Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00580

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00580

Х аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс 155/2024/00370/И/

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 8 дугаар баг, М Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 8 дугаар баг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд байрлах, Х аймгийн Орон нутгийн Өмчийн газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 80,000,000 (наян сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Х аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 80,000,000 (наян сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эм хангах үйл ажиллагааны чиглэлээр эм борлуулах, эм захиалах үйл ажиллагаа явуулдаг компани байдаг. Уг компани орон нутгийн эмийн эргэлтийг хангахаар дуудлага худалдаагаар орж худалдах, захиран зарцуулах эрхийг авсан. Х аймгийн Орон нутгийн Өмчийн газар дуудлага худалдаа зохион байгуулсан. Энэ дуудлага худалдаанд М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь оролцсон байдаг. М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дангаар оролцоогүй, өрсөлдөгч хэд хэдэн газар оролцсон. Хамгийн анхны өндөр үнэ хэлж Рашаант сумын эргэлтийн эмийн сангийн барилгыг газар эзэмших эрхтэй нь хамт 80,000,000 төгрөгөөр худалдаж авч, мөнгийг зохих дансанд шилжүүлсэн. Худалдаж авсны дараа эмийн сангийн худалдан авч байгаа эд хөрөнгөд эрхийн доголдол үүссэн. Үүнээс үүдээд маргаан үүссэн. Уг маргааны дагуу манай зүгээс холбогдох шүүхэд уг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх тухайн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Гэвч тухайн нэхэмжлэлдээ худалдах-худалдан гэрээний төлбөр болох 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг орхигдуулсан. Ийм учраас дахин нэхэмжилж гаргасан болно.

Иймд тус хүчин төгөлдөр бусад тооцсон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 80,000,000 төгрөгийг Х аймгийн Орон нутгийн Өмчийн газраас гаргуулна...гэв.

Хариуцагч Х аймгийн Орон нутгийн Өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнд-Аюуш нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох М Х ХХК-ийн нэхэмжлэлийг гардан авч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Хийн эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах шийдвэр гарч, дуудлагын худалдааг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан.

Хийн эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ тогтоох тухай тогтоол батлагдсанаар Рашаант сумын эмийн эргэлтийн сангийн дуудлага худалдааны хөрөнгийн нэр төрөлд газар байгаагүй тул нэр төрөлд оруулалгүйгээр дуудлагын худалдааг зарлаж М Х ХХК оролцон ялсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЭЭС/РА-2022/02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

М Х ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/00105 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т зааснаар газрыг барилгаас салгамагц нэхэмжлэгчийн субъектив хүсэл зориг биелэгдэх боломжгүй нөхцөл үүсэж, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн талаар төөрөлдсөн гэсэн үндэслэлээр гэрээг хүчингүй болгосон.

Хийн эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн Рашаант сумын барилгын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасны дараа дуудлагын худалдааг дахин зохион байгуулж, гэрээг байгуулахад төлсөн 80,000,000 (наян сая) төгрөгийг аймгийн орон нутгийн дуудлагын худалдааны орлогын данснаас буцаан олгох саналтай байна. Дахин дуудлага худалдааг 2024 оны 11 дүгээр сараас өмнө зохион байгуулж, тухайн төлбөрийг М Х ХХК-д буцаан олгох боломжтой.

Мөн дуудлага худалдаа зохион байгуулах үед Рашаант сумын Хийн эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь газар эзэмших эрхийн хугацаа дууссан талаар мэдээллийг өгөөгүй, тухайн үед хариуцаж байсан эмийн санч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг дууссан байхад сунгуулж ажиллаагүй тул Рашаант сумын Хийн эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн дуудлага худалдааны 80,000,000 (наян сая) төгрөгийн төлбөрийг М Х ХХК-д тухайн сумаас шийдвэрлэж олгохыг Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/268 тоот албан бичгээр Рашаант сумын Засаг даргад чиглэл болгосны дагуу төлбөрийг сумаас олгуулах боломжтой юм. гэжээ.

Хариуцагч Х аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 дугаар тогтоолоор эмийн санг Х аймгийн Орон нутгийн Өмчийн газраас хувьчлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр оролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон. М Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э надад олгосон 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/159 тоот албан бичигт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгоогүй байгааг зөвшөөрч байна. гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд М Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/00105 дугаар шийдвэр зэргийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Итгэмжлэл, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудыг,

Хариуцагч шүүхэд хариу тайлбарыг тус тус гаргаж өгчээ.

Зохигч хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эм хангах үйл ажиллагааны чиглэлээр эм борлуулах, эм захиалах үйл ажиллагаа явуулдаг компани байдаг. Уг компани орон нутгийн эмийн эргэлтийг хангахаар дуудлага худалдаагаар орж худалдах, захиран зарцуулах эрхийг авсан. Х аймгийн Орон нутгийн Өмчийн газар дуудлага худалдаа зохион байгуулсан. Энэ дуудлага худалдаанд М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь оролцсон байдаг. М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дангаар оролцоогүй, өрсөлдөгч хэд хэдэн газар оролцсон. Хамгийн анхны өндөр үнэ хэлж Рашаант сумын эргэлтийн эмийн сангийн барилгыг газар эзэмших эрхтэй нь хамт 80,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсны дараа эмийн сангийн худалдан авч байгаа эд хөрөнгөд эрхийн доголдол үүссэн. Үүнээс үүдээд маргаан үүссэн. Үүнээс үүдээд маргаан үүссэн. Уг маргааны дагуу манай зүгээс холбогдох шүүхэд уг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх тухайн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Гэвч тухайн нэхэмжлэлдээ худалдах-худалдан гэрээний төлбөр болох 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг орхигдуулсан. Ийм учраас дахин нэхэмжилж гаргасан болно.

Иймд тус хүчин төгөлдөр бусад тооцсон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 80,000,000 төгрөгийг Х аймгийн Орон нутгийн Өмчийн газраас гаргуулна...гэв.

Хариуцагч Х аймгийн Орон нутгийн өмчийн газар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрч, маргаагүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/00105 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудаар М Х хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Х аймгийн Орон нутгийн өмчийн газрын хооронд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЭЭС/РА-2022/02 дугаар Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүрэгт 80,000,000 төгрөгийг Х аймгийн Орон нутгийн өмчийн газарт төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Гэвч тухайн худалдах-худалдан авах гэрээг Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/00105 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн боловч хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөөгүй үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хариуцагч Х аймгийн Орон нутгийн Өмчийн газраас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 80,000,000 (наян сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аймгийн Орон нутгийн өмчийн газраас 557,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Хэрэгт авагдсан М Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/00105 дугаар шийдвэр зэргийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч нийтэд илэрхий баримт байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хэдий ч хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Цэнд-Аюуш өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгоогүй тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй болохыг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х аймгийн Орон нутгийн Өмчийн газраас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 80,000,000 (наян сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аймгийн Орон нутгийн Өмчийн газраас 557,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА