Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/00926

 

Б.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/02776 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1069 дүгээр магадлалтай,

Б.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

“CAMEX” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, өмгөөлөгч Х.Баасанжаргал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “CAMEX” ХХК-д төслийн менежерийн ажилд ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр компаний гүйцэтгэх захирлын тушаалаар орон тоо хассан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ компаний хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэж буй боловч түүнийгээ танилцуулаагүй, мөн мэдэгдлээ хуульд заасан журмын дагуу өгөөгүй гэж үзэж байна. Компаний хөрөнгө оруулалт зогсоогүй ба компаний санхүүгийн болон бусад үйл ажиллагааг 2 хуулийн этгээдэд хариуцуулан өндөр төлбөртэй гэрээг байгуулж, үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулж байна. Зогсонги байдалд байсан лицензийн асуудлыг би хөөцөлдөж байсан, энэ асуудлыг одоо өөр компанид даалгасан. Ажилтнууд дундаасаа төлөөлөгч томилж тэтгэмжийн хэмжээний талаар санал явуулахад хүлээж аваагүй. Үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: CAMEX” ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Компанийн цор ганц хувьцаа эзэмшигчээр Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй Факт билион Инвестмент лимитед гэх хуулийн этгээд бөгөөд тус хуулийн этгээдийн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон бизнесийн цар хүрээнд гарсан өөрчлөлт зэргийг харгалзан “CAMEX” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 001/15 дугаар бүхий хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан. Компанийн эзэмшиж буй лицензүүд урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон ба сүүлийн 2 жилийн хугацаанд компани үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалд орсон. Лицензийн асуудлаар холбогдох байгууллагуудтай ярьж байгаа боловч энэ нь хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулагч цаашид компанийг санхүүжүүлэх боломжгүй гэж эхний ээлжинд орон тоо хасаж, цаашлаад компаний эд хөрөнгийг худалдсаны дараа татан буулгах ажил хийгдэх юм. Компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь Гонг конгийн иргэн Зу дон юм. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг ажилтнуудад танилцуулж мэдэгдсэн. Ажилтнууд тэтгэмжийн хэмжээтэй санал нийлэхгүй байгаа талаар мэйл ирүүлсэн, тэдний төлөөлөгч Б.Чулуунцэцэг, н.Номин-Эрдэнэ нартай уулзаж зөвшилцөн тэтгэмжийн хэмжээг 2 сарын цалингийн хэмжээтэй болгосон. 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж гардуулж өгсөн. Ажлаас халагдсаны тэтгэмжийг дансанд нь шилжүүлснийг татаж авсан байсан. Ажилтныг үндэслэлтэй халсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/02776 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Чулуунцэцэг “CAMEX” ХХК-ийн төслийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “CAMEX” ХХК-иас 4.313.429 төгрөгийг гаргуулж Б.Чулуунцэцэгт олгож, Б.Чулуунцэцэгт олгох ёстой 9.108.965 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 160.693 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1069 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/02776 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 83.964 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1069 дугаартай Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч САМЕХ ХХК-иас ажилчдад ажлаас халах тухай шийдвэрийг хуулийн хугацаанд танилцуулсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “И ЭЛ СИ” ХХН-ын хуульч нар ирж ажилчдад мэдэгдэл танилцуулсан нь тухайн мэдэгдэлийг танилцуулах эрхийг “САМЕХ” ХХК-иас итгэмжлэн аваагүй этгээд өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Учир нь “САМЕХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар Майкл Лау гэх хүн компанийн бүх ажилчдыг халах, мэдэгдэлийг гардуулах, тушаалыг гардуулах эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр итгэмжлэн олгосон байдаг. Гэтэл “И ЭЛ СИ” ХХН-ий хуульч нар ажилчдад мэдэгдэлийг танилцуулсан нь ажилчдыг ажлаас халах тухай мэдэгдэл, тушаал танилцуулах эрх олгогдоогүй, халах тухай мэдэгдэл, тушаалыг танилцуулах эрх олгосон шийдвэр, итгэмжлэл иргэний хэрэгт цугларсан нотлох баримтад авагдаагүй. Хэрэгт авагдсан хууль зүйн үйлчилгээний гэрээнд энэ талаар шууд эрх олгож итгэмжилсэн зүйл байхгүй байдаг. Эндээс дүгнэхэд Давж заалдах шатны шүүх тус иргэний хэргийн материалыг гүйцэд судлалгүйгээр хууль бус шийдвэр гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх үндэслэлдээ “САМЕХ” ХХК нь 8 хүнээс 3 хүн одоо ажиллаж байгаа тул ажилчдыг бөөнөөр халаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. “САМЕХ” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэрт “САМЕХ” ХХК-ийн бүх ажилчдыг халсугай гэж шийдвэрлэсэн байдаг бөгөөд энэхүү шийдвэрийг “САМЕХ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалийн үндэслэл болгосон. Эндээс авч үзвэл “САМЕХ” ХХК-ийн шийдвэр гаргах дээд байгууллага болох Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр компанийн бүх ажилчдыг халах шийдвэрийг хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэл болгосон тул ажилчдыг бөөнөөр нь халсан гэж үзэх үндэслэл бүрдэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1069 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “САМЕХ” ХХК-д холбогдох “...ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай Б.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, үүний дагуу “CAMEX” ХХК нь эзэмшиж байсан хайгуулын лиценз бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссоноос компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй Факт билион Инвестмент лимитед ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал Зу Донд тус компанийн үйл ажиллагааг зогсоох, эд хөрөнгийг зарах, улмаар татан буулгах эрхийг олгожээ /хавтаст хэргийн 80-83 дугаар тал/.

Дээрх нөхцөл байдлын улмаас ажил олгогч 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 16/04 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй, энэ тохиолдолд ажилтанд 1 сарын өмнө урьдчилан мэдэгдэх журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд маргааны үйл баримтыг зөв тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1069 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ