Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00395

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00395

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00245/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  М.Н,

Хариуцагч:  Н.У ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 900,000 (есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ш ,

Хариуцагч: Н.У ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Н.У д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 900,000 (есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний хүү Э нь одоо 16 настай ба У , Л нартай хамт 2023 оны 11 дүгээр сард Х аймгийн Г сумын иргэн П гэдэг хүний хувийн байшинд засвар хийж, ажлаар хамт явсан. Дээрх барилгын ажлыг хийж дууссан ба хүүд минь ажлын хөлсөнд 400,000 төгрөг өгсөн байна. Энэ ажлыг нийт 7,000,000 төгрөгийн хөлсөөр хийсэн мөртлөө хүүд 400,000 төгрөг өгсөнд гомдолтой байна. Учир нь миний хүү дээрх хүмүүсийн хий гэсэн ажлыг бүрэн гүйцэт хийж илүү цагаар ажил хийсэн мөртлөө 400,000 төгрөг авсныг бага гэж бодож байна.

Иймд У гээс 900,000 төгрөг нэмж гаргуулж авмаар байна. Г сумын иргэн П , утас 9*** тэр ярихдаа 2,000,000 төгрөг хоол унд бусад зардалд тооцсон, цэвэр 5,000,000 төгрөгийг У гийн дансанд өөрийн хүсэлтээр 2-3 үе шаттайгаар хийсэн гэж яриад байгаа.

Иймд 900,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Н.У гээс 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн мөнгийг яагаад хариуцагч Н.У гээс гаргуулах болсон юм бэ гэвэл нэхэмжлэгч Б.Н ийн 16 настай хүү н.Э нь 10 хоногийн хугацаанд Х аймгийн Г сумын иргэн П гэх хүний барилгын ажилд дээр хариуцагч болон Л гэх хоёр хүнтэй хамтарч ажилласан. Тэгээд ажил хийлгэсэн П гэх хүн нь хэлэхдээ тухайн дэлгүүрийн засварын ажлыг яг сэтгэлд хүртэл хийж чадаагүй, муу хийсэн. Гэсэн боловч ажил хийж байх хугацаандаа энэ чинь ийм байна, тийм байна гээд цалин хөлсөө нэмүүлж байсан, хэдийгээр ажлын чанар муу байсан ч би ажлынхаа хөлсийг хасаж тооцоогүй. Тухайн үед цаг агаар хүйтэн болж байсан учир олон юм ярихгүйгээр засварын ажлыг нь хүлээж авч ажлын хөлсийг 7,000,000 төгрөгөөр тооцож, тухайн мөнгөнөөс хоолны мөнгөнд 2,000,000 төгрөгийг тооцоод эхнэр, хүүхдээсээ мөнгө аваад үе шаттайгаар 5,000,000 төгрөгийг хариуцагч Н.У гийн дансанд хийсэн гэж надад хэлсэн. Тэгээд хариуцагч Н.У нь нэхэмжлэгчийн хүү Э д 400,000 төгрөг өгөөд үлдсэн цалинг өгөх гэхээр ажил хийлгэсэн хүн маань цалингаа өгөхгүй байна гээд байлгаад байсан. Гэтэл сүүлд мэдэхэд 5,000,000 төгрөгийг аваад хариуцагч Н.У , н.Л нар хувааж авсан байсан. Бид нарын зүгээс 400,000 төгрөгийн цалин хөлсийг чамлаж байгаа учир нь тухайн хүүхэд шөнө, өдөргүй илүү цагаар ажиллаж байсан. Би хариуцагчид тухайн мөнгийг яг адил хувааж өг гэж хэлээгүй, уг мөнгөнөөс 900,000 төгрөгийг л авъя гэж нэхэмжилсэн. Мөн хариуцагч Н.У нь 400,000 төгрөг өгөөд тэр мөнгөнөөс нь архи авахуулж ууж, зээлж авсан байсан. Би хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулахаар эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч нэхэмжлэгч Б.Н нь эд нараас айгаад 400,000 төгрөг хүртэл буулгаад тохиролцсон байсан боловч энэ мөнгөө ч өгөөгүй, тухайн эвлэрлийн гэрээ байгуулах өдрөө ч ирэлгүй алга болсон. Тухайн 1,000,000 төгрөгөөс хариуцагч Н.У д 100,000 төгрөгийг нь өгсөн учраас 1,000,000 төгрөгөөс хасаад 900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Тухайн хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү н.Э руу таарна шүү нусгай банди минь, чи энэ байдлаараа хол явахгүй шүү, гөлөг минь чи их том байнаа, чам шиг банди багадана шүү, дуугүй зайлаарай, хулхидсан гэж шааж байна, чи надад хулхидуулаагүй шүү гэсэн мессэжүүдийг удаа дараа явуулж, сүйрдүүлсэн байдаг...гэв.

Харицагч Н.У 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Н овогтой У нь 2023 оны намар буюу 11 дүгээр сард Г сумын иргэн Пүрэвдорж гэх хүний дэлгүүрийн зориулалт бүхий байшингийн дээврийн төмөр солих, гадна пасатны ажил хийсэн, энэ ажилд А.Л болон н.Э ыг туслахаар ажиллуулж 13 хоногт дууссан. Энэ ажлын хөлсийг 5,000,000 төгрөгөөр тохирч хийсэн. Туслахаар ажилласан н.Э ы ажлын хөлсийг өдрийн 50,000 бодож эхний ээлжийн 400,000 төгрөг өгсөн. Сүүлийн тооцоо 12 дугаар сарын сүүлээр хийгдэж 5,000,000 төгрөгнөөс хоол, дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авсан мөнгө суутгагдаж, энэ ажлын нийт зардал 1,500,000 төгрөгийг хасаж, нийт 3,500,000 төгрөгийг авсан байгаа. Ингээд н.Э д 200,000 төгрөг өгөх байсныг Л аваачиж өгнө гээд надаас авч яваад өгөөгүйгээс болж энэ хэрэг эхэлсэн. н.Э ы ээж н.Н гомдол гаргаж, эвлэрүүлэн зуучлах дээр тохиролцон А.Л 300,000 төгрөг, У миний бие 128,000 төгрөгийг Н т өгөхөөр тохиролцсон. Миний бие тохирсон мөнгөө өгсөн боловч Л мөнгөө өгөөгүй гэж сум дундын шүүхэд хандаж, өр үлдэгдэлгүй мөнгө нэмж нэхэмжилсэн байгаад гомдолтой байна. Л гийн утас холбогдохгүй байна. Надад хэлэхдээ тохирсон мөнгөө өгсөн гэж нэг удаа хэлсэн. гэжээ.

Хариуцагч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х аймгийн Г сумын иргэн н.П гийн дэлгүүрийн засвар хийхээр болоод Л гэж миний хамт дэлгүүрийн засвар хийж байсан залуу н.Э гэдэг хүүхдийг авчраад хамт ажиллая гэсэн. Тэгээд бид гурав тухайн дэлгүүр дээр 12 хоногийн хугацаанд засвар хийхээр болсон. н.Л бид хоёр мэргэжлийн бүх ажлыг өөрсдөө хийж, тухайн хүүхдийг зөвхөн барилгын туслах ажилтнаар ажиллуулсан. Би нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцоод 12 хоногийн хугацаанд ажиллуулсан цалин хөлсийг нь бодож өгсөн. Анхнаасаа ийм цалинтай ажил хийх талаараа хэлсэн бол би энэ талаар бодож үзэх байсан. Би цалин олгохдоо хоол ундны мөнгө хасалгүй олгосон. Гэтэл ажил эхлэхэд энэ талаар огт ярилцаагүй, би тэр хүүхдийг ч танихгүй. Би нэхэмжлэгчийн хүүхэд рүү мессеж бичсэн нь үнэн. Тухайн хүүхэд нь эхэлж над руу арчаагүй гөлөг минь мөнгө чинь ороогүй юм уу гэж бичсэн учраас би тийм мессеж бичсэн. Надад н.П гэх хүн 5,000,000 төгрөг өгсөн гэж худлаа, хоол хүнсний мөнгийг хасаад би 3,500,000 төгрөг л авсан. Хүүхдээр архи авахуулж уусан гэж байна ийм асуудал надад огт хамаагүй, хамт ажиллаж байсан н.Л гэх хүн л авахуулж уусан байх. н.Л тэр хүүхдэд өгөх байсан 200,000 төгрөгийн цалинг замаас нь авчихсан юм байна лээ, эвлэрлийн гэрээн дээр хүртэл хүлээн зөвшөөрөөд гарсан. Тэгээд гараад би 100,000 төгрөг өгөөд, Л 300,000 төгрөг гаргаад, нийт 400,000 төгрөгийг тэр хүүхдэд төлөхөөр болсон байсан боловч Л 300,000 төгрөгөө өгөөгүйн улмаас өнөөдөр ингээд шүүх дээр дуудагдаад явж байна. Нэхэмжлэгчийг яг ямар үндэслэлээр надаас мөнгө нэхэмжлээд байгаа гэдгийг ч би сайн ойлгохгүй байна. Би анхнаасаа тухайн хүүхэдтэй өдрийн тэдээр гэж тохиролцоод туслах ажилтнаараа авсан бол би түүний цалинг тэр хэмжээгээр нь тооцоод өгөх байсан боловч би тэр хүүхэдтэй анхнаасаа тохиролцоогүй. Ер нь бол ганц дээвэр хийлгэчихээд 7,000,000 төгрөг өгдөг хүн гэж байхгүй шүү дээ, дэлгүүрийн шалыг нь ч хийж дуусгаагүй байсан. Би анх удаа ийм ажил хийж үзэж байсан учраас бүтэхгүй юм байна гэж бодоод больсон.

... Би тухайн хүүхдийн цалингаас 200,000 төгрөгийг н.Л гээд байгаа хүнд нь өгсөн миний буруу учраас н.Л гэх хүний өмнөөс 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь н.Л гэх хүнээс 200,000 төгрөгийг нэхэмжилж авах эсэхээ өөрөө л мэдэх асуудал... гэв.

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Н.У гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг,

Хариуцагч Н.У нь шүүхэд хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Зохигч хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Нэхэмжлэгч Б.Н ийн 16 настай хүү н.Э нь 10 хоногийн хугацаанд Х аймгийн Г сумын иргэн П гэх хүний барилгын ажилд дээр хариуцагч болон Л гэх хоёр хүнтэй хамтарч ажилласан. Барилгын ажил хийлгэсэн Х аймгийн Г сумын иргэн н.П нь ажлын хөлсийг 7,000,000 төгрөгөөр тооцож, тухайн мөнгөнөөс хоолны мөнгөнд 2,000,000 төгрөгийг тооцоод эхнэр, хүүхдээсээ мөнгө аваад үе шаттайгаар 5,000,000 төгрөгийг хариуцагч Н.У гийн дансанд хийсэн гэж надад хэлсэн. Бид нарын зүгээс 400,000 төгрөгийн цалин хөлсийг чамлаж байгаа учир нь тухайн хүүхэд шөнө өдөргүй илүү цагаар ажиллаж байсан. Би хариуцагчид тухайн мөнгийг яг адил хувааж өг гэж хэлээгүй, уг мөнгөнөөс 900,000 төгрөгийг л авъя гэж нэхэмжилсэн... гэв.

Хариуцагч Н.У нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Би нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцоод 12 хоногийн хугацаанд ажиллуулсан цалин хөлсийг нь бодож өгсөн. Анхнаасаа ийм цалинтай ажил хийх талаараа хэлсэн бол би энэ талаар бодож үзэх байсан. Би цалин олгохдоо хоол ундны мөнгө хасалгүй олгосон. Нэхэмжлэгчийг яг ямар үндэслэлээр надаас мөнгө нэхэмжлээд байгаа гэдгийг ч би сайн ойлгохгүй байна. Би анхнаасаа тухайн хүүхэдтэй өдрийн тэдээр гэж тохиролцоод туслах ажилтнаараа авсан бол түүний цалинг тэр хэмжээгээр нь тооцоод өгөх байсан боловч би тэр хүүхэдтэй анхнаасаа тохиролцоогүй. Ер нь бол ганц дээвэр хийлгэчихээд 7,000,000 төгрөг өгдөг хүн гэж байхгүй шүү дээ, дэлгүүрийн шалыг нь ч хийж дуусгаагүй байсан. Би анх удаа ийм ажил хийж үзэж байсан учраас бүтэхгүй юм байна гэж бодоод больсон... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Н ийн хүү Э , хариуцагч Н.У нар нь Х аймгийн Г сумын иргэн н.П гэх хүний хувийн байшинд засварын ажил хийсэн үйл баримт тогтоогдож байх ба зохигч энэ үйл баримттай маргаагүй, харин талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан эсэхтэй маргаж байх байх боловч талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т: ...нэхэмжлэлийн шаардлагыг...буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно. гэж заасан ба хариуцагч нь 200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 200,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч Н.У гээс 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.2-д: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж тус тус заасан тул 200,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Н т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар хариуцагч Н.У гээс 200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар эхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У гээс 6,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА