Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ж.Д

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2016/00165 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж овогтой Д миний бие 1977 онд Мөрөн цехэд грушигээр орж ажиллаж байгаад 1979 оны 02 сарын 14-ний өдрөөс 1984 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл няраваар, 1985 оны 1 сарын 1-нээс 1985 оны 7 сарын 19-нд ОМАУЯ-ны байнгын курсст жолоочийн ангид суралцсан. 1985 оны 7 сарын 28-ны өдрөөс 1986 оны 3 сарын 25 хүртэл Мөрөн цехийн уурын зууханд качегараар ажиллаж, 1986 оны 3 сарын 26-наас Тариалан цехэд мэргэжлийн дагуу Маз509 маркийн машины жолоочоор ажиллаж байв. Ингээд 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 19 тоот тогтоолоор Тариалан сумын модны цех нь хувьчлагдаж Мандал ХХК-д шилжин ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, тамга тэмдэг дарагдаагүй зэргээс Тариалан цех, Мандал ХХК-д МАЗ509 машины жолоочоор тасралтгүй ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд Д миний Тариалан модны цехэд 1986 оны 03 сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 сарын 20-ныг хүртэл, Мандал ХХК-д 1992 оны 3 сарын 20-ны өдрөөс 1995 оны 3 сарын 8-ны өдрийг хүртэл маз509 машины жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жийн Д нь 1977 оноос 1982 он хүртэл Мөрөнгийн мод боловсруулах үйлдвэрт ачигч, грушиг, няраваар ажиллаж байсан. Ой модны аж үйлдвэрийн яамны дэргэдэх байнгын курсыг мазын жолоочоор суралцаж төгсөөд 1986 оны 3 сарын 25-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалангийн модны цехэд томилогдож 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мазын жолоочоор, 1992 оны 03 сарын 20-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл модны цех нь Мандал ХХК болж өөрчлөгдсөн ба түүнд мөн мазын жолоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт дээрхи хугацаанд ажилласан хугацааны бичилт дутуугаас улсад ажилласан жил тооцогдохгүй байна. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилласан жил тооцогдохгүй байгаа тул Ж.Дгийн Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан модны цехэд 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус маз-509 машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Д нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан модны цехэд 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус маз-509 машины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.Д Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан модны цехэд 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус маз-509 машины жолоочоор ажиллаж байсан болох нь Ж овогтой Дд 1979 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Дгийн Ой модны байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баяраар шагнуулж байсан баярын бичиг, 1992 оны 12 сарын 1-ний өдөр шагнагдаж байсан баярын бичиг, 1990 оны хөдөлмөрийн аваргын диплом, Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай Тариалангийн модны үйлдвэрийг хувьчлах тухай тогтоолын хуулбар, гэрч Д.Жаргалсайхан, Н.Мэндбаясгалан нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сартуул овогт Жийн Дгийн Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан модны цехэд 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус маз-509 машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН