Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00398

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00398

Х аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00215/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 1 дүгээр багийн 203-6 дугаар байрны 24 тоотод оршин суух, Д.П ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 1 дүгээр багийн 203-5 дугаар байрны 45 тоотод оршин суух, Б.П ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 1 дүгээр багийн 203-5 дугаар байрны 45 тоотод оршин суух, Б.Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,507,560 (арван зургаан сая таван зуун долоон мянга таван зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.П ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Б.П , Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,507,560 (хорин хоёр сая таван зуун долоон мянга таван зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүрэгт 16,507,560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тордрууллаа.

Нэхэмжлэгч Д.П шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2022 оны 4 дүгээр сард манай нөхөр Б.Г нь найз Б.П уулзсан чинь эхнэр Г нь мөнгө өсгөх ажил хийж байгаа гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 П-ын эхнэр Г тай утсаар холбогдож, уулзахад өгсөн мөнгийг чинь нэг сарын дараа 30 хувиар өсгөж өгнө гэж хэлсэн, юу хийж, яаж мөнгө өсгөдөг юм бэ гэхэд нэг юм хийж байгаа, хүнд битгий яриарай гээд тодорхой зүйлийг хэлээгүй. Нөхөр Г маань П-тэй найз учраас би тэднийг өөрсдийн гэсэн бизнес эрхэлдэг, санхүүгийн боломжтой хүмүүс гэж боддог байсан тул мөнгийг маань өсгөж өгнө гэдэгт итгэж байсан. Тиймээс 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г Х банк дахь 5*** тоот данс руу 20,000,000 (хорин сая) төгрөгийг шилжүүлсэн. Ингээд сарын дараа 26 сая төгрөг төлөх ёстой байсан боловч 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 13 сая төгрөг өгсөн. Би мөнгөө дутуу хийсэн байна гэж ярихад үлдсэн мөнгийг нь маргааш шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үедээ би сард 30 хувийн хүү өгнө гэдэг нь боломжийн санагдаж байсан тул дахиад мөнгө зээлэх үү гэж асуухад өөрийнхөө хийж байгаа зүйлийг найдвартай, дахиж мөнгө өгөх бол сая шилжүүлсэн мөнгөө буцаагаад явуулчих гэж хэлсэн. Би Г аас 13,000,000 төгрөг авах байсан тул нийт мөнгөө 30,000,000 төгрөг болгоё гэж бодоод 17,000,000 төгрөгийг мөн өдрөө Г ын данс руу шилжүүлсэн. Ингээд би Г ыг 2022 оны 6 дугаар сарын эхээр надад 39,000,000 төгрөг өгөх ёстой гэж ойлгож байсан боловч надад өгөөгүй. Улмаар би 6 дугаар сард бараг өдөр бүр залгаж мөнгөө нэхдэг байсан боловч энэ тэр зүйлийг хийж аргалсаар 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан.

2022 оны 8 дугаар сарын нэг өдөр Г биднийг дуудахаар нь мөнгөө өгөх гэж байгаа юм байна гэж ойлгоод очиход мөнгийг чинь нэг юм руу хийчихээд гаргаж авч чадахгүй байна. Дахиад 2000 доллар босгоод өгчихвөл 11 сарын 30 гэхэд бүх мөнгийг чинь өгнө, би өөрөө бас мөнгө босгож чадахгүй байна. гэж хэлээд байсан тул дахин 6,507,560 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл бидэнд дахиж мөнгө өгөөгүй болно.

Би Г д мөнгө өгөхдөө хүнээс хүүтэй мөнгө зээлж, банкнаас зээл авч өгсөн тул сар тутам тэдгээр зээлээ төлж явсаар 2023 оны 6 дугаар сар болж, дахин мөнгөө нэхэхэд танайх машинаа барьцаанд тавиад зээл авчих, би сар бүр төлөлтийг нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгэхээр нь би сар бүр банк бус байгууллагад хүүтэй мөнгөний зээл төлж байхаар манайд боломжоороо мөнгө өгөөд байгаач гэж хэлсэн чинь за тэгье тэгье, сард багадаа 1 сая төгрөг төлж байя гэж хэлсэн боловч түүнээс хойш мөнгө өгсөн удаагүй.

Иймд арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгөө нэхэмжилж байна.

Бидний хооронд мөнгө шилжсэн, буцаан авсан тооцоог дараах байдлаар хүснэгтэлж харуулав.

Огноо

Нэхэмжлэгчээс шилжүүлсэн дүн (төгрөг)

Хариуцагчаас өгсөн дүн (төгрөг)

Үлдэгдэл дүн (төгрөг)

2024.04.02

20,000,000

 

20,000,000

2022.05.05

 

Үндсэн мөнгө 10,000,000, хүү 3,000,000 нийт 13,000,000

Үндсэн мөнгө 10,000,000, нэг сарын хүү 3,000,000 нийт 13,000,000

2022.05.05

17,000,000

 

30,000,000

2022.07.06

 

14,000,000

16,000,000

2022.08.27

6,507,560

 

22,507,560

 

Би одоо 22,507,560 төгрөгийг хариуцагч нараас авах ёстой.

Иймд Д.П надад Б.П , Буриадын Г нараас зээл 22,507,560 (хорин хоёр сая таван зуун долоон мянга таван зуун жар) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай нөхөр бид хоёр хариуцагч Б.Г , П хоёрт 30 хувиар тооцоод зээлж байна гэж ойлгоод хариуцагч Б.Г данс руу би 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 1 сарын дараа над руу 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн, би 13,000,000 төгрөг дутуу байгаа талаар хэлэхэд маргааш шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байснаас та хоёр дахиад мөнгө зээлэх үү, надад 30,000,000 төгрөг зээлчих юм бол би сарын дараа 39,000,000 болгоод өгье гэж хэлсэн учир манай нөхөр бид хоёр нөгөө 13,000,000 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг нэмээд нийт 17,000,000 төгрөгийг тухайн өдрөө Б.Г данс руу шилжүүлсэн. 1 сарын дараа хариуцагч Г нь 39,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, манай нөхөр лүү залгаад би та хоёрын мөнгийг яг сарын дараа өгье гэж хэлсэн байсан. Тэгж хэлэхдээ ч мөн хүү ярьсаар л байсан. Тэгээд би хариуцагч Б.Г аас мөнгөө авмаар байна гэж хэлсэн боловч жаахан хүлээчих гээд янз бүрийн шалтаг ярьсаар өдийг хүрсэн. Хариуцагч Б.Г нь 7 дугаар сард миний данс руу 13,000,000 төгрөгийг хийгээд үлдэгдлийг нь өгнө гэж явсаар байгаад 8 дугаар сард нь нөхөр бид хоёрыг дуудсан. Тухайн үед би бид хоёроос зээлсэн мөнгө өгөх гэж байна л гэж бодсон боловч бид хоёрыг мөнгө зээлээч ээ 2022 оны 11 дүгээр сар гэхэд өгье гэж хэлсэн. Би одоо бид хоёр ямар ч боломжгүй, өмнө чамд өгсөн мөнгөө хүнээс зээлсэн байсан. Хүмүүсийн өрийг өгөх хэрэгтэй байгаа талаараа хэлсэн боловч Б.Г нь одоо л тэдэн төгрөг зээлчих юм бол 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яг тэд болгоод өгнө гэж хэлсэн учир нөхөр бид хоёр 6,500,000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж өгсөн. Хариуцагч Б.Г нь тухайн хэлсэн хугацаандаа бид хоёрын мөнгийг өгөөгүй, ингэж явсаар байгаад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Хариуцагч Б.Г нь манай нөхрийн найз учраас өгчих байх гээд хүлээгээд байсан. Би 2023 оны 12 дугаар сард шүүхэд хандах үед Б.Г нь над руу залгаад чи намайг шүүхэд өгсөн юм уу гэхээр нь тийм ээ чи худлаа яриад яваад байгаа учраас би шүүхэд хандсан, шийдэх ёстой газраар нь шийдүүлье гэж хэлсэн. Би өөрт байгаа бүх нотлох баримтаа өгсөн байгаа.

Би анх хариуцагч Б.Г аас 22,507,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч үүнээсээ хүүний 6,000,000 төгрөгийг хасаад хариуцагч Б.Г аас 16,507,560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулж байна гэв... гэв.

Харицагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.Г миний бие Н.Б гэх этгээдэд их хэмжээний мөнгө алдсан. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдөр болсон. Энэ алдсан мөнгөн дотор Б.Г ийн 37,000,000 төгрөг хамт алдагдсан нь үнэн. Н.Баяр-Эрдэнийг 2022 оны 10 дугаар сард Б.Г миний бие Х аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар хохирогчийн гомдлоо өгсөн, 1 жил гаран шалгагдаж, одоо аймгийн Прокурорт шилжсэн байдаг. Н.Б гэх этгээдэд Б.Г би болон Б.Г бид бүгд 30 хувийг өсгүүлэх зорилгоор өгөөд залилуулсан байсан. Б.Г миний бие 1 тэрбум гаруй төгрөг алдаад өдий хүртэл тэр хүнээс 100 төгрөг ч авсангүй. Адилхан бүгд хохирчихоод байсан ч би Б.Г т 27,000,000 төгрөгийг өөрөө олж өгсөн. Одоо үлдсэн 10,000,000 төгрөгийг Н.Баяр-Эрдэний хэрэг шийдэгдэж, шүүх хурал болсны дараа Н.Б эс мөнгө авч өгөх хүсэлтэй байна. Энэ мөнгийг Н.Б гэх нөхөр бүгдийг авсан байтал өмнөөс нь Б.Г миний бие хүмүүсийн өр төлөөд явахад үнэндээ хэцүү байна. 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн гэх 6,507,560 төгрөгийг би аваагүй, өөрсдөө Н.Б тэй уулзаж алдсан мөнгөө, 10,000,000 төгрөгийг нь олж авна гэж алдсан байгаа юм. Энэ мөнгийг өөрсдөө тэр хүнтэй ярилцаад ийм мөнгө хийсэн байсан. Надад өгөөгүй, би аваагүй, хүний өмнөөс би одоо өр төлөөд явж чадахгүй. Тиймээс Б.Г миний прокурор дээр хянагдаж байгаа Н.Б шүүх хурал болоод асуудал шийдэгдэх хүртэл Д.П ын энэ нэхэмжлэлийг хойшлуулж өгнө үү.

Жич: Миний данс руу хийсэн мөнгө 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Б.Г данс руу 20,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөг нийт 37,000,000 төгрөг. Б.Г миний бие Б.Г т өгсөн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн 13,000,000 төгрөг, 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн 13,000,000, 1,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг, банкны ...ширхэг баримт хавсаргав. гэжээ.

Нэхэмжлэгч Д.П нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар зэрэг баримтуудыг,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь хариу тайлбар, Х аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 50/3-1359 дугаар албан бичиг, Б.Г ын 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Х банкны 5*** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 5 дугаар сарын 05, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Х банкны 5*** тоот дансны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Зохигч хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Манай нөхөр бид хоёр хариуцагч Б.Г , П хоёрт 30 хувиар тооцоод зээлж байна гэж ойлгоод хариуцагч Б.Г данс руу би 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд сарын дараа над руу 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн, би 13,000,000 төгрөг дутуу байгаа талаар хэлэхэд маргааш шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байснаас та хоёр дахиад мөнгө зээлэх үү, надад 30,000,000 төгрөг зээлчих юм бол би сарын дараа 39,000,000 болгоод өгье гэж хэлсэн учир манай нөхөр бид хоёр нөгөө 13,000,000 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг нэмээд нийт 17,000,000 төгрөгийг тухайн өдрөө Б.Г данс руу шилжүүлсэн. 1 сарын дараа хариуцагч Б.Г нь 39,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, манай нөхөр лүү залгаад би та хоёрын мөнгийг яг сарын дараа өгье гэж хэлсэн байсан. Тэгж хэлэхдээ ч мөн хүү ярьсаар л байсан. Тэгээд би хариуцагч Б.Г аас мөнгөө авмаар байна гэж хэлсэн боловч жаахан хүлээчих гээд янз бүрийн шалтаг ярьсаар өдийг хүрсэн. Хариуцагч Б.Г нь 7 дугаар сард миний данс руу 13,000,000 төгрөгийг хийгээд үлдэгдлийг нь өгнө гэж явсаар байгаад 8 дугаар сард нь нөхөр бид хоёрыг дуудсан. Тухайн үед би бид хоёроос зээлсэн мөнгө өгөх гэж байна л гэж бодсон боловч бид хоёрыг мөнгө зээлээч ээ, 2022 оны 11 дүгээр сар гэхэд өгье гэж хэлсэн. Би одоо бид хоёр ямар ч боломжгүй, өмнө чамд өгсөн мөнгөө хүнээс зээлсэн байсан. Хүмүүсийн өрийг өгөх хэрэгтэй байгаа талаараа хэлсэн боловч Б6Г нь одоо л тэдэн төгрөг зээлчих юм бол 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яг тэд болгоод өгнө гэж хэлсэн учир нөхөр бид хоёр 6,500,000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж өгсөн. Хариуцагч Б.Г нь тухайн хэлсэн хугацаандаа бид хоёрын мөнгийг өгөөгүй, ингэж явсаар байгаад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Гэхдээ би шүүх хуралдаанд Б.Г д шилжүүлсэн 37,000,000 төгрөгөөс түүний шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг хасч 10,000,000 төгрөг, мөн түүний хүсэлтээр шилжүүлсэн 6,507,560 төгрөгийг нэмж, нийт 16,507,560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулж байна... гэв.

Харицагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Б.Г миний бие Н.Б гэх этгээдэд их хэмжээний мөнгө алдсан. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдөр болсон. Энэ алдсан мөнгөн дотор Б.Г ийн 37,000,000 төгрөг хамт алдагдсан нь үнэн. Н.Б -ийг 2022 оны 10 дугаар сард Б.Г миний бие Х аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар хохирогчийн гомдлоо өгсөн, 1 жил гаран шалгагдаж, одоо аймгийн Прокурорт шилжсэн байдаг. Н.Б гэх этгээдэд Б.Г би болон Б.Г бид бүгд 30 хувийг өсгүүлэх зорилгоор өгөөд залилуулсан байсан. Б.Г миний бие 1 тэрбум гаруй төгрөг алдаад өдий хүртэл тэр хүнээс 100 төгрөг ч авсангүй. Адилхан бүгд хохирчихоод байсан ч би Б.Г т 27,000,000 төгрөгийг өөрөө олж өгсөн. Одоо үлдсэн 10,000,000 төгрөгийг Н.Б-ийн хэрэг шийдэгдэж, шүүх хурал болсны дараа Н.Б эс мөнгө авч өгөх хүсэлтэй байна. Энэ мөнгийг Н.Б гэх нөхөр бүгдийг авсан байтал өмнөөс нь Б.Г миний бие хүмүүсийн өр төлөөд явахад үнэндээ хэцүү байна. 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн гэх 6,507,560 төгрөгийг би аваагүй, өөрсдөө Н.Б тэй уулзаж алдсан мөнгөө, 10,000,000 төгрөгийг нь олж авна гэж алдсан байгаа юм. Энэ мөнгийг өөрсдөө тэр хүнтэй ярилцаад ийм мөнгө хийсэн байсан. Надад өгөөгүй, би аваагүй, хүний өмнөөс би одоо өр төлөөд явж чадахгүй... гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч Д.П ын Х банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, хариуцагч Буриадын Г ын 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Х банкны 5*** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 5 дугаар сарын 05, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Х банкны 5*** тоот дансны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн Х банкны 5*** тоот дансанд нийт 37,000,000 төгрөгийг шилжүүлж, үүнээс 27,000,000 төгрөгийг буцааж авсан нь нотлогдож байх бөгөөд талууд тухайн мөнгийг шилжүүлж авсан, шилжүүлсэнтэй маргаагүй.

Хариуцагч 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөө хүлээн зөвшөөрч, 6,507,650 төгрөгийг нэхэмжлэгч нь шилжүүлж авсан хүнтэй ярилцаад шилжүүлсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Г хүсэлтээр 6,507,650 төгрөгийг н.Ө гэх хүний данс руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар энэ үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хариуцагч Б.Г , Б.П нараас гаргуулж, нэхэмжлэгч Д.П т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,507,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.2-д: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г , Б.П нараас 10,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Г , Б.П нараас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,507,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г , Б.П нараас 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА