Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/574

 

      2022          06           02                                        2022/ДШМ/574

Н.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Аийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205 00225 0624 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А... овгийн Н...ын А..., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ..., ...ийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:..../,

Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;

Н.А нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол түлхүүр” ХХК-ийн хашаанд автомашин засаж байх үедээ тус хашаанд байрлуулсан байсан “МНО” ХХК-ийн сэлбэг хадгалах зориулалт бүхий контейнер /чингэлэг/-ийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, “Хово” автомашины 2 ширхэг апартур авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А... овгийн Н...ын А...ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Аийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдэж холбогдсон хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Миний хууль эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд ороход гаргасан үйл ажиллагаанд гомдолтой байгаа юм. Би тухайн байгууллагад анх ажилд орохдоо 14 хоногоор цалин хөлсийг тооцон олгож байхаар гэрээ хийсэн. Гэтэл 11 сараас хойш цалин өгөөгүй. /11, 12 сарын бүтэн цалин/ Мөн урд сарын цалинг дутуу олгодог. Мөн нийгмийн даатгалын шимтгэл 8 сараас хойш бичилт хийдэг боловч төлбөр хийгдээгүй байсан. Хэрэг гардаг тухайн өдөр бусад ажилчиддаа урьдчилгаа 1 сая төгрөг олгосон мөртлөө ажлын хүндийг хийж, байнга гадаа хүйтэнд ажилладаг бид гурвын цалин өгөөгүй учир шалтгааныг асуух гэж захирал руугаа залгасан аваагүй. Мөн нягтлан бодогч руу залгаж асуухад “Пүүжээ захирал мэдэж байгаа” гэж хариу өгсөн. Миний бие тухайн байгууллагад ямар нэгэн хохирол учруулах шунахайн сэдэлт анхнаасаа байхгүй байсан. Цалин болон үүссэн гэр бүлийн маргаан хэрэг гарахад маш их нөлөөлсөн. Би мөн банкны цалингийн зээл ББСБ-д машиний лизинг төлдөг. Би цалингаа авах гэж захирал Пүрэвжаргалд маш олон удаа өрөөнд нь орж, хэлж ярьж гуйхад шийдэж өгнө гэж хэлээд олон удаа худлаа яриад утсаа авахгүй болдог. Тухайн үед жилийн эцэс болж миний банкны зээл 2-3 сар хоцролттой явж байсан тул банк нөхөж төлөхийг шаардаж эхэлсэн. Мөн ББСБ-ын машины зээл бас хоцролттой болсон миний машиныг хураагаад аваад явахыг захирал маш сайн мэдэж байсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буруу үйлдэл хийсэн. Үнэхээр их гэмшиж харамсаж байна. Миний бодлоор хэрэг үйлдэх шалтгаан, үр дагаварыг аль аль талаас нь нарийвчлан судлах, тухайн скаладанд тооллого хийж акт гаргадаг гэж бодох юм. Мөн тухайн байгууллагын гомдол гаргасан Баянцагаан өөрийн дутагдал хийсэн гэмт үйлдлээ нуух, өөрийн хийсэн болчимгүй хэрэгт намайг тохох зорилго байсан болов уу гэж бодож байна. Баянцагаан нь миний утас болон чат руу байнга дарамталсан мессеж явуулж, хэрэг мөрдөн байцаалтанд явж байхад “сайн ярьвал 6 сарын ял авна, муу бол 5 жилийн ял авна” гэж удаа дараа дарамталж мессеж, чат бичиж байсан. Би энэ үйлдлийг нь мөрдөн байцаагчид хэлж байсан боловч даанч тоогоогүй.

Хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болж прокурорын байгууллагад шилжиж ялын дүгнэлт гарсаны дараа хэргийн материалтай танилцах боломж олгоогүй. Шүүхийн тогтоолыг үзсэний дараа хохирогч гэх хүний үнэнд нийцээгүй зүйлүүд байгааг мэдсэн. Би энэ хохирогч гэх хүнд ямар нэгэн өр зээл, хохирол байхгүй. Харин хууль бус олон юмыг нь мэддэг. Миний бие айлын ганц хүү, хамаатан садан гэх хүн ховор, хотод ирээд удаагүй. Шүүх хурлын өмнө шүүгчийн туслах өмгөөлөгчийн талаар асуухад “мөнгө төгрөгийн боломж хэцүү, өмгөөлөгч авах гээд хөөцөлдөөд байна” гэсэнд “аан тэгвэл өмгөөлөгчгүй орох юм байна” гэж хэлээд шүүх хуралд оруулсан. Ямарч хуулийн зөвлөгөө авч чадаагүй. Би улсын өмгөөлөгчийн талаар байдгийг мэдээгүй байсан. Намайг сайн дураараа өмгөөлөгчөөс татгалзсан гэсэн нь мөн л үнэнд үл нийцэж байгаа юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авч чадаагүй, мөн өмгөөлөгч авч чадаагүй нь үнэн болно.

Би анх дунд сургууль төгсөөд өөрийн болчимгүй байдлаасаа болж хуулийн хариуцлага 2 удаа хүлээж байсан. Нийт 8 сарын хугацаанд баривчлах ял эдэлж байхдаа дахин энэ хаалгаар орохгүй гэж өөртөө хатуу тангараг тавьсан билээ. Тиймээс би сурч хоёр мэргэжил эзэмшиж, эх барих эмэгтэйчүүдийн эмчээр орон нутагтаа ажиллаж иргэдийн эрүүл энхийн төлөө зүтгэж, дараа нь уул уурхайн болон машин тоног төхөөрөмжийн механик засварчин мэргэжилээр төгсөж, уул уурхайд ажилд орж ажиллаж байгаад ийм асуудалд орсон. Иймд миний хүсэлтийг хүлээн авч, нийгмээс тусгаарлахгүй, ажил төрлөө хийж улс орон, амьдрал ахуйдаа тустай байхыг минь бодолцож шийдвэрлэж өгнө үү. Би гаргасан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж, харамсаж байна. Миний хүсэлтийг хүлээн авна уу.” гэв.

Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.А нь анхнаасаа өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Санхүүгийн хүнд байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон гэж өөрөө тайлбарладаг. Бага залуу насандаа буруу зүйл хийж эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаараа дурдсан байдаг. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал байхгүй болсон. Иймд шүүгдэгч Н.Аийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэж байна. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийн материал танилцуулсан талаарх баримт хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан. Уг баримтад “хавтаст хэргийн материалтай танилцсан, ямар нэгэн санал хүсэлтгүй” гэж бичсэн байдаг. Мөрдөгч танилцуулсан тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч Н.Аээс прокурорын шатанд хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй талаар гомдол хүсэлт гаргаагүй. Мөн мөрдөгчийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй бөгөөд хуульд заасан эрхийг нь танилцуулж байсан. Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн шалгах хугацаанд шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргаагүй. Яллах дүгнэлт гардуулах явцад шүүгдэгчид тухайн зүйл анги, ялын талаар тайлбарлаж өмгөөлөгчтэй эсэх талаар мөн өмгөөлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байсан. Шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч авах эсэх талаар шүүгчийн зүгээс сануулж байсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэх байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.А нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол түлхүүр” ХХК-ийн хашаанд автомашин засаж байх үедээ тус хашаанд байрлуулсан байсан “МНО” ХХК-ийн сэлбэг хадгалах зориулалт бүхий контейнер /чингэлэг/-ийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, “Хово” автомашины 2 ширхэг апартур авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Баянцагааны “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагт Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Монгол түлхүүр” ХХК-ийн хашаанд байдаг тоног төхөөрөмж, бүрэн бүтэн байдал, бүх зүйлээ шалгаад цоожлоод гарсан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 цагт тус хашаанд ирэхэд манай ажилчид ирсэн байсан ба гэрэл хэрэгтэй болохоор нь би цоожлоод явсан контейнер дээрээ очиход цоож нь доошоо унжсан байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Контейнероос 2 ширхэг апартур алдагдсан. ...” /хх 13-14/,

шүүгдэгч Н.Аийн яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь грашны хажууд байдаг контейнерт ороод контейнерыг эвдлэх гэж урт төмрөөр цохин онгойлгосон. Дотогшоо ороход хайрцагтай цоо шинэ апартур байсан. Би тухайн апартурыг аваад хувцас сольдог “МНО”-ын грашид нуусан. ...Би хийсэн зүйлдээ харамсаж байна. Хулгайлсан 2 ширхэг апартурыг Баянцагаанд хүлээлгэн өгсөн. ...” /хх 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх нь хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Н.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Аийн “МНО” ХХК-ийн сэлбэг хадгалах зориулалт бүхий контейнер /чингэлэг/-ийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, “Хово” автомашины 2 ширхэг апартур авч, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хууль тогтоогч аутентик тайлбар хийж хуульчилахдаа “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх обьектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байна.

Шүүгдэгч Н.Аийн хувьд сэлбэг хадгалах үндсэн зориулалт бүхий контейнер /чингэлэг/-ийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрсэн нь “хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байранд хамаарч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа агуулахад түлхүүр тааруулан нэвтэрч орсон үйлдэл нь” тус гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Н.А “...нийгмээс тусгаарлахгүй, ажил төрлөө хийж улс орон, амьдрал ахуйдаа тустай байхыг минь бодолцож шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид “үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Н.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасныг тус тус удирдлага болгож, шүүгдэгч Н.Аийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж, хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Аийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Аийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “...шүүгдэгч Н.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэснийг “...шүүгдэгч Н.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ