Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0085

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн,

нэхэмжлэгч нэхэмжлэлийн үлдэх шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгч Л.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.И*******, хариуцагч Л.Г*******, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, нарыг оролцуулан Л.М*******ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын шинжээч Л.Г*******д тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М*******, хариуцагч Л.Г*******, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******* нар шүүх хуралдаан дээр харилцан тохиролцож, байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Бараа үйлчилгээний ангиллын 05 буюу эм, эмийн бүтээгдэхүүнээс бусад ангилалд Ч******* барааны тэмдгийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 20******* дугаарт бүртгэгдсэн анхны мэдүүлгээр бүртгэхээр эвлэрсэн болно. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Эмийн хувьд найрлагыг нь өөрчлөөд шинээр бүртгүүлж болох юм байна. Иймд эвлэрэх саналтай байна. Шинэ зохиогчийн эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэв.

Мөн нэхэмжлэгч Л.М******* шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтэндээ ...зохиогчийн гэрчилгээг шинээр бүртгэж, баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, хариуцагч Л.Г******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх хүсэлтийг дэмжиж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Л.М*******ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын шинжээч Л.Г*******д тус тус холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч Л.М******* болон хариуцагч Л.Г*******, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******* нар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-т Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана., 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Түүнчлэн хариуцагч Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/660 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******т олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан бүрэн эрхийг олгожээ.

Иймд нэхэмжлэгч Л.М*******, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, хариуцагч Л.Г******* нарын эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Л.М******* Ч******* нэртэй эм бэлтгэх аргын шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээг бүртгэж, баталгаажуулан зохиогчийн эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргуулахыг Оюуны өмчийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймээс нэхэмжлэгч Л.М*******ийн Ч******* нэртэй эм бэлтгэх арга шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээг бүртгэж баталгаажуулан зохиогчийн эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргуулахыг Оюуны өмчийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Ч******* барааны тэмдгийг 05 ангиллаас бусад ангилалд бүртгүүлэхээр нэхэмжлэгч Л.М*******, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, Оюуны өмчийн газрын шинжээч Л.Г******* нарын эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Л.М*******ийн гаргасан Ч******* эм бэлтгэх аргын шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээг бүртгэж, баталгаажуулан зохиогчийн эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргуулахыг Оюуны өмчийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН