын үзлэгээр хэсэгчлэн хүчингүй болгосон хэсэг нэхэмжлэгчийн өмчлөлийн Ок төвийг тойруулж барьсан хашааны гадна хэсэгт байрласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд уг газар дээр өөрийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбай барих зураг төслийг боловсруулж байсан гэж мэдүүлснээс үзэхэд багасгасан хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай байгууллахад татгалзах эсэхийг тодруулсаны үндсэн дээр маргаан бүхий газарт хэнд газар эзэмших, ашиглуулах эрхийг олгох асуудал нь Засаг даргын эрх хэмжээнд шийдэгдэх бүрэн боломжтой, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн Мянгат- СӨХ-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нийслэлийн Газрын албанаас Иргэн Б.Б танаа гэх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 03/4092 дугаар албан бичгээр уг маргаантай асуудлаар газрын албанд ирж уулзах талаар мэдэгдсэн байх бөгөөд Нийслэлийн Газрын албаны тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01-04/3832 дугаар албан бичигт дээрх ... мэдэгдлийг Б.Бд хүргүүлсэн талаарх баримт байхгүй гэж дурдсан, улмаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш*******ийн Б.Бд захирамжийн хуулбар гаргаж өгсөн тэмдэглэл-д маргаан бүхий А/1004 дүгээр захирамж гарсан талаар анхлан мэдэж байгаа талаар дурдсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан, энэ хугацаанаас хойш 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр анх нэхэмжлэлээ гаргасан зэрэг үйл баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Аийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн Мянгат- СӨХ-д холбогдох хэсгийг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн Мянгат- СӨХ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА