| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00447/И |
| Дугаар | 129/ШШ2024/00400 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 129/ШШ2024/00400
| 2024 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 129/ШШ2024/00400 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Г.Х-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Х нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Г.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын Техник мэргэжлийн сургуулийг төгссөн. А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс гал тогооны туслах ажилтнаар ажилд орж 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаад тухайн өдрөөсөө 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл багшийн туслахаар ажилласан. Миний энэ ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим бичилт нь дутуу, мөн архив шүүлгээд орсон гарсан тушаал нь гарахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага нь намайг улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир өндөр насны тэтгэвэрт орох зорилготой улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Г.Х миний А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
1.2. Хүсэлт гаргагч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 онд А аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөж байсан. Би Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1992 оноос 01 дүгээр сарын 06-ны өдөр гал тогооны туслахаар ажилд ороод 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Ингээд ажиллаж байгаад 1993 оноос 1995 он хүртэл Д гэдэг хүний оронд туслах багшаар ажилласан. Би 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр том хүүхдээ төрүүлж жирэмсний болон амаржсаны амралт аваад буцаад 1995 онд ажилласан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалуудын зарим нь буюу миний жирэмсний болон амаржсаны амралттай байх үеийн лавлагаа, баримт архиваас гарахгүй байгаа. Хүүхдийн 5 дугаар цэцэрлэг хуучин онгоцны буудлын хавьцаа Нарангийн наана байдаг байсан. Тухайн үед эрхлэгч нь Т, ангийн багш нь Б гэдэг хүн байсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилчин авах тухай 2 тоот тушаалд 1. Угаагч Д жирэмсний амралтаа авсан тул оронд нь Г.Хг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай, 2. Х улсад 5 жил ажилласан 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс угаагчаар цалинжуулахыг ня-бод зөвшөөрсүгэй гэсэн,
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн хуулийн 4 дүгээр бүлгийн 35 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар ээлжийн амралт олгох тухай 9 тоот тушаалд 1. Тус цэцэрлэгийн ..., гал тогооны туслах Х 05 дугаар сарын 20-ны өдрөөс тус тус амралтыг нь олгосугай, 2. ... гал тогооны туслах Х-д ажлын 21 хоногоор амралтын мөнгийг бодож олгохыг ня-бод зөвшөөрсүгэй гэсэн,
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Нярай хүүхдээ асрах эхэд чөлөө олгох тухай 15 тоот тушаалд 1. Гал тогооны туслах ажилчин Х нь 1993 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрөөд төрсний дараах 56 хоногийг ээлжийн амралттай 21 хоногийг дуусаад 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эхийн чөлөө олгосугай, 2. Гал тогооны туслах Х-гийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 4 сарын цалинтай чөлөө олгосугай, Чөлөөний мөнгийг бодож олгохыг ня-бод зөвшөөрсүгэй гэсэн,
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6 тоот тушаалд 1. Тус цэцэрлэгийн тогооч Г.Б жирэмсний амралтаа авсан тул чөлөөлж оронд нь Г.Хг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай, 2. Х улсад 6 жил ажилласан тогоочийн мэргэжилтэй учир тохирох цалин олгохыг ня-бод зөвшөөрсүгэй гэсэн,
- Г.Х-гийн 342179 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:
2.2. Хүсэлт гаргагч Г.Хгийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Б.Т-ийн шүүхэд өгсөн “Би 1986 оны 06 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарыг хүртэл А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан. Г.Х нь 1992 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт туслах ажилтнаар ажиллаж байсан. А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн туслах ажилтан нь багшийн туслах багшаар ажилладаг байсан. А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр нь би, нярав 1, 2 багш, 2 туслах, тогооч 1, машинист 3, манаач 3 хүн ажилладаг байсан. А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн ажилчдын тушаалуудыг тухайн үед А аймгийн Архивын тасаг руу шилжүүлж байсан. Г.Х нь А аймгийн Хүүхдийн цэцэрлэгт анх ажилд орохдоо угаагч н.Д-ийн оронд угаагчаар түр ажилд томилогдож орж байсан. н.Д нь жирэмсний амралтаа аваад 6 сар орчим болоод ажилдаа орсон. Г.Х нь н.Д-ийг ажилдаа орох үед туслах багшийн ажилд томилогдсон. Г.Х нь 6 сар орчим угаагчаа ажилласан. Тэгээд туслах багшаар ажиллаж байсан н.Ц нас бараад оронд нь Г.Х туслах багшаар ажилд томилогдсон. Би тухайн үед А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан, ажилд орсон, гарсан тушаалуудыг гаргадаг байсан. Г.Х-гийн ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна. Г.Х нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Г.Х-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг
- Гэрч Д.Б-гийн шүүхэд өгсөн “Би 1986 оноос 2002 оныг хүртэл А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Г.Х нь 1992 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Г.Х нь А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт миний туслах багшаар ажилладаг байсан. А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр н.Ц, Б.Т нар ажиллаж байсан. А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 1, 2 багш, 2 туслах багш, 2 манаач, гачегар 3, нярав 1, тогоочоор 2 хүн ажилладаг байсан. А аймгийн Хүүхдийн цэцэрлэгүүд дунд нэг нягтлан бодогч, нэг дуу хөгжмийн багш ажилладаг байсан. Г.Х нь ажиллаж байх хугацаандаа байгууллагын аварга, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнуулж байсан. Г.Х нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Г.Хтай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна ” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Г.Х-гийн 1995-1996, 1997 оны 08 дугаар сар, 1998 оны 03 дугаар сараас 1999 оны 07 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/637 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- О.С-ын төрсний ХААТР-11 маягтад “1993 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн, О.С, эхийн нэр Г.Х, ажилладаг байгууллага-Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт, эрхэлдэг ажил-туслах багш” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Х-гийн А аймгийн Ц хотын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилчин авах тухай 2 тоот тушаал,
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн хуулийн 4 дүгээр бүлгийн 35 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар ээлжийн амралт олгох тухай 9 тоот тушаал,
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Нярай хүүхдээ асрах эхэд чөлөө олгох тухай 15 тоот тушаал,
- Цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6 тоот тушаал,
- Г.Хгийн 342179 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Г.Хгийн 1995-1996, 1997 оны 08 дугаар сар, 1998 оны 03 дугаар сараас 1999 оны 07 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/637 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- О.С-ын төрсний ХААТР-11 маягт,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.Т, Д.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Г.Х нь А аймгийн Ц хотын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Г.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Б овогт Г.Х-гийн А аймгийн Ц хотын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН