Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, алданги, нийт 299.250 /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2015/01241/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т, хариуцагч байгууллагын захирал Ё.Б- нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Я.Тын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №01 дугаарын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 2011 онд 500.000, 2012 онд 450.000, нийт 950.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 199.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдуулсан 99.750 төгрөгийн алданги, нийт 299.250 төгрөг гаргуулах тухай. Хэлтсийн даргын 2013 оны 11 сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг Хөвсгөл аймгийн ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2011, 2012 оны санхүүгийн баримт, татвар, санхүү, нийгмийн даатгалын тайланд үндэслэн хяналт хийхэд: баримтаар тус компани нь 17.1 ажил олгогч нь..., 17.1.1 хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 32 дугаар зүйлийн 32.1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор-оос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэсэн заалтыг тус тус зөрчиж, нийгмийн даатгалын тайлан 2011, 2012 онд 00 тайлан гаргасан боловч татварын тайлан ТТ-11-ээр 2011 онд 500.000, 2012 онд 450.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил гэж үзэн Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу шимтгэл нөхөн ногдуулж, акт тогтоосон боловч уг компанийн нягтлан бодогч, захирал хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн ЦГ компанийн дутуу тайлагнасан 950.000 төгрөг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 199.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдуулсан 99.750 төгрөгийн алданги, нийт 299.250 /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг Нийгмийн даатгалын санд төлүүлж, даатгуулагчдыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************  Я_ Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүргийн дагуу орлого, зарлагад хяналт тавьж, аж ахуйн нэгж байгууллагуудад 2 жил тутам хяналт тавьдаг. Түүний дагуу ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компани 2013 онд энэ шалгалтанд хамрагдсан. Эднийх улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж байдаг тул хяналт тавьсан нягтлан бодогч нь 2011-2012 оны санхүүгийн баримтаа авч ирж шалгуулсан. Хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос авдаг бөгөөд татварт төлөх орлогоос чөлөөлөгддөг. ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь татвар төлсөн учраас давхар нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн. Уг актын төлбөр нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар аж ахуйн нэгж байгууллагаас заавал нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийн дагуу тавигдсан. Аж ахуйн нэгж байгууллагын цалин, хөдөлмөрийн хөлсөнд олгосон мөнгөн дүнгээс эхэлж нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаад үлдэх орлогоос татвараа суутгадаг. Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн журамд зааснаар татварын тайланг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцно гэж байгаа учраас хуулийн заалтыг баримталсан. Хариуцагч бусдаар ажил гүйцэтгүүлсэн гэж байгаа боловч эхлээд 10 хувийн татвар суутгаад цалин өгч байгаа бол буруу. Суутганы тайлан гаргаж өгсөн байна. Гэвч Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Иргэний хуулийн 343, 359 дугаар зүйлд албан журмын даатгалд хамрагдана гэсэн байгаа. Тэр үндсэн дээр суутганы тайлан хийж өгсөн. Бид Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа учраас яг хуульд заасны дагуу энэ байгууллага ямар зөрчил гаргасан гэдгийг л гаргаж ирсэн. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тавьсан актанд гарын үсэг зуруулах гэсэн боловч нягтлан бодогч Туяа гэдэг хүн гарын үсэг зурахгүй гэж хэлсэн ба энэ талаарх тайлбарыг нь бичээгүй. Ё.Б- захирал Нийгмийн даатгалын тухай хууль болон Татварын тухай хуулийг сайн ойлгох хэрэгтэй байна. ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь манайд тайлангаа өгч байгаагүй учраас ажиллагсдын тоог мэдэхгүй байна. Яалт ч үгүй 199.500 төгрөгийг төлнө. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар алдангиас чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Иймд нийгмийн даатгалын шимтгэл, алданги, нийт 299.250 /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал  ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Ё.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мөрөн Нисэх буудалд ажиллаж, сар бүр тогтмол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ашгийн татвараа төлж байгаа. Манай эхнэр улсад 20 гаруй жил ажиллаад одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 1 гишүүнчлэлтэй, жижиг түцнээс эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоо хүнсний дэлгүүр болгон өргөтгөж, нөгөө талд нь манайх амьдардаг. Мөн Нийгмийн даатгалын хэлтсээс тайлангаа авчирч үзүүлээч гэхэд нь аваачиж үзүүлэхэд акт тавьсан болохоор нь эсэргүүцээд байгаа юм. Хэнд акт тавиад байгаа нь тодорхой бус байна. Бусдаар ажил гүйцэтгүүлж байсан бөгөөд манайхаас олгосон цалингаас 10 хувийн татвар аваад бусдыг өөрсдөд нь өгсөн. Тайлан дээрээ байгаа. Нийгмийн даатгалын байцаагчийн тавьсан актыг би мэдээгүй, надад танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, нэг өдөр дэлгүүрийн лангуун дээр орхиод явсан байсан. Хэзээ өгсөн талаар санахгүй байна. Ямар ч байсан хуулийн дагуу манай компанид санхүүгийн шалгалт хийсэн гэдгийг ойлголоо. Нөхөн тавьсан нийгмийн даатгалын шимтгэл 199.500 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги 99.750 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, алданги, нийт 299.250 /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь цалин түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцоогүй зөрчил илэрсэн тул 2011, 2012 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдох алдангийг гаргуулж авна, хариуцагч нь улсын байцаагчийн тавьсан акттай танилцаж, гарын үсэг зураагүй тул 2011, 2012 онд дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 199.500 /нэг зуун ерэн есөн мянга таван зуу/ төгрөг төлнө, алданги 99.750 /ерэн есөн мянга долоон зуун тавь/ төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2011, 2012 оны санхүү, татварын тайлан, санхүүгийн бусад баримтыг үндэслэн шалгалт хийж, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй орхигдуулсан 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, 99.750 /ерэн есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийн алданги ногдуулсан тухай 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот улсын байцаагчийн акт тавьсан болох нь аж ахуйн нэгж байгууллагуудад Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, шимтгэл төлөлтийн тайлангийн үндэслэл шалгах ажлын удирдамж, нийгмийн даатгалын хяналт шалгалтын ажлын нэгдсэн журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэвч тус актанд ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, нягтлан бодогч нарын гарын үсэг зурагдаагүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны дүгээр сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлүүлэх тухай 01 тоот улсын байцаагчийн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн зөвлөмж, зааварчилгаа, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тавьсан актад гарын үсэг зуруулах гэсэн боловч нягтлан бодогч Туяа гэдэг хүн гарын үсэг зурахгүй гэж хэлсэн ба энэ талаарх тайлбарыг нь бичээгүй..., хариуцагчийн ...Нийгмийн даатгалын байцаагчийн тавьсан актыг би мэдээгүй, надад танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, нэг өдөр дэлгүүрийн лангуун дээр орхиод явсан байсан... гэх тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байх тул тус актыг нотлох баримтад үнэлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2011, 2012 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдуулсан алданги, нийт 299.250 төгрөг гаргуулж авна гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч Ё.Б-ын зөвшөөрснөөр 2011, 2012 онд дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 199.500 төгрөгийг гаргуулан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 99.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 199.500 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 6.626 төгрөг гаргуулан улсын орлогод оруулав.

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн барьцаат зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурьдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч ЦГ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 199.500 /нэг зуун ерэн есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99.750 /ерэн есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 6.626 /зургаан мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА