Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Д, улсын яллагч П.Б, хохирогч М.Д,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрдархан овогт Гийн Мид холбогдох 1708012660101 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо ... тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, ял шийтгэлгүй Төмөрдархан овогт Гийн М, РД:......

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны орой 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 3-80 тоот хашааны гадаа хохирогч М.Дтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлаХ:

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны орой 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 3-80 тоот хашааны гадаа хохирогч М.Дтэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч М.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гэртээ байХ манай хүү Баярмагнай "ээжээ би найзтайгаа уулзчихаад ирье” гэж хэлээд гарсан. Ирэхгүй байхаар нь би охин Сайнбилэг рүү залгаад Баярмагнайг сурагла гэж хэлсэн. Гэтэл манай охин Сайнбилэг утсаар залгаад хойд талын дэнжид байдаг Саруул, Өлзийбат нартай хамт явсан гэхээр нь би хүүгийн найз Саруулын гэрт очиж Баярмагнайг сураглах зорилгоор Саруулыг асууХ хүүхэд гарч ирээд Саруул ах байхгүй гэсэн. Цаанаас Саруулын эхнэр гарч ирэхээр нь Саруул байна уу гэхэд "байхгүй машинаа унаад гадуур гарсан гэсэн”. Би "Саруул Баярмагнай 2 хамт явж байсан гэнэ” гэхэд, "би яаж мэддэг юм бэ” гэхээр нь чи "нөхрөө мэдэхгүй яадаг юм, утсаараа залга Баярмагнай утасгүй явж байгаа” гэхэд уурлаад "чи дандаа ингэж явдаг, чамайг эндхийхэн бүгд мэднэ, хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй” байж гэхээр нь би уурлаад "чи ч гэсэн эх хүн болоод 2 шээс гаргасан биз дээ” гэж хэлээд дээшээ гудам өгстөл, араас нөгөө хүүхэн гүйж ирээд зүүн гарын бугалга хэсэгт гараараа цохихоор нь "чи ээж шигээ хүн зодоод байхдаа яадаг юм” гэж хэлээд цаашаа түлхтэл босож ирээд чулуугаар зүүн чамархай хэсэгт цохисон. Цус гараад би доошоо тонгойгоод суутал нөгөө хүүхний ээж бололтой эмэгтэй гарч ирээд түргэн дуудсан. Түргэн ирэхгүй удаад, цус тогтохгүй байсан тул эмнэлэг орьё гээд хамт явсан. Гэмтлийн эмнэлэг орж дотор 1 оёдол, гаднаа 2 оёдол тавиад боолт хийсэн. Би толгойн томографи зураг авахуулсан. Зөөлөн эдийн гэмтэлтэй байна, цус хуралтгүй гэсэн. Тухайн өдөр 18 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр эмч үзээд "та цус их алдсан байна, таны судсыг дайрсан байна, оёдол тавиулах шаардлагатай гэж хэлээд духан дээрээ 3 оёдол тавиулсан. Эмч судас таарсан байна оёоход хэцүү байна, гадна болон дотор оёо тавилаа гэсэн. Би учирсан хохирлоо нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү, надад одоогийн байдлаар 863.600 төгрөгийн хохирол учраад байна...гэх мэдүүлэг /хх-11-12, 14-15/
  • гэрч Г.Үлэмжсаруулын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 03- ны өдөр Эрдэнэцогттой уулзчихаад найз Өлзийбаттай уулзаХ Баярмагнай бас байсан. Бид дөрөв 3 шил архи уучихаад салсан. Би Эрдэнэцогттой харих гээд явж байтал эхнэр М залгаад гэмтлийн эмнэлэгт хурдан ир гэсэн. Очиход Баярмагнайн ээж нь толгойгоо боолгочихсон оёдол тавиулсан байсан. Эмнэлгээс гараад томографийн зураг авахуулсан. Би эхнэр Мээс юу болсон талаар асууХ гэрт Баярмагнайгийн ээж очоод Баярмагнай бид 2-ыг асуусан, М байхгүй гэж хэлтэл "танай нөхөр Үлэмжсаруул чинь манай хүү Баярмагнайг байнга уруу татаж архи, дарс уудаг” гэхээр нь хариуд нь манай нөхөртэй уулзаагүй байх та битгий дандаа ингэж ярьж явж бай” гэж хэлсэн, “Баярмагнайгийн ээж Д нь чи жоохон юм байж хүний өөдөөс дандаа хэрүүл хийж ярзаганаад байх юм 2 шээс гаргачихаад битгий өмөөрөөд бай” гэхээр нь манай эхнэр очоод та ч гэсэн адилхан үр хүүхэдтэй юм байж битгий ингэж бай гэтэл Д Мийг түлхээд унагаасан гэсэн. Тэгээд М газраас чулуу аваад шидсэн чинь толгойг нь хагалчихсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-23/,
  • гэрч Д.Алтантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би хашааны гадаа гартал М цаана нь танихгүй эмэгтэй зогсож байсан.

 

 

Танихгүй эмэгтэй танай охин намайг цохисон гэсэн, тэр эмэгтэйн духнаас цус гарч байсан. Би охиноос чи яахлаараа хүн цохиж зоддог юм гэхэд "ээж би зодоогүй чулуу аваад шидсэн чинь энэ эмэгтэй оногдсон” гэсэн. Би тэр эмэгтэйд таниас цус гарч байна таныг эмнэлэг аваад явъя гэхэд явахгүй гэсэн. Тэгээд гэмтэл орсон...гэх мэдүүлэг /хх- 25/,

  • гэрч Д.Мөнгөнбаганын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 03- ны өдөр 15 цагийн үед Мөнгөнчимэг гэрт орж ирээд "ээжээ аниа болохоо байлаа” гэсэн. Ээж түрүүлээд гэрээс гарсан. Би ээжийн араас 2-3 минутын дараа гараХ гадаа эгч танихгүй эмэгтэйн хамт байсан ба тэр эгчийн толгойны дух хэсгээс цус гарч байсан. Тэр эгчийг аваад ээж бид 3 гэмтлийн эмнэлэг орсон. Эгч тэр эмэгтэйг элдвээр хэлээд байхаар нь унахдаа газар байсан чулууг авч шидсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-27/
  • насанд хүрээгүй гэрч Г.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15-17 цагийн хооронд би гэртээ байсан. Гадна хашааны хаалгыг хүн нүдээд би хаалгаа тайлтал 50 орчим насны эмэгтэй хүн Саруул байна уу гэж асуусан. Би байхгүй гэтэл тэр эгч явахгүй байсан. Би 00-д байсан ба М нөгөө танихгүй эгч 2-н яриа сонсогдоод байсан. Хашааны гадна гартал нөгөө танихгүй эмэгтэй манай эгч рүү аймар дайрч давшлаад байсан. Би гэр лүү ороод ээжид эгчийг танихгүй хүн ирчихээд элдвээр хараагаад загнаад байна, "та гараад очоо” гээд ээжийн хамт хашааны гадна гартал "танай хүүхэд чинь миний тархийг чулуугаар цохичихлоо” гэсэн. Ээж Мөнгөнбагана эгч 2 нөгөө танихгүй эгчийг аваад эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хх-29/
  • гэрч Э.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 03- ны өдөр өглөө би гэрээсээ 09 цагийн үед гарсан. ..Саруул өөрийн жижиг машинаа үлдээгээд бид нар тэдний хашаанаас гарч ойрхон дэлгүүрээс нэг шил архи авч хажуу талын далан дээр Өлзийбат, Саруул бид нар уусан... ээж намайг хайж Саруулын гэрт очсон юм байна лээ.... М ээж рүү чулуун авч шидээд тухайн чулуу нь толгойг нь оносон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-30/
  • гэрч Ш.Жы мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 9 дүгээр сарын 03- ны өдөр худгаас ус авах гээд гараад явж байсан. Манай урд талын гудамжны Д, Саруулынх хаана байдаг вэ гэж асуусан. Би Саруулын гэрийг зааж өгсөн. Усаа худгаас авчихаад гэр лүүгээ орох гээд явж байтал Саруулын хашааны ойролцоо Дгийн толгой духны хэсгээс цус гарч байсан. Дгийн хажууд Саруулын Хам ээж, Саруулын эхнэр, Саруулын эхнэрийн дүү нар байсан. Би Дгээс юу болсон юм гэхэд намайг том чулуугаар цохисон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-32/
  • гэрч О.Бямбаагийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би тухайн өдөр ээлжтэй байсан, орой болж байХ 50 орчим насны эмэгтэй толгойгоо боосон байдалтай ирсэн. Би юу болсныг асууХ нь хүүгээ асуух гэж очоод толгойгоо чулуугаар цохиулсан гэсэн. Шархын хараХ зүүн зулай орчим 2 см няцарсан гүн шархтай цус гарч байсан, шархыг цэвэрлээд мэдээ алдуулалт хийгээд дотор нь нэг оёдол гадна 2 оёдол тавьсан, тухайн эмэгтэйгээс архи үнэртсэн зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-33/
  • шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:...М.Дгийн биед духанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-35/
  • шүүгдэгч Г.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байХ Д гэх эмэгтэй манай нөхрийг асууж ирсэн ба

 

 

би байхгүй гэхэд манай нөхрийг "чи тэр архичин нөхрөө надад олж өг байгаа газрыг нь мэд залга гэж хэлсэн”, би "адилхан эмэгтэй хүн байж хүний хүүхдийг юу гээд байгаа юм гэхэд” намайг заамдан авч түлхээд унагаасан. Би газраас чулуу аваад Д руу шидсэн. Миний шидсэн чулуу духан дээр нь оносон ба духнаас нь цус гарч эхэлсэн. Манай ээж Алтантуяа Дг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Намайг, манай Хам ээж, 2 хүүхдийг доромжлоод байхаар нь дүрсхийж уурлаад газраас чулуу аваад шидсэн...гэх мэдүүлэг /хх-40-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Мийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь хохиролд 865.720 /х-16-18/, шүүхийн шатанд нэмж баримтаар 262.950 төгрөг, нийт 1.128.670 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогч “А” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 470.000 төгрөг нэхэмжилсэн /х-17/ ба тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэж мэдүүлсэн, гэтэл тухайн эмнэлгээс “М.Д нь манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй ба гадуур өдрийн эмчилгээ хийлгэж байсан болно” гэх баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн шатанд гаргасан, мөн тус өмгөөлөгчийн зүгээс хохирогчид учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол ба хэвтэн эмчлүүлсэн өвчний онош хоорондын шалтгаант холбоо тодорхой бус талаар хийсэн тайлбар дүгнэлт зэргийг харгалзан хохирлын гэх 470.000 төгрөгийг тус хуралдаанаар ханган шийдвэрлэх боломжгүй, харин нийт хохирлоос нотлох баримт бүхий 658.670 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг /хх- 76-77/ түүний ар гэрийн амьдрал ахуйн байдлыг нь харгалзан хохирлыг төлөх хугацааг 6 сараар тогтоов.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн ”2 шээс гаргасан гэж хэлсэн, заамдсан зэрэг“ зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулаХ 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 6 сараар тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1. Шүүгдэгч Г.Мийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мид оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохирол болох 650.550 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ


Г.ГАНБААТАР