Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2024/00460

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2024/00460

Х аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00438/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т,

Хариуцагч: Х аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суух, Баяд О.Д ид холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 161,100 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 1*** тоот дансанд оруулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтох шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х аймгийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна. гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн байдлыг судалж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан.

Хариуцагч О.Д нь гэмт хэрэг үйлдэж, Д.Г хохирсон болох нь нотлогдож, Х аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Хариуцагч О.Д нь хохирогч Д.Г ийн эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсаны улмаас хохирогч Д.Г нь Х аймгийн Нэгдсэн эмнэлгээс 161,100 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Тухайн зардлыг Х аймгийн Нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авчээ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй. гэж заасан тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.

Х аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 -д: гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн Х аймгийн Прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож өгөх тухай хүсэлтийг Х аймгийн Прокурорын газарт ирүүлжээ.

Иймд Прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр, төрийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж, төрийн нэрийн өмнөөс Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргаж байна.

О.Д оос эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 161,100 (нэг зуун жаран нэгэн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сан /Төрийн сан/-ийн 1*** тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав. гэжээ.

Хариуцагч О.Д 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.Д нь Х аймгийн Прокурорын газрын эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 161,100 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 1*** тоот дансанд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 161,100 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар нь хариуцагч О.Д нь холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 161,100 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 1*** тоот дансанд оруулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч О.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул хариуцагч О.Д оос нэхэмжлэлийн шаардлага болох 161,100 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 5,483 төгрөгийн тал хувь 2,741.5 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д ид холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 161,100 (нэг зуун жаран нэгэн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 1*** тоот дансанд оруулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.Д оос 2,741.5 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА