| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2105 02289 0147 |
| Дугаар | 2022/ДШМ/566 |
| Огноо | 2022-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2022/ДШМ/566
2022 05 26 2022/ДШМ/566
Н.Аод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Н.А,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/525 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Н.Аод холбогдох 2105 02289 0147 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б... овгийн Н...ийн А..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ..... дүүргийн .... дүгээр хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан;
Н.А нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Гандантэгчлэн хийдийн хойд талын автобусны буудлын замд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед “Хьюндай аэро сити” маркийн 29-13 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Б.Цыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас зорчигч Б.Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Аод холбогдох эрүүгийн хэргийн 50 дугаар талд “Үнэгтийн Уул” ХХК-аас Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирүүлсэн Н.А нь тус хуулийн этгээдэд автобусны жолоочоор ажилдаг талаарх тодорхойлолт, 85 дугаар талд иргэн Н.А болон “Үнэгтийн Уул” ХХК хоёрын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 81-82 дугаар талд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу “Хьюндай аэро сити” маркийн 29-13 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Үнэгтийн Уул” ХХК нь өөрөө ашиглах, эзэмших эрхтэйгээр “Макс молл” салбар дахь Худалдаа Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн ф/rcc210607043-1-6 дугаартай гэрээ, 83-84 дүгээр талуудад тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын гэрчилгээ зэрэг авагдсан байна. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Аын зам тээврийн осол гаргахдаа жолоодож явсан “Хьюндай аэро сити” маркийн 29-13 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь “Үнэгтийн Уул” ХХК, өмчлөгч нь Худалдаа Хөгжлийн банк болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэвэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 499.4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй юм.
Түүнчлэн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг гарах үед “Үнэгтийн Уул” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил үүргээ гүйцэтгэн зорчигч тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохыг тэмдэглэж байна.
Нэгтгэн дүгнэхэд, шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах этгээд буюу иргэний хариуцагчийг хуульд нийцүүлэн зөв тогтоох, иргэний хариуцагч хуулийн этгээд байх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр эсхүл итгэмжлэлээр төлөөлөх этгээдийг томилсон баримт бичгийг хэрэгт хавсаргах, тухайн эрх бүхий этгээдээс тайлбар мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Шүүгдэгч Н.Аод холбогдох эрүүгийн хэргийн 77 дугаар талын ар тал хэсэгт мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Батжаргалыг иргэний хариуцагчаар тогтоосон байгаа нь энэ хэрэгт иргэний хариуцагчийг хуулийн шаардлагад нийцүүлэн зөв тогтоосон, иргэний хариуцагчид холбогдох бичиг баримтыг хэрэгт хавсаргасан, хууль зүйн үндэслэлтэйгээр тогтоогдсон иргэний хариуцагчийг төлөөлсөн этгээдээс тайлбар, мэдүүлэг авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, хэрэгт иргэний хариуцагчаар “Хьюндай аэро сити” маркийн 29-13 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох “Үнэгтийн Уул” ХХК-ийг тогтоож, иргэний хариуцагч хуулийн этгээд байх тохиолдолд тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдэд холбогдох бичиг баримтыг үндэслэн уг этгээдээс тайлбар мэдүүлэг авах нь хуулийн шаардлагад нийцнэ.
Шүүгдэгч Н.Аод холбогдох хэргийн иргэний хариуцагчийг зөв тогтоож, холбогдох бичиг баримтыг хэрэгт хавсаргах, тайлбар мэдүүлгийг эрх бүхий гэж нотлогдсон этгээдээс авах мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай, эдгээр нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаанууд биш байх тул мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгчийн гэм буруутай эсэх, гэмт хэргийн улмаас иргэн Б.Цад учирсан гэм хорын асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийн үйлдэж хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол буюу эрхийн акт нь хуулийн шаардлагад нийцсэн баримт мэдээллийн хэмжээнд үнэлэгдэх хэмжээнд үйлдэгдэх ёстой бөгөөд эрүүгийн хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоол, албаны даргын тогтоол дугааргүй, тамга тэмдэггүй /хх 3 ,4, 34, 35/ тодруулбал хуулийн шаардлагад нийцээгүй байгааг тус тус тэмдэглэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Н.Аод холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, Н.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сидиг хэрэгт хавсарган хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг учрал болох үед яллагдагч Н.А нь “Үнэгтийн Уул” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай аэро сити” маркийн 29-13 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон батлагдсан хувиарын дагуу ээлжийн үүрэг гүйцэтгэж байхдаа дээрх гэмт хэрэгт холбогдсон, тус компанид ажилдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлиин 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулахаар” заасан боловч “Үнэгтийн Уул” ХХК-аас албан ёсоор томилогдсон Ц.Батжаргалыг тухайн байгууллагыг төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, иргэний хариуцагчаар татах тогтоол аж ахуйн нэгжийн нэрийг бус түүний нэрийг бичсэн нь улсын яллагчийн зүгээс мөрдөгч зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчилсан байх ба дээрх зөрчлийг шүүх өөрөө эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод гэмт хэргийг шуурхай илрүүлэх зорилт байх бөгөөд дээрх зөрчлөөр хэрэгт дахин ажиллагаа хийлгэх нь хэргийг шуурхай шийдвэрлэх зорилттой нийцэхгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг хаана, хэзээ гарсан, гэмт хэргийг хэн үйлдсэн, хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт буруугийн хэлбэр нь нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, прокурорт буцаах үндэслэл болохгүй.
Хэрэгт авагдсан хохирогч Ц.Цэрэннадмид, иргэний хариуцагч Ц.Батжаргал нарын мэдүүлгээр зөвхөн жолоочийн анхаарал болгоомжгүй, зорчигчийг бүрэн буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлүүлээгүйгээс дээрх осол гарсан жолооч Н.Аын зүгээс бусдад учируулсан хохирлыг төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Мөн эрүүгийн хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоол, албаны даргын тогтоол дугааргүй байгаа нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дотоод дүрэм журмаар зохицуулагдах бөгөөд энэ нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/525 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 900.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Цалингаа авахаар хохирлыг төлнө.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Аод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Тээврийн Прокурорын газраас Н.Аыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хьюндай аэро сити” загварын 29-13 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасныг зөрчиж, зорчигч Б.Цыг автобуснаас буух үед автобусаа хөдөлгөсний улмаас зорчигч Б.Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх иргэний хариуцагчийг зөв тогтоож, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлагатай үндэслэлээр Н.Аод холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь, хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Аын “Үнэгтийн Уул” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 85-86/, “Үнэгтийн Уул” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 29-13 УАС дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 81-83/, Н.А нь “Үнэгтийн Уул” ХХК-ийн тодорхойлолт /хх 50/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь “Үнэгтийн Уул” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажилладаг болох нь тогтоогдож байна.
Н.А нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч Б.Цын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч буюу “Үнэгтийн Уул” ХХК хариуцах учиртай.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад “Үнэгтийн Уул” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох, тус компанийн гэрчилгээ, лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад компанийн захирал гэх Ц.Батжаргалыг иргэний хариуцагчаар тогтоон мэдүүлэг авсан /хх 77-78/ нь буруу болжээ.
Иймд, гэм хорыг хариуцах этгээдийг зөв тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхээс гадна хохирогч төдийгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндэслэл болно.
Хэдийгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж аливаа этгээдийг шүүхийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заасан боловч иргэний хариуцагчийг зөв тогтоон, тайлбар мэдүүлэг авах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх хууль зүйн боломжгүйгээс гадна мөрдөн шалгах чиг үүрэгт хамаарч байх тул шүүгдэгч Н.Аод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/525 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Н.А нь хэргийн талаар дутмаг ойлголттой байгаа талаар тайлбарласан бөгөөд хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгчийн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах талаар прокурор анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/525 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Батбаатарын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ