Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00467

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00467

Х аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс 155/2023/00756/И/

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт байршилтай, Т банк ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т банк йн Б тооцооны төвийн захирал, Г.Б ,

Хариуцагч: Х аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Н.Б ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 2 дугаар багийн 23-11 тоотод оршин суух, Н.Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Малчны зээлийн гэрээний үүрэгт 23,426,361.1 (хорин гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б ,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б ,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Л.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк нь, хариуцагч Н.Б , Н.Бя нарт холбогдох малчны зээлийн гэрээний үүрэгт 23,426,361.1 (хорин гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Зээлдэгч Н.Б , хамтран зээлдэгч Н.Бя нар нь Х аймгийн Б сумын Төрийн банкнаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр МХ460034200300195064 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 18,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, сарын 1,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан.

Зээлдэгч нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,990,158.90 (нэг сая есөн зуун ерэн мянга нэг зуун тавин найман төгрөг ерэн мөнгө) төгрөг, нийт 4,990,158.90 (дөрвөн сая есөн зуун ерэн мянга нэг зуун тавин найман төгрөг ерэн мөнгө) төгрөг төлж, нийт зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг болсон.

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэмэлтээр 6,000,000 төгрөг авч нийт зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг болсон. Зээлдэгч нь зээл хүүгийн төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 25-нд зээлийн хүүд 100,810 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,479,129.37 (таван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун хорин есөн төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийн төлбөрийг төлж үндсэн зээл 18,000,000 төгрөг үлдсэн.

Зээлдэгч нар нь зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 344 хоног хугацаа хэтрүүлсэн болно.

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,258,952.88 (таван сая хоёр зуун тавин найман мянга есөн зуун тавин хоёр төгрөг наян найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,408.22 (зуун жаран долоон мянга дөрвөн зуун найман төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг, нийт 23,426,361.1 ( хорин гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нар зээлийн гэрээнд зурсан гарын үсэг өөрсдийнх нь мөн эсэх талаар маргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь зээлдэгч нарынх биш гэж гарсан хэдийн банк тухайн зээлийг зээлдэгч Н.Б гийн зээлийн дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь өмнө авсан зээлээ төлж байгаад дахин зээл нэмж авсан болох нь нотлогддог.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,258,952.88 (таван сая хоёр зуун тавин найман мянга есөн зуун тавин хоёр төгрөг наян найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,408.22 (зуун жаран долоон мянга дөрвөн зуун найман төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг, нийт 23,426,361.1 ( хорин гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөгийг зээлдэгч нараас гаргуулна... гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ огт байгуулж байгаагүй ба тухайн зээлийн гэрээ байгуулсан талаар ч мэдэхгүй байна. Төрийн банк ХК-аас зээл авсан талаар Н.Бя бид хоёр огт мэдээгүй. Тухайн зээлийг н.Хишигжаргал гэх хүн гарын үсэг дуурайлган авсан байсан ба зээлээ төлөхгүй байгаа. Манай дүү бид хоёр сум орж банкнаас зээл авах шаардлага байхгүй, сум орох боломж ч байдаггүй. Ялангуяа манай дүү Төрийн банк руу энэ амьдралдаа орж үзээгүй, манай дүү бид хоёр эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. Бид нарын амьдардаг газар луу ланд 80 болон 69 маркийн машинууд л явах боломжтой байдаг учраас тэр бүр сум руу орж ирээд байдаггүй, тайгын мухарт амьдардаг. Бид хоёрт дансаа шалгах боломж байдаггүй. Мөн н.Хишигжаргал гэдэг хүн нь манай өвөө, эмээ хоёрын нэр дээр тэдэнд огт нь хэлэхгүйгээр гарын үсгийг нь дуурайлгаж зураад 15,000,000 төгрөгийн зээл авсан байсан.

Манай дүү бид хоёр Төрийн банк дээр очиж зээлийн гэрээ байгуулж, огт зээлж авч байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Хариуцагч Н.Бя 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Наранчимэг овогтой Бямбадорж би нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн 23,426,361.1 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тэр шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Би бол банктай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй учраас төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй. Үндсэн зээлдэгчээр би банкнаас ямар нэгэн зээл аваагүй, харин тус банкны захирал байсан н.Хишигжаргал нь уг зээлийг өөртөө авсан гэсэн. Уг зээлнээс н.Хишигжаргал төлнө гэж байсан. Н.Хишигжаргалыг цагдаагийн байгууллагад өгсөн түүнийг шалгаж байгаа гэсэн ба холбогдох баримтыг ИХШХША-ны үед шүүхийн шатанд гаргаж өгөх болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд регистрийн дугаар 5341469, Төрийн банк ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөрийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, Төрийн банк ХК-ийн салбарын захирал Л.Дашцэрэнгийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 37/636 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, Төрийн банк ХК, Н.Б , Н.Бя нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 14, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрүүдэд байгуулагдсан MN460034200300195064, 200300195064 дүгээр Барьцаат зээлийн гэрээнүүд, Барьцааны зүйлийн жагсаалт, Н.Б , Н.Бя нарын иргэний үнэмлэх, Зээлдэгчийн анкет, багийн Засаг даргын тодорхойлолт зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Н.Б гийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 200300195064 дүгээр зээлийн дансны харилцагчийн хуулга, 200300027722 дугаар харилцах дансны хуулбар зэрэг баримтуудыг,

Хариуцагч нар шүүхэд хариу тайлбарыг тус тус гаргаж өгчээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б ы хүсэлтээр Х аймгийн Прокурорын газраас хариуцагч Н.Б , Н.Бя нараас Авлигатай тэмцэх газарт тухайн зээлийн маргаантай холбоотой гомдол гаргасан эсэх, гаргасан бол түүнд эрүүгийн хэрэг нээсэн эсэх лавлагааг гаргуулж,

хариуцагч Н.Б , Н.Бя нарын хүсэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 14 -ний өдрийн MN460034200300195064 дүгээр, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Ц ын хүсэлтээр 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн MN460034200300195064 дүгээр Барьцаат зээлийн гэрээнүүдэд зурсан гарын үсэг нь хариуцагч Н.Б , Н.Бя нарын гарын үсэгтэй тохирч байгаа эсэхэд шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргуулж, тухайн хэрэгт төрийг төлөөлж оролцож буй Прокурор Л.Отгончимэгийн хүсэлтээр Норовжийн Баасанжавийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Бя гэх хүнийг огт Төрийн банк руу орж байгаагүй гэж байх боловч тухайн хүн нь өмнө малчны зээл авч байсан байна. Тухайн зээл нь 01 дүгээр сарын 13-ны өдөр н.Б гэх хүнээс 10,000,000 төгрөгийг зээлж аваад Батаагийн Наранчимэг гэх хүний данс руу хийж, тэр дансанд 1,000,000 төгрөгийг бэлнээр хийгээд 11,612,191.78 (арван нэгэн сая зургаан зуун арван хоёр төгрөг нэг зуун ерэн нэгэн төгрөг далан найман мөнгө) төгрөгийг төлж Н.Б гэх хүний нэр дээр байсан малчны зээл хаагдсан. Энэ хүмүүс нь дан ганц малчны зээлтэй байгаагүй, цахилгаан барааны лизингийн зээлээ 1,102,048.50 (нэг сая нэг зуун хоёр мянга дөчин найман төгрөг тавин мөнгө) төгрөгөөр хаасан. Энэ хоёр зээлийн төлбөр нь нийт 12,714,240.28 төгрөг байсан ба 13, 14-ний өдрүүдэд энэ хүний нэр дээр байсан зээл хаагдаад, тухайн 18,000,000 төгрөг нь харилцах данс руу нь орж, харилцах данснаас н.Б гэх хүний данс руу 10,010,000 төгрөг шилжиж орсон байдаг. Хариуцагч нар өөрөө энэ талаараа хүлээн зөвшөөрдөггүй учраас н.Б гэх хүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж байгаа. Тухайн зээлдэгчийн харилцах данс руу шилжиж орсон бөгөөд хэдийгээр хариуцагч нар нь Төрийн банкнаас зээл аваагүй гэж байх боловч өмнө авсан зээлээ хаасан байж энэ талаараа яагаад мэддэггүй, ямар шалтгаанаар лизингийн зээлийг тухайн зээл авсан өдрөө заавал яагаад хаасан гээд ойлгомжгүй зүйл зөндөө байна. Дансны хуулгаар бүх зүйл нотлогдож байхад зээл аваагүй гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна...гэв.

Хариуцагч Н.Б , Н.Бя нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ огт байгуулж байгаагүй ба тухайн зээлийн гэрээ байгуулсан талаар ч мэдэхгүй байна. Төрийн банк ХК-аас зээл авсан талаар Н.Бя бид хоёр огт мэдээгүй. Тухайн зээлийг н.Хишигжаргал гэх хүн гарын үсэг дуурайлган авсан байсан ба зээлээ төлөхгүй байгаа. Манай дүү бид хоёр сум орж банкнаас зээл авах шаардлага байхгүй, сум орох боломж ч байдаггүй. Ялангуяа манай дүү Төрийн банк руу энэ амьдралдаа орж үзээгүй, манай дүү бид хоёр эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. Бид нарын амьдардаг газар луу 80 болон 69 маркийн машинууд л явах боломжтой байдаг учраас тэр бүр сум руу орж ирээд байдаггүй, тайгын мухарт амьдардаг. Бид хоёрт дансаа шалгах боломж байдаггүй. Мөн н.Хишигжаргал гэдэг хүн нь манай өвөө, эмээ хоёрын нэр дээр тэдэнд огт нь хэлэхгүйгээр гарын үсгийг нь дуурайлгаж зураад 15,000,000 төгрөгийн зээл авсан байсан.

Манай дүү бид хоёр Төрийн банк дээр очиж зээлийн гэрээ байгуулж огт зээлж авч байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн регистрийн дугаар 5341469, Төрийн банк ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банк ХК, Н.Б , Н.Бя нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан MN460034200300195064, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан дугаар 200300195064 дүгээр барьцаат зээлийн гэрээ, Б.Бямбасүрэнгийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 200300195064 дүгээр зээлийн дансны хуулга, 200300027722 дугаар харилцах дансны хуулбар, зохигчийн тайлбар, Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх ба зээлдүүлэгч Төрийн банк ХК, зээлдэгч Н.Б , Н.Бя нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан MN460034200300195064, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан дугаар 200300195064 дүгээр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 21,000,0000 төгрөгийг, 1 жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байхаар талууд тохиролцож, зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н.Б гийн Төрийн банкны 200300195064 дүгээр зээлийн дансанд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Малчин зээл олгов. БЯМБАСҮРЭН НАРАНЧИМЭГ гэх утгаар 18,000,000 сая төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Зээл олгов гэх утгаар 6,000,000 төгрөгийг тус бүр шилжүүлсэн болох нь тогтоогдлоо.

Гэрч н.Б ын: ...Намайг теллер дээр үйлчлүүлж байхад Төрийн банк ХК-ийн захирал н.Хишгээ дуудахаар нь өрөөнд нь орсон. Гэтэл та энэ данс руу 10,000,000 төгрөг хийгээд өгөөч маргааш буцааж өгье гэхээр нь шилжүүлсэн. Түүнээс биш яг хэний данс руу мөнгө шилжүүлсэн талаараа сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, Төрийн банк ХК, зээлдэгч Н.Б , Н.Бя нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр MN460034200300195064, 2021 оны 01 дүгээр сарын 14- 200300195064 дугаар зээлийн гэрээ тус тус байгуулагсан болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан тул Т банк шаардах эрхтэй.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь би ийм данстай талаараа мэдэхгүй, ийм данс нээгдсэн талаар сая мэдсэн гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар энэ үйл баримт тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь тухайн харилцах данс нээгдсэн эсэх талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад хандаж шалгуулахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан, хариуцагч нар зээлийн гэрээнд гарын үсгээ өөрсдөө зурсан байх боломжтой боловч шинжээчийн дүгнэлтээр биш гэж гарч ирж байгаад гайхаж байна гэж тайлбарлаж байх боловч тухайн зээлийн гэрээ талуудын сайн дурын үндсэн дээр бичгээр байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан гэдэг нь хэрэг авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд шүүх хариуцагч Н.Б , Н.Бя нараас үндсэн зээлийн төлбөр 18,000,000 төгрөгийг гаргуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 5,426,661.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.2-т: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага болох 18,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг хариуцагч Б.Бямбасүрэн, Б.Бямбадорж нараас, илүү төлөгдсөн 18 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т банк д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Бя, Н.Б нараас 18,000,000 (арван найман сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,426,361.1 (таван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэг төгрөг нэг мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т банк йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,082 (хоёр зуун далан таван мянга наян хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бя, Н.Б нараас 247,950 (хоёр зуун дөчин долоо есөн зуун тавь) төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 18 (арван найм) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, Т банк д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА