| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00376/И |
| Дугаар | 155/ШШ2024/00422 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00422
| 2024 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/00422 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00376/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч:Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н, Ц.Ө ,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, Н.Х холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 5,185,985 төгрөг, алданги 2,592,992 төгрөг, нийт 7,778,997 (долоон сая долоон зуун далан найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч Н ХХК нь иргэн Л.Н 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ТШ/19/1210 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг.
Нэхэмжлэгч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан боловч хариуцагч нь гэрээний 6.1 дэх хэсэгт: худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг сар бүрийн 25-ны дотор нийлүүлэгч талын эзэмшлийн ХААН банк дахь тоот дансанд шилжүүлнэ. гэж заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй буюу барааны үнэ болох 5,235,985 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.
Улмаар тус шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 06-ны нэхэмжлэл гаргасан боловч Л.П нас барж улмаар түүний эхнэр Н.Х өргөдөл гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ гартал бага багаар төлөх хүсэлт гаргаж цаашид хамтран ажиллах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл Л.П-ийн өр төлбөрийг өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа Л.П-ийн нэр дээрх Т г сумын 4 дүгээр баг, Цагаан бургасын даваа гэх газарт байрлах Үл хөдлөх эд хөрөнгө, газар зэргийг өвлөж авч түүний дараа төлөх хүсэлтийг гаргасан.
Гэвч Н.Х нь дээрх өр төлбөрөөс 50,000 төгрөг төлж бусад төлбөрийг төлөлгүй удааширч байна.
Талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 7.2-т заасны дагуу нэхэмжпэгч нь алданги тооцон авах эрхтэй бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 2,592,992 төгрөг болж байна.
Иймд хариуцагч Н.Х аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 5,185,985 төгрөг, алданги 2,592,992 төгрөг, нийт 7,778,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
Хариуцагч Н.Х 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н овогтой Х нь Н ХХК-ийн нэхэмжилж буй 7,778,997 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.Х д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 5,185,985 төгрөг, алданги 2,592,992 төгрөг, нийт 7,778,997 (долоон сая долоон зуун далан найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Н.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,414 төгрөгийн 50 хувь болох 69,707 төгрөгийг хариуцагч Н.Х аас, 69,707 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Х д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 5,185,985 төгрөг, алданги 2,592,992 төгрөг, нийт 7,778,997 (долоон сая долоон зуун далан найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Х аас 69,707 төгрөгийг, улсын орлогоос 69,707 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА