Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00614

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00614

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00341/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Г сумын 2 дугаар багт оршин суух, Р.Л ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Л шүүхэд Хилийн ба дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

...Миний 1990 онд цэргээс халагдсан бүртгэл байхгүй, 1987 оноос 1988 онд цэргийн алба хаасан лавлагаанд миний овгийг Р гэж бичсэн байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгоход цэргийн алба хаасан хугацаа минь орохгүйд хүрээд байна...гэжээ.

Хүсэлт гаргагч Р.Л нь шүүхэд иргэний үнэмлэх, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон баталгаажилтын хуудас зэргийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08/306, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08/1035, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0807/3812 дугаар албан тоотууд, улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Б, Р.Е нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалах яамны Төв архив, Цагдаагийн Ерөнхий газрын Төв архив зэрэг байгууллагаас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаа, холбогдох баримтууд зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Р.Л нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Миний 1990 онд цэргээс халагдсан бүртгэл байхгүй, 1987 оноос 1988 онд цэргийн алба хаасан лавлагаанд миний овгийг Р гэж бичсэн байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгоход цэргийн алба хаасан хугацаа минь орохгүйд хүрээд байна...гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08/306, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1095 дугаар: Р.Л н нь Х аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0230 дугаар ангид алба хааж байгаад НАХЯ-ны Хилийн ба ДЦУЕГ-ын штабын даргын 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаар мэдэгдлээр өвчний учир цэргээс халагджээ. гэсэн бичвэр бүхий,

2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08/1035, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 08/1585 дугаар: Р ийн Лхагвасүрэн нь Х аймгаас НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 0230 дугаар ангид цэргийн албанд татагджээ. гэсэн бичвэр бүхий,

Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 28-05/919 дүгээр: Р.Л н Цагдаагийн ерөнхий газрын даргын 1991.08.03-ны өдрийн Б/189 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн 0230 дугаар ангид хугацаат цэргийн албыг хааж, жинхэнэ албаны хугацааг бүрэн дуусгасан тул 1991.08.25-ны өдрөөр тасалбар болгон Х аймагт бэлтгэлээр халагдсан байна. гэсэн мэдээлэл бүхий лавлагаа,

Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 31-ний өдөр гэсэн дардас дарагдсан: Нэр: Р.Л, төрсөн он, сар, өдөр, нас: 1968-07-08, ам бүл хэд, таны юу болох, хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 9, Аав Р 54 настай, малчин, Эх Ж 50 настай малчин, сургуульд 3, гэрт 3. гэсэн мэдээлэл бүхий Х аймгаас 1989 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,

0230 дугаар ангиас 1991 онд хугацаа дуусган Х аймагт халагдагсдын бүртгэл: Овог, нэр: Р.Л , юуны гишүүн болох: ХЗЭ, Үндсэн захиргаа (цэрэгт татагдсан аймаг): Г ... гэсэн мэдээлэл бүхий баримт,

Гэрч Д.Б-ын 643302 дугаар цэргийн батлахны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Р.Е-н Х аймаг дахь Шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгосон Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2024/00150 дугаар шийдвэр,

Гэрч Д.Б-ын: ...Би 1988 онд Улаанбаатар хотын 230 дугаар анги 0265 дугаар салбарт цэргийн албанд татагдаж, 2 жил хугацаат цэргийн алба хаасан. 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн б/701 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдсан. Р.Л нь 1987 онд Улаанбаатар хотын 230 дугаар анги 0265 дугаар салбарт хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 онд хөлөө хугалаад өвчний улмаас халагдаж, 1989 онд дахин тухайн анги, салбартаа цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн б/701 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдаж, бид хоёр нэг нутгийнх учраас нэг онгоцонд сууж, Мөрөн суманд ирж байсан. Баяндорж гэж ахлагч нь Миний цэрэг дахиад албандаа хүрээд ирлээ гээд авч байсан. Эынэ ахлагчтай их дотно байсан. Би цэргийн батлахаа хуулбарлан нотариатчаар батлуулж ирсэн. Энэ баримтаа нотлох баримтаар гаргаж өгч байна... гэх,

Гэрч Р.Ерэнтэйн: ...Р.Л 1987 онд Хилийн цэргийн 0230 дугаар ангид цэргийн албанд татагдаж, 1988 онд нутагтаа ирээд 1989 онд буцаж цэрэгт татагдаад 1990 оны сүүлээр халагдаж ирсэн. Л-ийн овгийг Р гэдэг, миний төрсөн дүү юм. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр овгийг минь Р гэж бичсэн байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Л-ийн овгийг бас зарим баримт бичиг дээр Р гэж бичсэн лавлагаа гарч ирдэг. Миний овгийн өөрчлөлтийг залруулж тогтоож өгсөн Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2024/00150 дугаар шийдвэрийг нотлох баримт болгон өгч байна... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагч Р.Л гийн Хилийн ба дотоодын цэргийн 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдал болон зарим бичиг баримтуудад овог нь зөрүүтэй бичигддэг болохыг давхар нотолж байх ба хүсэлт гаргагч нь Хилийн ба дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч Р.Л гийн Хилийн ба дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Барга Р-ийн Л-ийн Хилийн ба дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцоогүй талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА