| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00034/И |
| Дугаар | 155/ШШ2016/00305 |
| Огноо | 2016-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Л.Б
4.450.000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/0034/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014.05.10-ны өдөр иргэн Л.Б-д ОХУ-д үйлдвэрлэсэн Тайга-3 хөрөө рам зарсан. Уг хөрөөг 2013 оны 09 сард шинээр нь худалдан авч байсан билээ. Б-д худалдахдаа урьдчилгаа болгож нэг сая төгрөг аваад уг гэрээ хэлцэл хийсэн болно. Харин хэдэн сарын дараа таван сая таван зуун мянган төгрөг шилжүүлгээр авсан ба одоо нэг сая төгрөг үлдсэн юм. Харин ч таван зуун мянга төгрөгийг хугацаа хэтэрвэл нэмж өгнө гэж амаар тохирч байсан. Одоо болтол Л.Б-аас мөнгөө авъя хэмээн олон дахин хэлэх, утасдах, уулзах гэх мэтээр өдий хүрсэн ч сүүлдээ утсаа авах уулзахаа ч болилоо. Тэгээд ч одоо болтол хуурч мэхэлж залилсаар явна. ...алдангиа өдрийн 0.5% тооцож тохирсноо үндэслэн 4.450.000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг Л.Б-аас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх санал тавьж байна. Шүүх хурлаас өмнө уулзаад эвлэрч болох байхад Л.Б- надтай уулзахгүй, утсаа авахгүй байсан учраас би одоо эвлэрэх боломжгүй байна. Би 2013 оны 09 сард тайга-3 хөрөө худалдаж аваад 2014 оны 05 сард Л.Б-д зээлээр худалдаж урьдчилгаа 1.000.000 төгрөг аваад сар гаруйн дараа үлдэгдэл 5.000.000 төгрөгийг авсан. Ээжийн минь бие муудаад мөнгө авах гэсэн ч надад өгөөгүй учраас би шүүхэд хандсан. Анх хөрөөгөө 8.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба гэрээн дээрээ 7.500.000 төгрөгөөр бичиж хугацаа хэтэрвэл нэмж 500.000 төгрөг өгөхөөр амаар тохирсон юм. Хуульд гэрээг амаар, бичгээр хийж болохоор заасан байдаг. Хугацаа хэтэрвэл 500.000 төгрөг өгөхөөр тохирсоноо батлахын тулд Л.Б-ыг шүүх хуралдаанд оруулах санал тавьсан юм. Тухайн үед 500.000 төгрөг өгч авахаар тохиролцсныг манай туслах ажилтнууд мэдэж байгаа. Иймд би Л.Б-аас 4.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Бын нэхэмжилсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Илүү хүү, алданги төлөх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1979 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, Хөвсгөл ******ажилтай, Хөвсгөл аймгийн ***** тоотод оршин суух, Өндөр овогт Г Б /******/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тайга 3 хөрөө худалдаж худалдан авах гэрээ хийсэн байдаг. Нэхэмжлэгч анх 8.000.000 төгрөгөөр тохироод 500.000 төгрөгийг нэмж өгөхөөр аман хэлбэрээр тохирсон гэж байна. Хөрөөг 7.500.000 төгрөгөөр худалдаж авсантай маргахгүй, харин 500.000 төгрөг нэмж өгөхөөр аман хэлбэрээр тохирсон гэдгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч үлдэгдэл 1.000.000 төгрөг, алданги 3.450.000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл 1.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, харин алдангийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасан байдаг. Амаар тохирсон гэж байгаа ч нотлох баримт хэрэг байхгүй байна. Иймд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Л.Б-д холбогдуулан 4.450.000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Л.Б- нарын хооронд Тайга-3 хөрөө рамыг зээлээр 1 сарын хугацаатай худалдаж авахаар тохиролцож 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл / эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь Тайга-3 хөрөө рамыг худалдах тухайгаа илэрхийлж түүнийг хариуцагч Л.Б- хүлээн авснаар хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэглэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Зохигчдын тайлбар, 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээнээс үзэхэд зохигчдын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч Л.Б- нь зээлийн гэрээнд зааснаар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сард 5.500.000 төгрөгийг тус тус төлсөн боловч зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тогтоосон хугацаанд үлдэгдэл 1.000.000 /нэг сая/ төгрөгийг өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээнд зааснаар үлдэгдэл 1.000.000 /нэг сая/ төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх хугацаа болох 559 хоногийн 3.450.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилж байгаагаас хуулинд зааснаар хариуцагчийн зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн 50 хувь буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөс хэтэрч болохгүй тул түүнээс үлдэгдэл 1.000.000 /нэг сая/ төгрөг, алданги 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Л.Б-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 /нэг сая/ төгрөгөөс алданги 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгон, илүү нэхэмжилсэн алданги 2.950.000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч үндсэн мөнгө 1.000.000 төгрөг, алданги 3.450.000 төгрөг, нийт 4.450.000 төгрөг гаргуулж авна, хариуцагч үндсэн мөнгө 1.000.000 төгрөг өгнө гэж мэтгэлцэж байгаа боловч зохигч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.150 /наян зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Л.Б-аас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.950.000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.150 /наян зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ