Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* нарыг оролцуулан, Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох

Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 06/2874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, 142.32 тн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай" захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч Н******* ХХК нь тус компанид буй 150 тонн түүхий барагшуныг гадаад улсад гаргах, экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагч БОАЖЯ-наас хүссэн байна. Тус компани нь эдгээр барагшуныг холбогдох төрийн байгууллагуудаас тавьсан бүхий л шаардлагуудыг биелүүлж, холбогдох журмын дагуу түүж бэлтгэсэн бөгөөд энэ талаар хариуцагч байгууллагын зүгээс ч маргаан байхгүй. Хариуцагч байгууллага нь гагцхүү БОАЖ-ын сайдын 2017 оны А/86 дугаар тушаалаар барагшуныг гадаад улсад экспортлохыг хориглосон болохыг үндэслэн Н******* ХХК-д зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Иймд Н******* ХХК нь тус компанид одоо байгаа 150 тонн түүхий барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрлийг хариуцагч байгууллагаас авах үүднээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан болно.

150 тн барагшуныг гадаад улсад экспортлох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардпагын үндэслэлийн хувьд, Н******* ХХК нь одоогийн байдлаар тус компанид буй 150 тонн түүхий барагшуныг төрийн байгууллагуудаас тавьсан бүхий л шаардлагыг биелүүлж, төлбөрийг төлж, холбогдох журмын дагуу түүж бэлтгэсэн болно. БОАЖЯ-ны зүгээс БОАЖ-ын сайдын 2017 оны А/86 дугаар тушаалаар барагшуныг гадаад улсад гаргахыг хориглосон болохыг үндэслэл болгон нэхэмжлэгч компанид барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Гэвч, тус тушаалыг үндэслэн Н******* ХХК-д зөвшөөрөл олгохоос татгалзаж буй нь дараах байдлаар үндэслэлгүй болно. Учир нь, сайдын тус тушаалаар барагшуны нөөцийн хамгаалах үүднээс тухайн хугацаанаас хойш барагшуныг түүхийг хориглосон. Гэтэл Н******* ХХК нь сайдын тушаал гарахаас өмнө барагшуныг бэлдчихсэн байсан. Иймд тус тушаалын хориглолтад хамааруулах үндэслэлгүй юм. Тодруулбал, анх Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Барагшун түүж бэлтгэх тухай А/130 дугаар захирамжаар Н******* ХХК-д 200 тн барагшун түүж бэлтгэхийг зөвшөөрсөн. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгаль хамгаалагч, улсын байцаагчийн зүгээс 6 сарын хугацаатай барагшун бэлдэх тодорхойлолт бичиг гаргаж өгсөн байна.

Үүний дараа БОАЖЯ, Засаг дарга зэрэг холбогдох байгууллагууд Баяннуур сум дахь барагшуны нөөцийн хэмжээг тогтоолгох, Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулахыг шаардсан байна. Үүний дагуу Баяннуур сумын уушигийн улаан уул гэх г******* дахь барагшуны нөөцийг тогтоолгоход Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Дүгнэлт хүргүүлэх тухай 37 дугаар албан бичигт Н******* ХХК-ийн хүсэлтийн дагуу Баяннуур сумын уушигийн улаан ууланд газрын мэргэжилтэн, сумын байгаль хамгаалагч нар г******* дээр нь очиж үзлээ. Байгалийн элбэг ургамал болох барагшуны нөөц нь 200 тн орчим бэлтгэх боломжтой гэж үзэв. ... Иргэд, аж ахуйн нэгжүүд барагшуны хаягдлыг түүж бэлтгэхэд байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд сумын ИТХ-ын тогтоосон төлбөрийн хэмжээг бүрэн төлж, тухайн сумын Засаг даргатай гэрээ байгуулан зохих зөвшөөрлийг холбогдох яамнаас авч ажиллахыг санал болгож байна гэж, тус компанийн бэлтгэхийг хүссэн хэмжээ болох 200 тонн барагшуныг бэлдэх боломжтойг тодорхойлсон.

Мөн өдөр Баяннуур сумын Засаг даргатай Хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Иймд хариуцагч байгууллагын барагшуны нөөцийг хамгаалах үүднээс барагшуныг түүж бэлтгэхийг хориглохоос өмнө бэлтгэсэн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй гэж бид үзэж байна. Түүнчлэн, дээрх тушаал гарснаас хойш БОАЖЯ-ны зүгээс аж ахуйн нэгжүүдэд барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгож байсан байна. Манай байгууллагын хувьд ч гэсэн дээрх тушаал гарснаас хойш буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр барагшун гадаад улсад гаргах зөвшөөрөл олгож байсан байна. Мөн хариуцагч байгууллагын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болгосон 2017 оны А/86 дугаар тушаал нь (барагшун бэлдэх, гадаад улсад гаргахыг хориглох тухай) өөрөө хууль бус хэм хэмжээний акт гэж үзэж байна. Бид үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар хандах үндэслэлтэй болохыг шүүх тогтоосон. Иймд бид харьяаллын дагуу тус хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд мөн адил нэхэмжлэл гаргаж байна. Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн дагуу ашиглаж болно гэж заасан байдаг. Н******* компаний зүгээс Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын захирамж, мөн засаг даргатай байгуулсан гэрээ холбогдох гэрээнд заасан төлбөрийг төлж 200 /хоёр зуу/ тонн барагшун бэлдсэн. Барагшуныг бэлдээд гадаад улсад гаргах зөвшөөрлийг яамнаас олгодог. Н******* ХХК-ийн зүгээс 200/хоёр зуун/ тонн барагшун экспортлох зөвшөөрөл хүсэхэд яамнаас 50/тавин/ тонн барагшун экспортлох зөвшөөрөл олгосон. 150/нэг зуун тавь/ тонны хувьд маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрээр 150 тонныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 тушаалаар барагшуныг гадаад улсад гаргахыг хориглосон. Иймд Н******* ХХК-д экспортлох зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Бид үүнийг эс зөвшөөрч шүүхэд 2 байдлаар үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, 2017 оны А/86 тушаалаар гадаад улсад гаргахыг хориглосон нь өөрөө хууль бус шийдвэр тул үүнийг хүчингүй болгуулахыг хүссэн. Хоёрдугаарт, энэ хэм хэмжээний акт гаргахаас өмнө бид барагшунаа бэлдсэн гэдэг байдлаар шүүхэд хандсан. Энэ хэм хэмжээний актыг хүчингүй болгох эсэх асуудал нь Нийслэл дахь Захиргааны хэргийн давж шатны шүүхээр анхан шатны журмаар шийдэгдээд эцэслэгдэж шийдэгдсэн хэм хэмжээний акт хууль ёсны байна гэж үзсэн. Тийм учраас бид тэр үндэслэлээс татгалзсан.

Гагцхүү Байгал орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны А/86 тушаал хүчинтэй болохоос өмнө бид барагшунаа түүж бэлдсэн байсан учир гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох үндэслэлтэй байсан гэсэн үндэслэлээр маргаж байгаа. Энэ 2017 оны А/86 тогтоол нь 07 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүйн яамны хэм хэмжээний актын бүртгэлд 3752 дугаарт бүртгэгдсэн. Тэгэхээр хүчинтэй болж байгаа хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгаа. Н******* ХХК нь 200 /хоёр зуу/ тонн барагшуныг энэ хугацаанаас өмнө бэлдсэн байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд, яаманд гаргаж байсан хүсэлтүүдээр тодорхой байгаа тул энэ тал дээр маргаангүй байх гэж бодож байна. Иймд зөвшөөрөл олгох үндэслэлтэй байсан гэж үзэж байгаа. Үүнийг бид хууль зүйн үүднээс тайлбарлахдаа нэгдүгээрт, гадаад улсад барагшун гаргахыг хориглож байгаа хэм хэмжээний актын зорилго нь барагшуны нөөцийг хамгаалах байсан гэхдээ Н******* ХХК-ийн хувьд энэ хэм хэмжээний акт гарахаас өмнө байгаль дээр байгаа түүхий барагшуныг аль хэдийнээ түүж бэлдсэн байсан учир одоо гадаад улсад гаргахгүй гэдэг байдлаар шийдвэрлэх нь энэ хэм хэмжээний актын барагшуны нөөцийг хамгаалах зорилготой нийцэхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлана гэдэг байдлаар заасан.

Үүнд иргэн, хуулийн этгээдүүд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг энэ зарчимд хамааруулж ойлгоно гэж заасан. Иймд энэ зарчим Н******* ХХК-ийн хувьд үйлчлэнэ гэж үзэж байна. Учир нь Н******* ХХК нь 200 /хоёр зуу/ тонн барагшуныг бэлдэхдээ төрийн байгууллагуудын эрх бүхий шийдвэр, гэрээний үндсэн дээрээс тодорхой хэмжээний зардал гаргаж, төрд төлөх тэмдэгтийн хураамжийг төлж 200/хоёр зуу/ тонн барагшуныг бэлдсэн байсан. Энэ хэм хэмжээний акт гараагүй байсан учир энэ үйл ажиллагаа хууль ёсны үйл ажиллагаа байсан. Нэгэнт түүж бэлдсэнийх нь дараа гарсан шийдвэрийн улмаас энэ хууль ёсны итгэлийг алдагдуулж болохгүй хамгаалах ёстой гэж үзэж байна. Өмнө нь шүүх дээр маргааны явцад бас нэг зүйл яригдсан нь Н******* ХХК-д бодитойгоор 200 тонн байгаагүй зөвхөн 50 тонн байсан тиймд бид 50 тонн гаргах зөвшөөрөл олгосон гэж тайлбарлаж байсан. Гэхдээ тэр нь тодорхой болсон гэж ойлгож байна. Учир нь 50 тонныг аль хэдийнээ гаргачихсан одоо үлдэгдэл нь 150 тонн байгаа юу үгүй юу гэдгийг тодруулсан үйлдэлдээ Баян-өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын г*******т шүүхээс даалгавар хүргүүлээд Н******* ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа барагшуны хэмжээг шинжилж тогтоосон. Тэгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаар албан бичгээр Н******* ХХК-ийн складан дахь барагшуныг хэмжиж үзлээ. Тус складанд 142,32 тонн барагшун хадгалагдаж байгаа болохыг тогтоов гэдэг байдлаар албан бичиг ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор хариуцагч талаас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Иймд үүн дээр маргаангүй байгаа гэж ойлгож байгаа. Би түрүүн тайлбарласан хэм хэмжээний акт маань улсын бүртгэлд 07 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдээд хүчин төгөлдөр болсон тэрнээс өмнө барагшунаа түүсэн учир гадаад улсад гарах үндэслэлтэй гэдгийг. Үүнийг дэмжиж байгаа хэд хэдэн баримт байгаа гэж үзэж байна.

Жишээлбэл: Н******* ХХК-д өмнө нь 50 тонн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгож байсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Баримт нь байна. Хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгаа. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэдэг нь хэм хэмжээний акт хүчинтэй болсноос хойш бараг 14 хоногийн дараа. Тэгэхээр барагшуныг гадаад улсад гаргахыг хориглосноос хойш 14 хоногийн дараа яагаад 50/тавин/ тонн барагшуныг гаргах зөвшөөрөл олгосон бэ гэхээр хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болохоос өмнө түүсэн барагшунуудыг гаргая гэсэн байдлаар шийдвэр гаргаж байсан. Энэ нь зөвхөн Н******* ХХК-ийн хувьд биш бусад компаниудад хамаарч байсан. Захиргааны байгууллага нэг л зарчмаар хандах ёстой. Өмнө энэ шийдвэрийг гаргахдаа тэр байдлаар хандаад өмнө нь хэм хэмжээний актыг гаргахаас өмнө түүсэн барагшунуудыг гаргана гэдэг байр суурь баримталж байсан тул хожим нь ч гэсэн тийм байр сууриа баримтлах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, 142,32 /нэг зуун дөчин хоёр зууны гучин хоёр/ тонн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар МУИС-ын Биологийн факультет Монгол алтай барагшуны тархац, гарал үүсэл, химийн бүрдлийн судалгааг 2009 онд хийж тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн. Дээрх судалгааны тайлангийн 19 дүгээр хуудасны дүгнэлтэд Монгол Алтайн барагшун бол Барагчин төрлийн оготоны бүлийн ялгадасны олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал, Монгол алтайн барагшуны нөөц төдийлөн их биш байгаа төдийгүй түүнийг ямар хулгана, оготоны баас, өтөг хөрзөн мэтээр ач холбогдлыг буруулах явдал байгааг таслан зогсоох шаардлагатай. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь жаранаас хэдэн мянган жилээр үргэлжлэх учраас байгаа бага нөөцөө цөлмөн гадаадад түүхийгээр худалдаалахыг зогсоох нь зүйтэй., Одоогоор барагшуныг олборлон экспортлохоор мэдүүлж байгаа тоо хэмжээ нь Монгол Алтайн барагшуныг 1-2 жилд нөөцгүйгээр бүрмөсөн ашиглах хэмжээ юм. Иймд Байгалийн нөөц баялагийнх нь хувьд ашиглалтын Төрийн бодлого шаардлагатай. Барагшун нь байгалийн чанараараа юугаар ч орлогдошгүй байгалийн үнэ цэнтэй эрдэс баялаг болохоор түүнийг Үндэсний баялагт зүй ёсоор тооцох учиртай зэрэг дүгнэлтийг хийсэн байдаг.

Ерөнхий болон С*******, У*******, Мал эмнэлгийн хүрээлэн, Т, М, М ХХК, Б, ХХК, ХХК гэх мэт 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага байгалийн барагшуныг боловсруулж 8 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд тус яаманд дээрх аж ахуйн нэгж байгууллагуудаас Энэтхэг, ОХУ зэрэг орнуудад Барагшуны олдоц ихэд барагдаж, манай улсаас экспортлох хүсэлт их ирж байгаатай холбоотойгоор нөөц ихээхэн хэмжээгээр хомсдож байгаа талаарх мэдээлэл ирүүлж, барагшуныг цаашид гадаад улсад гаргахыг хориглох хүсэлтийг ирүүлсэн. Монгол алтай барагшуныг судалсан судалгаа, барагшуны нөөцийн хомстол, дээрх байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/61 тоот тушаалаар түүхий барагшуныг 5 жилийн хугацаагаар экспорлохыг хориглосон. Энэ тушаалыг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А-121 тоот тушаалаар хүчингүй болгосон.

Зөвхөн 2016 онд 2335 тонн түүхий барагшуныг гадаадад гаргасан. Энэхүү гадаадад гаргасан 2335 тонн түүхий барагшуны улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэд улсын төсөвт 3 350 000 төгрөгийн орлого орсон бол дэлхийн зах зээлд 1 кг барагшуны түүхий эдийг 1 ам доллараар худалдаалдаг, эм эмийн бүтээгдэхүүн, нэмэлт тэжээл үнэ гэхэд 37-250 ам доллар хүрдэг байна. Урт хугацааны туршид байгалийн үзэгдлийн хувьсаж өөрчлөлтөөр хуримтлагдан бий болдог, удаан нөхөгдөж нөөцлөгддөг байгалийн барагшуны түүхий эдийг боловсруулалт хийхгүйгээр тооцоо судалгаа муутай экспортод гаргаж байгаа нь ашиглах нөөцгүй болгох өндөр эрсдэлийг дагуулдаг. Энэ үнэт түүхий эдийг зөвхөн дотоодын хэрэгцээнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зохистой ашиглах бодлогыг баримтлах нь зүйтэй гэж тус яамнаас үзсэн. Иймээс БОАЖЯ-ны зүгээс боловсруулаагүй түүхий барагшуныг гадаадад экспортлохыг хориглох тал дээр анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч, 2017 оны 04 сарын 11-ний өдрийн БОАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар хориглох шийдвэр гарсан. Зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу БОАЖСайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай А/86 дугаар тушаал гарсан. Дараагаар нь Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай 2017 оны А/86 дугаар тушаалыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3752 дугаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болно. Харин барагшуныг хориглох тушаал гарахаас өмнө барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн 3 байгууллага, шинээр зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн 10 байгууллагын хүсэлтийг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хуралдааныг хийж 13 аж ахуйн нэгж байгууллагын талаарх мэдээлэлтэй танилцан дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

Өмнө зөвшөөрөл олгогдон хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн хугацааг сунгах, Барагшуныг түүхийгээр гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал гарахаас өмнө барагшуныг түүж бэлтгэн, гадаад улсад гаргах хүсэлт ирүүлсэн нэр бүхий аж ахуйн нэгжийн түүж бэлтгээд байгаа барагшуны бодит хэмжээг цагдаагийн байгууллагаар тогтоолгох арга хэмжээг авах,

Шинээр зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын бэлтгэсэн барагшуныг тогтоосны дараа экспортод гаргах зөвшөөрөл олгох хэмжээ нь анх хүсэлт гаргасан нийт хэмжээний 50 хувиас ихгүй байхаар шийдэх зэрэг болно. Дээрх хуралдааны шийдвэрийн дагуу тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06/2924 дүгээр албан бичгээр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст барагшуныг орон нутагт түүсэн бодит хэмжээг тогтоолгох хүсэлтийг хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ныөдрийн 11/5-3677 дугаар албан бичгээр орон нутагттүүж бэлтгэсэн барагшуны хэмжээг ирүүлсэн. Үүний дагуу Н******* ХХК-н агуулхад 50 тнн баругшуун байна гэсэн орон нутгийн цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж гадаад улсад гаргах зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ГА-17034 тоот албан бичгээр олгосон.

Харин Н******* ХХК нь дахин 150 тнн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл хүссэн бөгөөд тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 06/2874 тоот албан бичгээр тус компанид өмнө зөвшөөрөл олгосон бөгөөд Барагшуныг түүхийгээр гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаалыг үндэслэн зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзэн татгалзсан байдаг. Мөн Н******* ХХК нь зөвшөөрөл хүсэх материал ирүүлэхдээ тухайн орон нутагтайгаа байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, гарал үүслийн дүгнэлт зэрэг бичиг баримтыг дутуу ирүүлсэн ба П******* ХХК-ийн төлбөрийн баримтыг өөрийн компанийн баримт гэж хавсаргасан зэрэг зөрчил гаргасан байдаг. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан.

Харин тус компани Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын дээд шатны албан тушаалтан буюу Төрийн нарийн бичгийн даргад ямар нэг байдлаар хандаагүй байдаг. Нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор шүүхэд гаргах байсан боловч уг хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь өмнө нь нэхэмжлэлгчийн яриад байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын барагшун түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тушаал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гарч, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу хууль зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн. Энэ тушаал гарахаас өмнө 10-аад аж ахуй нэгжүүд барагшун түүж бэлтгэж, гаргах хүсэлтээ ирүүлсэн байсан. Тушаал гарахаас өмнө ирүүлсэн байсанг гаргаад үүнээс хойших барагшунуудыг гаргахгүй гэдэг шийдэлд хүрээд энэ тушаалыг гаргасан. Тушаал гаргахдаа эрдэм шинжилгээний байгууллага, Монгол Улсын Их сургууль болон эм үйлдвэрлэдэг 10 гаруй аж ахуй нэгж байгууллагын санал хүсэлтийг үндэслэж Монгол оронд барагшун хомсдож байгаа юм байна. 60 орчим жилийн хугацаанд түүж бэлтгэсэн иймд байнга түүж бэлтгэх нь тохиромжгүй гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан. Энэ тушаал хууль зүйн үндэслэлтэй гэдгийг Дээд шүүхээс өнгөрсөн жил тогтоосон. Нэхэмжлэгч компани энэ тушаал гарахаас өмнө манай компанид 50 тонн барагшунтай байсан. Энийг Цагдаагийн ерөнхий г******* руу 2017 оны 05 дугаар сарын 17-нд манай хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга албан бичиг явуулж үүний дагуу Цагдаагийн ерөнхий газраас орон нутаг руу бичиг явуулаад 50 тонн байна гэж тогтоосон учир 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч компанид 50 тонн барагшун гадаадад гаргах зөвшөөрөл олгосон. Энэ дээр нэхэмжлэгч тал маргадаггүй. Сайдын барагшун түүж бэлтгэх, гадаадад гаргахыг хориглосон тушаал дээр өөр компани маргадаггүй зөвхөн Н******* ХХК маргадаг. Яагаад цагдаагийн байгууллагаар тогтоолгосон бэ гэхээр компаниуд асар их зөрүүтэй мэдээлэл байнга ирүүлдэг учир үнэн бодитой байдлыг тогтоолгохоор Цагдаагийн ерөнхий г*******т хандаж агуулахад яг хэдэн тонн барагшун байсан бэ гэдгийг тогтоолгож байсан. Дараа нь 2018 онд нэхэмжлэгч компани 150 тонн барагшун гаргах зөвшөөрөл хүссэн. Үүнд хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын дарга Нямдаваа зөвшөөрөл олгохоос татгалзсан албан бичиг хүргэсэн байдаг. Энэ бичиг дээр нэхэмжлэгч компани дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаагүй. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд төрийн нарийн бичгийн дарга, яамны г******* хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг томилдог. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд ханддаг. Нэхэмжлэгч компани яамны төрийн нарийн бичгийн даргад хандсан хүсэлт, гомдол байдаггүй. 2017 онд 50 тн барагшун гаргахдаа манайд дахиад 150 тонн байгаа гэдэг байдлаар хандаж байгаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд шүүхээр шийдэгдэхээс өмнөх процессыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН