| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2038 00437 0076 |
| Дугаар | 2022/ДШМ/575 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ДШМ/575
2022 06 02 2022/ДШМ/575
Ш.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхжаргал,
шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Бт холбогдох 2038 00437 0076 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б... овгийн Ш...ийн Б..., 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, “М...” ХХК-нд .... ажилтай, ам бүл ..., ....ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
Ш.Б нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед “Гранд Марк-2” загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Бэрххэмш” гэх газар буюу Мөрөн сумаас 82 километрийн зайд, Хатгал тосгоноос Мөрөн сумын чиглэлд зорчин явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.2 дахь хэсэг “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна”, мөн дүрмийн 11.11 “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож Б.Изидагийн амь насыг хохироосон, А.Ариунаагийн эрүүл мэндэд хүнд, Б.Индрагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Херагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ш.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б... овгийн Ш...ийн Б...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Ш.Бт шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн 352003 дугаартай Ш.Бийн жолоочийн түр зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй, цаашид гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар дүгнэхдээ Шинжлэх Ухааны Техникийн их сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гаргахдаа Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлтийг ашиглаагүй, харгалзаагүй, дүгнэлттэй танилцаагүй байхдаа дүгнэлт гаргасан талаар тусгажээ. Техникийн шинжээчийг хавтаст хэрэгт бүх баримтыг цугларсны дараа хамгийн сүүлд томилдог. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабортарийн шинжээч нарын 3504 дугаартай шинжээчийн дүгнэлт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсны дараа ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн 12/10 дугаартай шинжээчийн дүгнэлт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Шинжээчид хавтаст хэргийг бүхэлд нь уншиж дүгнэлт гаргадаг байхад Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлтийг ашиглаагүй, харгалзаагүй, дүгнэлттэй танилцаагүй байхдаа шинжээчийн дүгнэлт гаргасан гэж шүүгч өөрийн хийсвэр төсөөлөл, таамаглалаар шинжээчдийг дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3504 дугаартай дүгнэлтэд автомашины баруун урд дугуй, жолооны механизм нь ослын өмнө, бусад эд ангиуд ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй байна. Зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй байх тул дугуй, жолооны механизм осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байгаа талаар дүгнэсэн. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн 12/10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 15-86 УБЗ улсын дугаартай Марк-2 тээврийн хэрэгслийн жолооч Ш.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Шинжээч нараас авсан мэдүүлэгт жолоочийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байгаа талаар мэдүүлсэн. Эдгээрээс харахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэхээр хангалттай баримт байхгүй байна.
“Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 дахь хэсэг “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.”, 11.11 дэх хэсэг “энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хорилоно.” гэснийг зөрсөн гэж үзсэн. Миний хувьд зорчих хэсгээс гарч замын хөвөөгөөр явж байхдаа замын хөвөөн дээр осол гаргаагүй. Харин дугуй болон жолооны механизмд гарсан гэнэтийн эвдрэл гэмтлээс болж жолоодож явсан тээврийн хэрэгсэл жолоодлого алдаж эсрэг урсгал руу орсон. Жолоодож явсан машинаа тогтворжуулах гэж оролдоод автомашин замаас гарч онхолдсон. Түүнээс би өөрийн хүслээр дүрэм зөрчиж замаас гараагүй бөгөөд зорчих хэсгийн хөвөөгөөр яваад байсан юм байхгүй. Миний бие эхнээсээ дугуй болон жолооны механизмд гарсан гэнэтийн эвдрэл гэмтлийн улмаас осол гарсан талаар хэлж байсан бөгөөд ослын шалтгааныг олж хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөх талаар удаа дараа мэдүүлж байсан.
Шүүхээс зөвхөн “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын шинжээчдийн дүгнэлт үндэслэн хийсвэрээр дүгнэлт хийн бусад шинжээчийн дүгнэлт болон адилхан 3 хүний бүрэлдэхүүнтэй Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3504 дугаартай дүгнэлт, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийлгүй намайг гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар дүгнэхдээ “Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн шинжээчид дүгнэлт гаргахдаа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Кримналистик шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлтийг ашиглаагүй, харгалзаагүй, дүгнэлттэй танилцаагүй байхдаа дүгнэлт гаргажээ.” гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарснаас 10 хоногийн дараа Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан байна. Техникийн шинжээчийг хавтаст хэрэгт бүх баримтыг цугларсны дараа хамгийн сүүлд томилдог учраас шинжээчид бүх баримттай танилцсан гэж ойлгож байгаа.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр баруун урд дугуй, жолооны механизмын гэмтэл ослын өмнө үүссэнийг тогтоож, ослоос үүссэн гэмтэл осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн механик тээврийн сургуулийн техникийн шинжээчдийн дүгнэлтэд 15-86 УБЗ улсын дугаартай “Марк-2” тээврийн хэрэгслийн жолооч Ш.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байна.
Гэтэл “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь “явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэжээ. Миний нөхөр Ш.Б машин барьж байхдаа замын хөвөөгөөр яваагүй бөгөөд бид эрүүл саруул замын хөдөлгөөний дүрмийг баримтлан зорчиж явсан. Уг “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь “цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ахмад ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх” зорилготой үйл ажиллагаа явуулдаг, мөн шинжээчид нь техникийн мэргэжилтэй шинжээчид биш гэдгийг сүүлд хурлын тогтоолоос мэдсэн. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлт болон ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн шинжээчдийн дүгнэлт гарсан байтал байцаагч огт танилцуулаагүй. Хэд хэдэн удаа миний нөхөр Ш.Б, өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, миний бие А.Ариунаа нар байцаагчийг дуудах бүрт нь очиж байсан боловч “ажил гарчихлаа дараа ир, прокурорт хэрэг чинь байгаа” гэж хойшлуулснаар “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дүгнэлт гарсан өдөр “яаралтай ир” гэсний дагуу очтол дүгнэлтийг танилцуулсан. Гэвч мэргэжлийн чиг үүргийн дагуу хоёрын хоёр байгууллагын албан ёсны дүгнэлт гарчихаад байхад яагаад заавал бидэнд танилцуулалгүй огт хэлэлгүй “Цагаан шонхрын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаар дүгнэлт гаргуулах болсныг ойлгохгүй байна. Шүүх хуралд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчдийн дүгнэлтийг харгалзан үзээгүй мөртлөө яагаад зөвхөн “Цагаан шонхрын жигүүр” төрийн бус байгууллагаар гаргуулсан дүгнэлтийг үндэслэж байгааг ойлгохгүй байна. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунаа миний зүгээс улсын яллагч Ж.Энхжаргал дүгнэлтүүдийг зэрэгцүүлэн авч үзэх бус зөвхөн яллах гэж хэтэрхий улайрсан хэмээн хардаж байна.
Миний нөхөр Ш.Б зорчих хэсгээс гарч замын хөвөөгөөр явж байхдаа замын хөвөөн дээр осол гаргаагүй. Харин дугуй болон жолооны механизмд гарсан гэнэтийн эвдрэл гэмтлээс болж жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь жолоодлого алдаж замаас гарч онхолдсон. Түүнээс биш өөрийн хүслээр дүрэм зөрчиж замаас гараагүй бөгөөд зорчих хэсгийн хөвөөгөөр яваад байсан зүйл байхгүй. А.Ариунаа миний бие эхнээсээ дугуй болон жолооны механизмд гарсан гэнэтийн эвдрэл гэмтлийн улмаас осол гарсан талаар хэлж байсан бөгөөд ослын шалтгааныг олж үнэн зөвөөр шийдэж өгөхийг удаа дараа мэдүүлж байсан. Шүүхээс зөвхөн “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дүгнэлтэд үндэслэн бусад Шинжлэх ухаан техникийн их сургууль Механик тээврийн сургуулийн шинжээчдийн дүгнэлт болон адилхан гурван хүний бүрэлдэхүүнтэй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтийг авч үзэлгүй миний нөхөр Ш.Бийг хөвөөгөөр зорчсон хэмээн үзэж гэм буруутай гэснийг хянан үзэж цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Механик инженерийн сургуулийн шинжээчийн дүгнэлт нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Уг дүгнэлтээр “Ш.Б нь Монгол Улсын Замын хөдлөгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй” талаар дүгнэсэн. Шинжээч Мягмаржав мэдүүлэхдээ “...Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд хүчлүүрийн шингэн хоосон байсан талаар дурдсан. Эсрэг урсгалд орсон нь тухайн ослын шалтгаан биш. Харин замаас гарч далан руу унаж осолдсон жинхэнэ шалтгааныг хавтас хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байна” гэсэн. Үүнээс харахад Механик инженерийн сургуулийн шинжээч нар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гарсан шинжээчийн дүгнэлттэй танилцсан гэдэг нь харагддаг. Харин “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 дахь хэсэг “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.”, 11.11 дэх хэсэг “энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хорилоно.” гэснийг зөрсөн гэж үзсэн. Осол гарсан шалтгаан нь дүрэм зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ёстой. Дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас осол гарсан байх ёстой. Жолоодлогонд гэмтэл гарсан учраас жолоогоо алдсан талаар шүүгдэгч мэдүүлсэн. Зорчих хэсгийн хөвөөгөөр яваагүй, шууд замаас гарсан байдаг. “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын шинжээчдийн дүгнэлтийг прокуророос үнэлээгүй. Яагаад үнэлээгүй шалтгаанаа тайлбарлахдаа оролцогч нарын зүгээс нөлөөлсөн байж магадгүй гэж үзсэн. Хөндлөнгөөс нөлөөлсөн бол тусгай ангид заасан гэмт хэргийн шинж байна уу гэдгийг шалгуулаагүй. Шүүх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг уншаагүй байхдаа Механик инженерийн сургуулийн шинжээч нар дүгнэлт гаргасан талаар дурдсан. Гэтэл шинжээч мэдүүлэгтээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэл болгоод мэдүүлэг өгсөн байдаг. Иймд шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү.” гэв.
Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Жолооны механизм, дугуй эвдрэлтэй тээврийн хэрэгслээс болж осол гарсан гэж тайлбарладаг. Гэтэл тээврийн хэрэгслийг шинжилгээнд оруулаад дүгнэлт гаргуулсан. Шинжээч дүгнэлтийн хоёрдугаар хэсэгт “баруун урд дугуй, жолооны механизм ослоос өмнө эвдрэл гэмтэлтэй байсан” гэсэн байдаг. Уг гэмтлийн талаар тодорхой тайлбарласан. Баруун урд дугуйны хээний гүний элэгдэл зам тээврийн осолд нөлөөлөхгүй, жолооны механизмийн гэмтлийн талаар 52, 54 дүгээр зурагт үзүүлсэн. Мөн шинжээчээс жолооны механизмийн гэмтлээс болж осол гараагүй талаар мэдүүлсэн. Механик инженерийн сургуулийн шинжээчийн дүгнэлтэд “...ослын талаар тогтоох боломжгүй” гэсэн байдаг. Ингээд дахин шинжээч томилсон. Хэргийн газарт үлдсэн мөрийг харахад эсрэг урсгал руу огцом дараад далан руу унасан байдаг. Энэ нь жолоочийн анхаарал саринасантай холбоотой гэсэн дүгнэлт гарсан. Гэр бүлийн хамааралтай хүмүүс учраас тухайн үед яг юу болсон талаар мэдүүлэг өгдөггүй. Осол гарсан орой жолоочоос мэдүүлэг авсан. Уг мэдүүлгийг нь осол болсон газрын ул мөртэй харьцуулахад мэдүүлэг үндэслэлтэй болох нь харагддаг. “...маш хурдтай явсан. Огцом эсрэг урсгал руу дарсан. Тэгээд жолоодлогоо алдсан” гэдэг. Хэдийгээр гэр бүлийн хүмүүс нь хохирсон ч гэсэн хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэнд хохирсон учраас хуульд заасан үндэслэл бүхий хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа боловч хохирол хор уршгийг харахад хөнгөн ял шийтгэл оногдуулсан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тээврийн прокурорын газраас Ш.Бийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед “Гранд Марк-2” загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Бэрххэмш” гэх газар буюу Мөрөн сумаас 82 километрийн зайд, Хатгал тосгоноос Мөрөн сумын чиглэлд зорчин явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.2 дахь хэсэг “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна”, мөн дүрмийн 11.11 “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож Б.Изидагийн амь насыг хохироосон, А.Ариунаагийн эрүүл мэндэд хүнд, Б.Индрагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Херагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Бийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, ял эдэлсэнд тооцож шийдвэрлэжээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 дахь хэсгийн “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд, “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 22/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ш.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 11.2 дахь хэсэг “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна” гэж, мөн дүрмийн 11.11 дэх хэсэг “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.
Гэтэл дээрх дүгнэлтийг гаргасан “Цагаан шонхорын жигүүр” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй байгууллага мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэ талаар тодруулах зайлшгүй шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд “шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх” заалтын дагуу “тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хамааралгүй хүн, байгууллагыг урьж шинжилгээ хийлгэж болно” гэж заасан бөгөөд шинжилгээ хийлгэх 03 дугаартай прокурорын тогтоолд “Б.Галсанжамц, Б.Цэндзэсэм, С.Цэцэгжаргал нарыг шинжээчээр томилохдоо тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулаагүй, прокурорын тогтоолд байгууллагыг урьж шинжилгээ хийлгээгүй байдал нь тогтоогдож байна.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3504 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг батлан мөрддөг бөгөөд энэхүү хууль тогтоомжийг зөрчих нь Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгохоор хуульчилсан.
Зам тээврийн осол болсон талаарх хэргийн газрын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газрын схем бүдүүвч зэргээр эрх бүхий байгууллагын тусгай мэдлэг мэргэжил бүхий шинжээч нарын дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөн ямар дүрмийн заалт зөрчиж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоодог учиртай.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/496 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Бт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ш.Б, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/496 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Бт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Ш.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ