Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/568

 

      2022          05           26                                        2022/ДШМ/568

Ө.Ц, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр Ө.Ц, Г.Г нарт холбогдох 2211 00000 0046 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б... овгийн Ө...ын Ц..., 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., ... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

2. Х... овгийн Г...ын Г..., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., .... хамт ... дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

Ө.Ц, Г.Г нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 499 тоотод байрлах иргэн Ж.Батсүрэнгийн эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтрэн орж, “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийн урд талын хос их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ө.Ц, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х... овгийн Г...ын Г...., Б... овгийн Ө...ын Ц... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Ө.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч Г.Г, Ө.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө “...шүүгдэгч нарыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн шинж хангагдахгүй байна. Хохирогч Ж.Батсүрэнгийн эд зүйл хадгалах агуулах гэх боловч уг агуулах нь сэлбэг зардаг, мөн засдаг газар болох нь тэдгээрийн мэдүүлгээр, мөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нь уг агуулах байрыг тусгайлан хамгаалсан нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Батсүрэнгийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед өөрийн автомашин сэлбэг хадгалдаг байшин руугаа ороход “Хонда инсайт” маркийн урд их гэрэл хосоороо, радиатор алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, ...сүүлийн хэд хоног цоожлоогүй үлдээсэн байсан.” /хх 16/ гэх, мөн хохирогчоор мэдүүлэхдээ “...“Хонда инсайт” хос гэрэл алга болсон байсан. Би өмнөх мэдүүлэгтээ радиатор алга болсон гэж мэдүүлсэн байсан. Харин дүү аваад зарчихсан байсныг би мэдэлгүй тэгж мэдүүлсэн юм. ...манайхаас сэлбэг авсан 2 залуу авсан байсан.” /хх 14/ гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...хохирогчийнд очиход хаалга, үүд нь онгорхой түгжээгүй байсан...” гэх мэдүүлэг зэргээр бусдын эд зүйлийг хулгайлсан дээрх үйлдлүүд нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүйг мэдээгүй байж зөрчсөн үйлдэл нь тэдгээрийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарахгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шинжийг бүрэн хангаагүй байна.” гэж дүгнэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоол /хүчинтэй/-д: 1.10. “агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно.

1.11. “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно” гэж тайлбарласан.

Хэрэгт хууль сануулж авсан хохирогч Ж.Батсүрэнгийн мэдүүлэгт уг агуулахад автомашины сэлбэг хадгалдаг, зардаг, мөн засвар үйлчилгээ явуулдаг бөгөөд сүүлийн хэд хоног цоожлоогүй байсан тухай мэдүүлсэн ба шүүгдэгч Ө.Ц, Г.Г нар нь шөнийн цагаар хохирогчийн хашаан дотор байрлах эд зүйл хадгалах зориулалттай агуулахыг онгорхой байхад нь сэм, нуугдах аргаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон болно.

Прокуророос шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “...эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх прокуророос Ө.Ц, Г.Г нарыг “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн гэж, мөн “...хохирогч нь уг агуулах байрыг тусгайлан хамгаалсан нөхцөл байдал тогтоогдохгүй...” гэж дүгнэн хэргийг зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдэх гэдэг ойлголт нь заавал тусгайлан хамгаалсан байхыг шаардахгүй тул 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй. Учир нь, прокуророос Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолыг иш татсан байна. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийг тайлбарласан тогтоол байдаг. Одоо 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Прокуророос агуулах саванд нэвтэрсэн гэж дүгнэх боловч шинэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэж тайлбарлаж өгсөн. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоол байдаг. Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хаалга байдаггүй. Шүүгдэгч Ө.Ц, Г.Г нар мэдүүлэхдээ “...бид хоёр худалдаж авсан гэрлээ солиулах зорилготой очсон боловч хүн байхгүй, хашааны хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь гэрлээ сольж авчихаад гарсан” гэдэг. Энэ үйлдэлдээ шүүгдэгч нар маш их гэмшсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Бид агуулах, саванд нэвтэрч үйлдсэн гэдэг дээр маргаж байна. Хохирогчоос “...хэд хоног цоожлоогүй” гэж мэдүүлсэн. Тэгэхээр эргэлзээтэй нөхцөл байдал байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурор С.Солонгын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ө.Ц, Г.Г нар нь бүлэглэн иргэн Ж.Батсүрэнгийн “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийн урд талын хос их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Батсүрэнгийн “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед өөрийн автомашины сэлбэг хадгалдаг байшин руугаа ороход “Хонда инсайт” маркийн урд их гэрэл хосоороо, радиатор алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн өдрөөс өмнөх 2-3 хоног манай гражид хоёр залуу ирээд “Хонда инсайт” загварын машины сэлбэгүүд аваад байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирж “Хонда инсайт” машины хуучивтар, шарласан их гэрэл хосоор нь 300.000 төгрөгөөр аваад явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нөгөө хоёр залуу над руу залгаад “авсан хуучин гэрлээ буцаая” гэхээр нь дуудаж уулзаад “манайх камертай, ахынхаа хоёр гэрлийг өгчихөө, мэдэж байна, цагдаа нарт хэлчихсэн байгаа” гэхэд “уучлаарай авчихсан юмаа, таны хуучин гэрлийг өгөөд зөрүү мөнгийг нь буцаагаад өгье” гэж хэлээд надад хуучин гэрэл болон зөрүү мөнгө болох 400.000 төгрөгийг өгч ямар нэгэн гомдол саналгүй болгосон. ...” /хх 14/ гэх мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 26-27/, шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарын яллагдагчаар өгсөн “хэргээ хүлээн зөвшөөрсөн” мэдүүлгүүд /хх 42, 49/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарын бүлэглэн иргэн Ж.Батсүрэнгийн “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийн урд талын хос их гэрлийг хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг нь харгалзан шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсэн нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Прокурор С.Солонго “...шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “...эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх прокуророос Ө.Ц, Г.Г нарыг “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн гэж, мөн “...хохирогч нь уг агуулах байрыг тусгайлан хамгаалсан нөхцөл байдал тогтоогдохгүй...” гэж дүгнэн хэргийг зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдэх гэдэг ойлголт нь заавал тусгайлан хамгаалсан байхыг шаардахгүй тул 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Батсүрэн “...өөрийн автомашины сэлбэг хадгалдаг байшин руугаа ороход “Хонда инсайт” маркийн урд их гэрэл хосоороо алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэж мэдүүлдэг боловч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/ зэргээс тухайн сэлбэг хадгалдаг гэх газар нь тусгайлан хамгаалсан хаалгагүй, цоожгүй, хэн боловч чөлөөтэй орох боломжтой, шүүгдэгч нар нь тухайн байшинд түлхүүр тааруулан хаалгыг онгойлгох, эсхүл багаж хэрэгсэл ашиглан цоожийг эвдэх, цонхыг нь хагалах зэрэг аргаар үйлдээгүй болох нь харагдаж байх тул шүүгдэгч нарыг эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Солонгын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Солонгын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ        

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ