Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
Хэргийн индекс | 155/2016/00022/И |
Дугаар | 155/ШШ2016/00310 |
Огноо | 2016-02-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х.Д
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2016/00022/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн Сангийн аж ахуйн туслах үйлдвэр, Барилгын бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сар хүртэл тус бригадад ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн Эг-Үүрийн Сангийн аж ахуйн туслах үйлдвэр, Барилгын бригадад ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд миний бие Эг-Үүрийн Сангийн аж ахуйн туслах үйлдвэр, Барилгын бригадад ажиллаж байсан 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Аюушийн Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Дгийн эхнэрийнх нь дүү тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хүсэлт гаргагч Х.Д нь Эг-Үүрийн Сангийн аж ахуйн туслах үйлдвэрт 1985 оноос эхлэн 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөрөө рамны ажилчнаар тасралтгүй ажиллаж байсан. Тус туслах үйлдвэрийн нэр 1986 оноос Барилгын бригад гэсэн нэртэй болж өөрчлөгдсөн бөгөөд 1985 оноос өмнө хөдөө малчин, холбоочин зэрэг ажил хийж байсан. Х.Дгийн Сангийн аж ахуйн туслах үйлдвэр болон барилгын бригадад ажиллаж байх хугацааны ажилд орсон, гарсан тушаал байхгүй, олдохгүй байгаа юм. Х.Дгийн ажиллаж байх хугацааны цалин хөлсний лавлагааг үндэслэн түүний Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн Сангийн аж ахуйн туслах үйлдвэр болон Барилгын бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд рамын хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Д нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Х.Д Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн Сангийн аж ахуйн туслах үйлдвэр болон Барилгын бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд рамын хөрөөчнөөр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Х.Дгийн 1985 оны 01 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч **** ...Х.Д нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Сангийн аж ахуйн туслах үйлдвэрийн бригадад 1985 оноос эхлэн 1990 оны 3 сар дуустал хугацаанд хөрөө рамд хөрөөчин хийж байсан. Тасралтгүй ажиллаж байсан...би тус сумын Сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1980 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч ****ийн ...Х.Д нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Сангийн аж ахуйн туслах үйлдвэр бригадын хөрөө рамд 1985 оны 01 дүгээр сараас 1990 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд хөрөөчин хийж байсан...тасралтгүй ажиллаж байсан...хөрөө рамд хөрөөчин хийж, мод унагаах, мод бэлтгэх зэрэг модны ажил хийдэг байсан...би тус сумын Сангийн аж ахуйн Барилгын үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан. Байшин барих, барилгын ажил хийх зэрэг ажлыг 1989-1990 онд хийж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоогх үндэслэлтэй байна.
Х.Дгийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Тус аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн 1985-1990 оны даргын тушаал шүүж үзэхэд Х.Дг ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/79 тоот тодорхойлолтоор нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн даргын 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 150 дугаартай тушаал, хавсралтын хуулбарууд болох нотлох баримт тухайн хэрэгт огнооны хувьд ач холбогдолгүй, хамааралгүй тул үнэлээгүй ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б**** овогт Х-ны Дгийн Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн Сангийн аж ахуйн туслах үйлдвэр болон Барилгын бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд рамын хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА