Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00700

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00700

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00574/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Р сумын 5 дугаар багт оршин суух, С.Ж ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: С.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Ж нь шүүхэд Х аймгийн Р сумын Улаан-Од нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн Р сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, дан ганц сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж өгсөн цалин хөлсний лавлагаагаар ажиллаж байсан жилийг тооцох боломжгүй гэсэн тул шүүхэд хандах болсон...гэв.

Хүсэлт гаргагч С.Ж нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/443 дугаар албан бичиг, цалингийн тодорхойлолт, Х аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 10 сарын 26-ны өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Х аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Х аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургууль ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06-р сарын 03-ны өдөр гэсэн дардас дарагдсан Сурагчдын тухай тодорхойлолт гэх баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ү.Пүрэвсүрэн, Д.Отгонбаяр нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, дан ганц сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж өгсөн цалин хөлсний лавлагаагаар ажиллаж байсан жилийг тооцох боломжгүй гэсэн тул шүүхэд хандах болсон...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/443 дугаар: Манай ЗДТГ-ын архивт Улаан-Од нэгдлийн 1970-1994 оны цалингийн цэсний баримт 1-85 дугаартай бүхий хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.

Сүхбаатарын Жаргалсайханы 1987-1990 онд тус сумын Улаан-Од нэгдлийн мал аж ахуйн салбарт мал маллаж цалин авч байсныг нотлох баримтын хуулбарыг хүргүүлэв. Үүнд: 1987 он 10-р сар Хн №66, хуудас №63, цалин 113.77, 11, 12-р сар Хн №67, хуудас №38, 21.16,

1988 он 4-р сар Хн№69, хуудас №15, цалин 10, 6-р сар Хн№69, хуудас №103, цалин 284.26, 7-р сар Хн№70, хуудас №43, цалин 353.5, 8-р сар Хн№71, хуудас №35, цалин 371,97, 9-р сар Хн№71, хуудас №85, цалин 222, 10-р сар Хн№72, хуудас №22, цалин 108.50, 11-р, 12-р сар Хн№72, хуудас №71, 65, цалин 666.78, 69.24,

1989 он 4-р сар Хн№75, хуудас №61, цалин 121.77, 5-р сар Хн№73, хуудас №27, цалин 101.3, 6-р сар Хн№74, хуудас №13, цалин 234.59, 7-р сар Хн№74, хуудас №80, цалин 380.55, 8-р сар Хн№44, хуудас №29, цалин 393.79, 9-р сар Хн№71, хуудас №85, цалин 299.08, 10-р сар Хн№76, хуудас №68, цалин 143.91, 11-р, 12-р сар, цалин 466.15... гэсэн түүвэр бүхий цалингийн тодорхойлолт (лавлагаа),

Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 10 сарын 26-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/640 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...Сүхбаатар Жаргалсайхан, ажилладаг байгууллага: Улаан-Од нэгдэл, ажилд орсон он: 1988, цех, тасаг, бригад: Энхгал, эрхэлдэг ажил: саальчин, оршдог сум, район: Р ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Х аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/60 дугаар: Тус сумын 5 дугаар багийн иргэн Сүхбаатарын Жаргалсайхан нь 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгссөн нь үнэн болохыг тодорхойлов.

Журналын тодорхойлолтын хэсгээс хуулбарлаж хавсаргав.

Хавсралт: ...23. С.Ж , хүйс: эм, эцэг, эх хаана ямар ажилтай: малчин, хаана суудаг: байранд ... мэдээлэл, бичвэр бүхий албан тоот,

Гэрч Ү.П-ийн: ... Би Х аймгийн Р сумын сум, нэгдлийн даргаар 1984 оноос 1991 оныг хүртэл ажилласан. С.Ж нь Х аймгийн Р сумын Улаан-Од нэгдэлд 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч, малчин, саальчнаар ажиллаж байсан... гэх,

Гэрч Д.О-ын: ...Би Х аймгийн Р сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад саальчин байсан. С.Ж нь Х аймгийн Р сумын Улаан-Од нэгдэлд 1987 онд илгээлтээр гарч, аав, ээжтэйгээ мал малладаг байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэж, хүсэлт гаргагч С.Ж ы Х аймгийн Р сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч С.Ж ы Х аймгийн Р сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч С.Ж нь 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Бүртгэлийн №444, Мэдүүлэг №1708000183 лавлагаагаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ХААТР 21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Ж ы Х аймгийн Р сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА