Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00520

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00520

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс 155/2024/00326/И/

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Х сумын 3 дугаар баг Туртад оршин суух, Ж.Б ,

Хариуцагч: Х аймгийн М сум 01 дүгээр багийн 41 дүгээр байрны 21 тоотод оршин суух, О.Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С ,

Хариуцагч: О.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч О.Г ад холбогдуулан 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Б нь Х аймгийнХ суманд оршин суудаг ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг. М сумын иргэн хариуцагч О.Г ад түүний хүсэлтийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг ХААН банкны 5890020548 дугаартай дансаар шилжүүлж өгсөн юм. Тухайн үед тэрээр мөнгийг койнд байршуулж байгаад цаг хугацааны дараа буцаагаад өгчихнө гэж надад хэлсэн. Хэдийгээр цаг хугацаа өчнөөн өнгөрсөн боловч тэрээр надаас авсан мөнгөө буцааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хариуцагч О.Г миний мөнгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан атлаа буцааж өгөхгүй байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Миний бие хариуцагч О.Г мөнгийг хэрхэн яаж захиран зарцуулсныг огт мэдэхгүй байна.

Хариуцагч О.Г нь надаас авч өөрийн дураар захиран зарцуулсан миний мөнгийг буцаан өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзан намайг хохироож байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Иймд нэхэмжлэгч надад хохирол учруулсан хариуцагч Х аймгийн М сумын иргэн О.Г 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Нэхэмжлэгч Ж.Б ийн хариуцагч М сумын иргэн О.Г аас 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбартай холбоотой итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд:Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд эрх зүйн ямар маргаан үүссэн талаар үнэн зөв дүгнэлтийг өгөх нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ба итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Б , хариуцагч О.Г нарын хооронд хэлцэл хийгдсэнтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хариуцагчийн зүгээс сүлжээгээр дамжуулан мөнгөө өсгөж болох өөрийн хүсэл зоригийг бусдад илэрхийлж байсан ба нэхэмжлэгч Ж.Б түүний хүсэл зоригийн илэрхийллийг нь хүлээн авч түүний дансанд мөнгөө шилжүүлжээ. Энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалтуудын хүрээнд үүссэн эрх зүйн харилцаа юм.

2.Хариуцагч О.Г ын хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд нэг нь мөнгөө дансанд нь шилжүүлж өгөх, нөгөө нь түүнийг нь сүлжээнд байршуулах үүргийг хүлээсэн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч Ж.Б 2,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлэн өгсөн нь түүний Хаан банкидн эзэмшдэг дансны хуулгаар, харин хариуцагч О.Г нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг эзэмшилдээ авч өөрийн үзэмжээр захиран зарцуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байгаа юм. Харин хариуцагч тал болох О.Г мөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас болж нэхэмжлэгч тал болох Ж.Б хохирсон ба хуульд заасан үндэслэлийн дагуу мөнгөө авч хохиролгүй болох шаардлага үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэлийн үйл баримтаас харагдаж байна.

3.Аливаа хуулиар хориглосон үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх ба тухайн үед хариуцагч О.Г ын эрхэлж байсан сүлжээний бизнес нь хууль зөрчсөн үйл ажиллагаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондох хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох учраас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу хариуцагч О.Г өөрийн дансаар шилжүүлж авсан 2,000,000(хоёр сая) төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх ёстой.

4. Хариуцагч О.Г нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийх замаар Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй хориглосон үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн хөрөнгийг эзэмшсэн нь тодорхой байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд, тодруулбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүссэн үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ж.Б ид хариуцагчаас өөрийн хөрөнгийг буюу түүнд шилжүүлж өгсөн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг шаардах эрх, хариуцагч О.Г ад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс шалтгаалан бусдын хөрөнгийг буцааж өгөх үүрэг үүссэн байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Х аймгийн М сумын иргэн хариуцагч О.Г аас нэхэмжлэгч Ж.Б ийн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч О.Г 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би энэ хүнийг танихгүй бөгөөд огт харилцаж байгаагүй. Болсон явдал гэвэл миний бие 2022 оны хавар Платинкойн компаний РLCU койнд бүртгэл үүсгэж хэрэглэж эхэлсэн. Тухайн үед өөрийн ойрын хүрээллийн цөөн хүнд санал болгож байсан. Ингээд хамт ажилладаг Б.М д санал болгоход тэрээр хүлээж авсан бөгөөд хэд хоногийн дараа түүний найз бүсгүй Ж.М /тухайн үед үерхэж байсан/ манай нэг эгч койн авъя гээд байна. Та бүртгэлийг нь үүсгээд гар утсанд нь суулгаж өгөөч гэж хандсаны дагуу Ш.О гэх хүн Б.М хамт надтай уулзаж бүртгэл хийлгэж, ХААН банк дахь миний дансанд 2 сая төгрөг шилжүүлсэнээр би крипто бирж дээрээс РLCU койныг худалдан авч өөрийнх нь [email protected] и-мэйлаар үүссэн бүртгэлийг нь цэнэглэж, гар утсанд нь 2 аппликэйшнийг суулгаж өгөөд явуулсан. Үүнээс өөрөөр Ш.О тай харилцаагүй. Харин 2023 оны 11 дүгээр сард Шүүхийн эвлэрүүлэн зуучлахаас намайг дуудаж энэ талаар асуухад би хүний мөнгө аваагүй, аваагүй учраас өгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Б.М ярианаас Ш.О нь найз бүсгүй /тухайн үеийн/ Ж.М-нь ахын эхнэр юм байна гэж ойлгосон.

1.Б.М Ш.О нартай уулзаад хамт байх үед Ш.О миний дансны дугаарыг надаас авч миний дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хэний данснаас шилжүүлсэнийг би мэдээгүй /мэдээж өөрийнх нь байлгүй гэж бодсон./

2. Би Ш.О , Ж.Б нарт /Бавуудоржтой уулзаж байгаагүй танихгүй/ койны талаар огт ярьж санал тавьж байгаагүй.

3. Ш.О гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу өөрт нь бүртгэл үүсгэж койн биржээс худалдаж авч өгсөн болохоос би өөртөө 2 сая төгрөгийг нь ашиглаагүй. Учир иймээс би Ш.О , Ж.Б нарт мөнгө төлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн надад зээлдүүлсэн гэх 2,000,000 төгрөгийг З.Б Б.О нар миний Хаан банкны эзэмшлийн данс руу хийсэн баримтаа үндэслээд огт болоогүй зүйлийг зохиож намайг мөнгө зээлсэн мэт харагдуулж байна. Хариу тайлбартаа би болсон үйл явдлын талаар хэргийн материалд бичиж өгсөн байгаа. Олон улсад зөвшөөрөгдсөн Платин нэртэй койнд Б.М нь өөрийн найз охин гэх н.Болормааг над дээр дагуулж ирээд бүртгүүлээд тэр хүмүүс нь цаашаа бусад хүмүүст энэ сүлжээний талаар ярьсан байдаг. З.Б нь н.Молормаагийн төрсөн дүү, Ш.О нь н.Молормаагийн бэр дүү байсан. Эдгээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс нийлж намайг гүтгэж байна. Би З.Б гэж хүнийг танихгүй. Ш.О гэх хүнтэй л уулзаж энэ хүн миний данс руу мөнгө хийж сүлжээнд өөрийн хүсэлтээрээ орсон. Надад мөнгийг зээлдүүлсэн мэт худлаа огт үндэслэлгүй зүйл ярьж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк дахь Жамбалдоржийн Бавуудоржийн 5905028999 тоот дансны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Бүртгэлийн дугаар 0306 Итгэмжлэл зэрэг баримтууд,.

Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбарыг тус тус гаргаж өгчээ.

Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд, тодруулбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүссэн үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ж.Б ид хариуцагчаас өөрийн хөрөнгийг буюу түүнд шилжүүлж өгсөн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг шаардах эрх, хариуцагч О.Г ад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс шалтгаалан бусдын хөрөнгийг буцааж өгөх үүрэг үүссэн байна... гэв.

Хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд:...Миний бие энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би энэ хүнийг танихгүй бөгөөд огт харилцаж байгаагүй. Болсон явдал гэвэл миний бие 2022 оны хавар Платинкойн компаний РLCU койнд бүртгэл үүсгэж хэрэглэж эхэлсэн. Тухайн үед өөрийн ойрын хүрээллийн цөөн хүнд санал болгож байсан. Ингээд хамт ажилладаг Б.М д санал болгоход тэрээр хүлээж авсан бөгөөд хэд хоногийн дараа түүний найз бүсгүй Ж.М /тухайн үед үерхэж байсан/ манай нэг эгч койн авъя гээд байна. Та бүртгэлийг нь үүсгээд гар утсанд нь суулгаж өгөөч гэж хандсаны дагуу Ш.О гэх хүн Б.М хамт надтай уулзаж бүртгэл хийлгэж, ХААН банк дахь миний дансанд 2 сая төгрөг шилжүүлсэнээр би крипто бирж дээрээс РLCU койныг худалдан авч өөрийнх нь [email protected] и-мэйлаар үүссэн бүртгэлийг нь цэнэглэж, гар утсанд нь 2 аппликэйшнийг суулгаж өгөөд явуулсан. Би Ш.О гаас шилжүүлсэн мөнгөөр өөрийнх нь дансыг л цэнэглэж өгсөн болохоос өөртөө ашиглаагүй...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк дахь Жамбалдорж Бавуудоржийн 590502899 тоот дансны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн өдөр нэхэмжлэгч Ж.Б оос хариуцагч О.Г ын 5890020548 тоот дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ үйл баримттай маргаагүй.

Харин хариуцагч нь О.Г ...Ш.О гэх хүн Б.М хамт надтай уулзаж бүртгэл хийлгэж, ХААН банк дахь миний дансанд 2 сая төгрөг шилжүүлсэнээр би крипто бирж дээрээс РLCU койныг худалдан авч өөрийнх нь [email protected] и-мэйлаар үүссэн бүртгэлийг нь цэнэглэж, гар утсанд нь 2 аппликэйшнийг суулгаж өгөөд явуулсан. Би Ш.О гаас шилжүүлсэн мөнгөөр өөрийнх нь дансыг л цэнэглэж өгсөн болохоос өөртөө ашиглаагүй...гэж маргаж байх боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д: Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. гэж, 492 дугаар зүйлийн 492.1.1-д: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Б шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч О.Г аас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б ид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г аас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б ид олголоо.

Хэрэгт хариуцагч О.Г ын гаргаж өгсөн Койн шилжүүлсэн талаарх баримт гэх 4 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч О.Г аас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г аас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА