Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00539

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00539

Х аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00545

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: У хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьяанжүү, 51-3 тоотод байрлах Т авто финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Т ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 5 дугаар багийн 3 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, Д.О холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,602,820 (дөрвөн сая зургаан зуун хоёр мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т авто финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Д.О нь Т авто финанс ХХК-тай 16020453 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приус-30 маркийн 1120УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож, хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2,427,753 төгрөг, хүү 890,990 төгрөг, алданги 1,213,877 төгрөг, нийт 4,532,520 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Зээлдэгч Д.О ээс үүрэг гүйцэтгэх хугацааг 367 хоног хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 8 удаагийн төлөлтийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон.

Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д: Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана. гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Д.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр, хүү, алдангийг нэхэмжлэх болоод байна.

Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.

Мөн Д.О нь зээлийг авах үедээ Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байр 62 тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Зээлдэгч Д.О хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байсан тул хариуцагчийг эрэн сурвалжпуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нь гэрээний үүрэг зөрчсөн хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд холбоотой зайлшгүй зардал тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож, хариуцагчаас 70,200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.

Иймд Д.О тэй байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16020453 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,427,753 төгрөг, хүү 890,990 төгрөг, алданги 1,213,877 төгрөг, эрэн сурвалжлах хүсэлт гаргахад тушаасан 70,200 төгрөг, нийт 4,602,820 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.О 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дашдаваагийн Одгэрэл нь Т автофинанс ХХК-аас машин барьцаалж зээл авсан нь үнэн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр болох 4,602,820 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т авто финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.О д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,602,820 (дөрвөн сая зургаан зуун хоёр мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Д.О ийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 88,595 төгрөгийн 50 хувь болох 44,297.5 төгрөгийг хариуцагч Д.О эээс, 50 хувь болох 44,297.5 төгрөг, илүү төлөгдсөн 5 төгрөг, нийт 44,302.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т авто финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т авто финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,602,820 (дөрвөн сая зургаан зуун хоёр мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1 тус тус зааснаар хариуцагч Д.О ээс 44,297.5 төгрөгийг, улсын орлогоос 44,302.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т авто финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА