Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Ш.О

Хариуцагч: Б.Б

Зээлийн төлбөр 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 4 сард Б- мөнгө хэрэг болоод байна гэх гуйлтаар 100.000 төгрөгийг Мобайлаар Б- өгсөн дансруу шилжүүлсэн. Мөн дараа дахин 100.000 төгрөг ийм хүний дансруу шилжүүлчих гэхлээр нь мөн шилжүүлж өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Бд 470.000 шилжүүлсэн. Б нь тухайн үед надад хэлэхдээ хашаа байшингаа зараад мөнгийг чинь өгий гэж хэлчиж авчихаад одоо болохоор өгөхгүй өдий хүрсэн. 470.000 төгрөг авахадаа 500.000 болгож өгнө гэж авсан. Гэхдээ одоо бид хоёрын хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй тул бэлэн өгсөн 670.000 төгрөгөө л нэхэмжлэж байгаа болно.

Иймд Бэс 670.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 670.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О нь Ч гэдэг залуутай холбоотой байсан юм билээ тэгээд тэр хүндээ эртний бугуйвчаа өгөөд алдсан, би машинаа өгөөд мөнгөө авч чадахгүй бид хоёр Ч гэдэг залуугийн хохирогч юм. Ингээд Ч нь олдохгүй байсан тул намайг олоод өгөөч хоёулаа ирж хайсан зардлыг нь хувааж төлий гэж харилцан ярилцаж тохиролцоод Чыг ирж хайхад надаас 1.800.000 мянган төгрөгний зардал гарсан юм. Одоо болохоор О надаас тухайн үед хувааж төлий гэж шилжүүлсэн мөнгөө нэхээд байгаад би гайхаад байна. 100.000 мянгаар нь хоёр удаа, 470.000 төгрөг, нийт 670.000 төгрөг надад шилжүүлсэн нь үнэн гэхдээ Чыг эрж хайхад зарцуулсан төлбөр надаас бараг 1 сая гаран төгрөг гарсан байгаа.

Иймд уг 670.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Б.Бд зээлсэн төлбөр 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.О нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 470.000 төгрөгийг хариуцагч Б.Б-н дансруу шилжүүлсэн болох нь Тухайлбал: ХААН банкны орлогын мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ....Бэс 670.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэх, хариуцагч Б.Б- ....100.000 мянгаар нь хоёр удаа, 470.000 төгрөг, нийт 670.000 төгрөг надад шилжүүлсэн нь үнэн.... гэх тайлбар, мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн зээлийн гэрээ байна гэж үзлээ. Учир нь: Хуульд мөнгө зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд бэлэн мөнгө шилжүүлэн өгсөн байх тул зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Гэхдээ талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд Зээлийн гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулаагүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа нь нэхэмжлэгч хүү авах эрхээ алдаж байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд ....би зээлж аваагүй Чыг эрж хайхад гарсан зардал тул 670.000 төгрөгийг төлөх боломжгүй.... гэж тайлбар мэдүүлэг өгч байх боловч хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй 670.000 төгрөг-ийг төлөхгүй гэдгээ нотлож чадахгүй байна.

Иймд хариуцагч Б.Бэс зээлийн төлбөрт 670.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Од олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Бэс 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.630 /хорин мянга зургаан зуун гучин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 20.630 /хорин мянга зургаан зуун гучин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Од олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ