Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00690

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00690

Х аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00650/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, Бичээч Мөнхболдын М ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, Н.Ө холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,337,420 (нэг сая гурван зуун гучин долоон мянга дөрвөн зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие М.М нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нутгийн ах талийгаач Ш.Н гуйлтын дагуу түүний малчны зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон юм. Тухайн үед талийгаач Ш.Н ах ахдаа нэг удаа туслаад нэг юман дээр гарын үсэг зураад өгөөч, чамд ямар ч чирэгдэл учруулахгүй, гай болохгүй... гэж гуйгаад байхаар нь би ээжийн минь бие тааруу байсан болохоор хүнд тус болчихвол гэсэн сэтгэлээр банкин дээр очиж гарын үсэг зурж өгчихөөд л гэр лүүгээ яараад явсан. Учир нь ээж минь харвалт өгсөн, эрүүл мэндийн байдал нь тааруу, байнга хажууд нь хүн байх шаардпагатай байсан тул яг юун дээр гарын үсэг зурснаа тодруулж харалгүй, зааж өгсөн газарт нь гарын үсгээ зурж өгчихөөд гэрлүүгээ гүйсэн. Ш.Н ах 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан юм.

Гэтэл 2024 оны 2 дугаар сард шүүхээс холбогдож зээлийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн талаар мэдсэн.

Би нэхэмжлэлтэй танилцаад талийгаачийн хүүхэд болох том хүү Н.Ө , бага хүү Н.Н нартай холбогдоход наад зээлийг чинь хаагаад өгнө, асуудалгүй, санаа зоволтгүй гэж хэлээд 7,701,086.50 төгрөгийг зээлийн дансруу шилжүүлсэн.

Шүүх хуралдаанд орохоос өмнө Н.Ө ах 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэхэд үлдэгдэл зээлийн төлбөрийг төлнө гэж хэлсэн ба шүүх хуралдаанд Н.Ө ахын хэлсэн хугацааг Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид санал болгоход зөвшөөрч, уг хугацаагаар эвлэрч хэрэг шийдвэрлэгдсэн.

Гэтэл Н.Ө ах уг мөнгөө шилжүүлээгүй, мөнгөө төлөөрэй гэж хэлэхээр төлөхгүй гэх хариу өгөх болсон.

Би талийгаач ах Ш.Н гуайн авсан зээлнээс ганц ч төгрөг аваагүй атлаа ийм их мөнгөний өр төлбөрт орж байгаадаа гомдолтой байна.

Би байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ээжийгээ асардаг, бидэнд эм тарианы мөнгө байнга хэрэг болдог, санхүүгийн хувьд хүнд амьдардаг. Миний ийм нөхцөл байдлыг мэдсээр байж одоо хэрэг шийдвэрлэгдсэний дараа намайг 1,180,366 төгрөгийн өрөнд үлдээж байгаад үнэхээр гомдолтой байна.

Уг зээлийн маргаанаас болж Монгол банкинд муу зээлдэгчээр бүртгэлтэй болсны улмаас зээл ч авах эрхгүй болсон.

Н.Ө ах тус зээлийг төлж барагдуулна гэж илэрхийлж байсан, мөн түүнчлэн талийгаач ахын малыг Н.Ө ах өвлөж авсан учир Н.Ө ахад холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Н.Ө гээс зээлийн гэрээний үүрэгт 1,180,366 төгрөг, шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх болсон 157,054 төгрөг, нийт 1,337,420 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.Ө 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Нямын Өвгөнхүү нь тус шүүхэд гаргасан М.М ы нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний эцэг Ш.Н Хаан банкнаас зээлж авсан зээлд хамтран зээлдэгчээр М.М нь гарын үсэг зурсан бөгөөд М тухайн зээлээс мөнгө аваагүй нь үнэн болно.

Иймд М.М ы надаас нэхэмжилсэн нийт 1,337,420 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М ы нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ө д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,337,420 (нэг сая гурван зуун гучин долоон мянга дөрвөн зуун хорь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,349 төгрөгийн 50 хувь болох 18,174.5 төгрөгийг хариуцагч Н.Ө гээс, 50 хувь болох 18,174.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.М д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.М ы нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ө д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,337,420 (нэг сая гурван зуун гучин долоон мянга дөрвөн зуун хорь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Ө гээс 18,174.5 төгрөгийг, улсын орлогоос 18,174.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.М д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА