Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0862

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.6, 39 дүгээр зүйлийн 39.6-т заасныг тус тус баримтлан Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, Дэлгэрцогт сумын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Б.Б-г томилох шийдвэр гаргахыг хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Н- даалгаж, 

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-д ажилд томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд 4074478 төгрөгийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгохыг тус сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Н-т үүрэг болгож, 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р баг, Цагаандэл лагерийн 3-1-тоотод оршин суугч Б.Б-гээс Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Н-т холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 25-р тогтоолын хариуг хэрэгжүүлж, Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах, томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан захиргааны хэрэгт Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

...Төрийн албаны төв байгууллагын “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлүүлэх журам”-ын 8-д Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэнийг дор дурдсан тохиолдолд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөөс хасаж, энэ тухай тэмдэглэлийг нөөцийн бүртгэлд тухай бүр хийж байна. 8.1-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон” заалтаар дуусгавар болсон байтал “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлүүлэх журам”-ын 5.2, 5.2.2, мөн журмын 8, 8.1-д заасан заалтуудыг хооронд нь хольж шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэг. “Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Б.Б анх Дундговь аймагт 2005 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2005 оны 03 дугаар тогтоолоор нэр дэвшүүлснээр төрийн албанд томилогдож Дэлгэрцогт сумын Засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгчөөр 2012 оныг хүртэл, 2012-2017 онуудад Дэлгэрцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. 

Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15 /Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна/-д заасан бүрэн эрхийн хүрээнд Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Б.Б-г томилуулахаар 25 дугаар тогтоолоор нэр дэвшүүлснийг Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ. 

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/162 дугаар албан бичгээр “Б.Б- 2015 онд сахилгын шийтгэл хүлээж байсан, нягтлан бодогчийн ажлыг хийж байгаагүй, мэдлэг, ур чадвар, хариуцлагын хувьд тэнцэхгүй, Г.Уугантуяаг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэнэ” гэж үзэж, сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтнийг томилуулах асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл уг асуудлыг дахин хэлэлцэж, урьд гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаар албан бичгийг хэрэгжүүлж, хариуг яаралтай ирүүлэхийг сумын Засаг даргад мэдэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасныг үндэслэн гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.3-д нийцсэн байна. 

Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тохиолдолд хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 /Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна/-д заасны дагуу нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилох үүрэгтэй. 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б-гийн тухайд 2005 оны 02 дугаар сарын 06-нд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн, төрийн улс төрийн болон жинхэнэ албан тушаалыг эрхэлж байсан, төрийн албанаас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 /Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө/-д зааснаар захиргааны болон өөрийн санаачилгаар чөлөөлөгдөж, халагдаж байгаагүй нь баримтаар тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс түүнийг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Хоёрын 2.2.2 /Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон зэрэг мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц/-т заасан нөөцөд байгаа гэж үзэн холбогдох төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлжээ. 

Тиймээс хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцогдсон 2004 оны 12 дугаар тогтоолын заалтыг буюу ““Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх журам”-ын 8-д Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэнийг дор дурдсан тохиолдолд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөөс хасаж, энэ тухай тэмдэглэлийг нөөцийн бүртгэлд тухай бүр хийж байна, 8.1-д Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон” заалтаар шийдвэр хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон болсон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх “Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах” шаардлагыг хангасан нь үндэслэлтэй. 

Хоёр. “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилоогүй байгаа хугацаан цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” шаардлагын тухайд: 

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлс авдаг бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар төрийн албан хаагчийг ажлаас буруу халсан нь тогтоогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх нөхөн олгохоор шийдвэрлэдэг тул шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөвхөн тухайн ажил, албан тушаалд ажиллаж байсан тохиолдолд олгох ёстой. 

Нэхэмжлэгч Б.Б-гийн тухайд тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байгаагүй тул дээрх олговор олгогдохгүй. Мөн түүнийг тухайн албан тушаалд томилоогүйгээс хохирол шууд учирсан, өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 /Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна/-д заасны дагуу нэхэмжлэгчид тухайн албан тушаалд ажиллаж байсантай адилтган томилогдоогүй хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй. 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн заалтыг буруу дугаарласныг анхааруулах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 17 дугаар зүйлийн 17.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилсон шийдвэр гаргахыг хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилогдоогүй хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 4 дэх заалтын дугаарыг “2”, 5 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                             Г.БИЛГҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Д.БАТБААТАР