Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/567

 

      2022          05           26                                        2022/ДШМ/567

С.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Бад холбогдох 2202 00071 0049 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б... овгийн С...ийн Б..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

С.Б нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Горхи” нэртэй амралтын газрын орчмоос “Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин нь нийт 242.9 грамм хэмжээтэй 3 ширхэг хуванцар саванд хийсэн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 65-87 УНБ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн арын багажинд хадгалан Улаанбаатар хотод оруулж ирэн мөн өдрөө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35-04 тоотод орших гэрийнхээ хашаанд байх угаалгын машин дотор худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хадгалсан, мөн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэрийнхээ хашаанд угаалгын машинд хадгалж байсан тухайн “Өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоор “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ хийж бэлтгэсэн, уг бодисноос 0.4246 грамм хэмжээтэйг тамхины асаагуурт нааж худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б... овгийн С...ийн Б...ыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б... овгийн С...ийн Б...д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн асаагуурын 2 талд бор өнгийн шавар мэт бодис наасан байдалтай асаагуур 1 ширхэг, 5 ширхэг хэрэглэсэн ахуйн хэрэглээний газ, 2 дугаартай 72.3 грамм жинтэй хуванцар савтай ургамал, 3 дугаартай 99.6 грамм жинтэй хуванцар савтай ургамал, 4 дугаартай 295.6 грамм жинтэй хуванцар савтай ургамал, 5 дугаартай хажуу хэсэгтээ 2 ширхэг цоолж хуйлсан 50 төгрөг шургуулсан, 0,5 литрийн хуванцар сав, 6 дугаартай аяга, тал приткийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийнхөө хэт сониуч зангаасаа болж тус зүйлийн хор уршгийг мэдэхгүй уг хэрэгт холбогдсон. Би тус хэргээр шалгагдаж эхэлсэнээс хойш тус зүйлийг нийгэм болон хүний бие сэтгэцэд ямар нэг хор уршигтайг ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж маш их харамсаж байна. Миний хийсэн хэрэгт шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялтай маргах зүйл байхгүй. Харин ар гэрийн минь нөхцөл байдлыг харж үзнэ үү гэж хүсэж байна. Миний бие эхнэр, хоёр хүүхэд, эхийн хамтаар амьдардаг. Ээж маань миний байнгын асаргаанд байдаг. Миний ээж Санжсүрэн 2020 онд бусдын гарт өртөж маш хүнд бэртэж, нэг нүд нь бүрэн харах чадвараа алдсан ба уг бэртэлийн улмаас нөгөө нүд рүүгээ нөлөөлж маш муу хардаг ба тархины даралттай, татаж унадаг өвчтэй. Надаас өөр харж асрах хүн байхгүй тул уг байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр ял оноож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Д.Энхбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нэг жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. С.Бад нэг жилийн хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хэмжээнд тохирсон гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч С.Бын ар гэр, хувийн амьдрал нэн хүнд нөхцөл байдалтай, эх Санжсүрэнгийн өрөөсөн нүд хараагүйн дээр татаж унадаг хүнд өвчтэй, С.Б нь эхийгээ байнга харж хандаж ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг байсан. Шүүгдэгч С.Б нь тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч ирсэн, бусдад учруулсан хохирол төлбөр байхгүй зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү.” гэжээ.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хорих ялыг өөр төрлийн ялаар солих боломжгүй. Ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

С.Б нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Горхи” нэртэй амралтын газрын орчмоос “Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин нь нийт 242.9 грамм хэмжээтэй 3 ширхэг хуванцар саванд хийсэн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 65-87 УНБ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн арын багажинд хадгалан Улаанбаатар хотод оруулж ирэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35-04 тоотод орших гэрийнхээ хашаанд байх угаалгын машин дотор худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хадгалсан, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэрийнхээ хашаанд угаалгын машинд хадгалж байсан тухайн “Өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоор “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ хийж бэлтгэсэн, уг бодисноос 0.4246 грамм хэмжээтэйг тамхины асаагуурт нааж худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хадгалсан болох нь:

гэрч С.Энхсолонгийн “...Одоогоос 20 гаран хоногийн өмнө гадуур явж байгаад орой гэртээ орж ирээд миний хажуугаар өнгөрөх үед түүнээс сонин хурц, тамхины үнэрнээс өөр үнэр үнэртэхээр нь “ямар муухай үнэр үнэртээд байгаа юм бэ, юу хийсэн, яасан юм бэ” гэж асуухад өөдөөс “юу ч хийгээгүй, яагаач үгүй” гээд л өнгөрсөн. Харин цагдаад шалгагдаж эхэлсэн үеэс нь хойш бодоход л тэр үед тийм муухай зүйл хэрэглээд орж ирсэн байсан юм болов уу гэж бодож байна. ...2021 оны 10 сарын сүүлээр санагдаж байна, яг хэдний өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр ахынхаа “Приус 20” маркийн машинтай өөрийнхөө 2 найз болох Чүлтэм, түүний найз охин Номио, Төрөө, түүний найз Оюуха нарын хамтаар зургуулаа Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг руу агаар салхинд гарахаар өглөөдөө яваад оройдоо буцаж ирж байсан. ...Манай нөхөр цагдаад шалгагдаж эхэлснийх нь дараа ямар учиртай талаар нь асуухад “Батсүмбэр рүү явах үедээ өвс түүж, та нарт мэдэгдэлгүй авч ирсэн” гэж байсан. ...” /хх 35-36/,

шинжээч Г.Золжаргалын “...Харин ямар ч цаг хугацаанд түүж бэлтгэсэн тухайн ургамлын өөрийн шинж чанар алдахгүй тохиолдолд “Дельта-9 тетрагидроканнабинол” буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх боломжтой. 688 дугаартай дүгнэлтийн объект болох өвс ургамал нь шинж чанараа алдахгүй байсан тул дээрх дүгнэлтийг гаргасан. ...” /хх 69-70/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Г.Золжаргалын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 686 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Санжсүрэнгийн Буян-Ундрах У396070616, 2022.01.11” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн” /хх 42-44/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Г.Золжаргалын 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 688 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “2” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан хажуу хэсэгтээ хоёр зэрэг цоолсон хуванцар сав, хуйлсан АХ1934667 серийн дугаартай Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “6” гэж дугаарласан дотор хэсэг нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга, тал притка мэт зүйлсээс “Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 35.3 грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 59.6 грамм, “4” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 147.6 грамм байна” /хх 48-53/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Г.Золжаргалын 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 687 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан зиплок ууттай, шар өнгийн асаагуурын 2 талд наасан шавар мэт зүйлээс “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.4246 грамм байна” /хх 56-58/ гэх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

шүүгдэгч С.Бын оршин суудаг гэх Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35-04 тоотод байх хашаанд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/, шүүгдэгч С.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-15/, шүүгдэгч С.Бын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-17/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч С.Быг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Бын Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Горхи” нэртэй амралтын газрын орчмоос “Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, уг бодисыг тээврийн хэрэгслийн арын багажинд хадгалан гэрийнхээ хашаанд байх угаалгын машин дотор худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, мөн тухайн “Өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоор “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ хийж бэлтгэсэн, уг бодисноос тамхины асаагуурт нааж өөрийн биедээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нар нь “...ар гэр, хувийн амьдрал нэн хүнд нөхцөл байдалтай, эх Санжсүрэнгийн өрөөсөн нүд хараагүйн дээр татаж унадаг хүнд өвчтэй, С.Б нь эхийгээ байнга харж хандаж ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг байсан. Шүүгдэгч С.Б нь тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч ирсэн, бусдад учруулсан хохирол төлбөр байхгүй зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэх ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ