Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/177

 

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.З,

Хяналтын  прокурор Ө.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э,

Шүүгдэгч О.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнО. Б-д холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 28-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Яллагдагч О.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар баг ....д ...улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.1, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж явган зорчигч Г.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Дуут дохио дарахад урд байсан хүүхдүүд болон 2 том хүн бүгд холдсон. Хохирогч хүүхэд малгайтай цамцтай байсан ба дуут дохио олон дарж байхад тэр хүүхэд холдож чадахгүй дайруулчихсан... Хохирогчид нийт 2,890,000 төгрөг төлсөн , үүнд хагалгааны төлбөр, унааны зардал, эм тарианы мөнгө  зэрэг нь багтсан...Нөхөр бид 2 хамт явж шохойны материал 70,000 төгрөгөөр авч өгсөн. Замын зардал 200,000 төгрөг, хагалгааны зардал 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрний дараа манай нөхөр хүүхдийг эргэж ирье гэж хотод очоод хүүхдийн эмчилгээ, эм тарианы мөнгө гэж 1,000,000 төгрөг өгсөн. Осол болсон өдөр хүүхдийн эм тарианд хэрэгтэй гэж 100,000 төгрөг өгсөн. Г-ын дансанд эм тарианы мөнгө 520,000 төгрөг шилжүүлсэн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай хүүхдэд дуут дохио өгч анхааруулаагүй гэсэн бөгөөд миний нэрийг дуудаж араас нэг эгч хашгирсан гэж хэлсэн. Би хоёр замын голоор гарна гэж бодож замын хажуугийн хашаа овгор шорооруу шахаад зогсож байсан чинь тэр хүн ирээд дайрчихсан гэж хэлж байсан. Энэ хүний өгсөн 2,890,000 төгрөгийг авч эмчилгээндээ хэрэглэсэн. 2 сая төгрөгийг хүнээс зээлж эмчилгээндээ хэрэглэсэн. Хүүхэд одоо шохойдуулсан гэртээ хэвтэрт байгаа. Бие засахаас авахуулаад хүндрэлтэй байна. Байнгын асаргаатай байгаа. Манай нөхөр хөдөө мал дээр байдаг болохоор байнга ирж чаддаггүй. Би хүүхдээ бие засуулах гэхээр өргөж даадаггүй. Одоо шохойг нь энд авахуулах, хот руу явж авахуулах талаар шийдээгүй байна. Зардал нь хэд гарахыг мэдэхгүй байна. Физик эмчилгээ хийлгэнэ. Хичээлээсээ хоцрогдсон байгаа. Гэрээр багш авах бодолтой байгаа. Хүүхэд 2 дунд чөмөгний хугаралттай, уян хадаасаар хадсан. Дунд чөмөгний дурангийн хагалгаа хийлгэсэн. 2 хөлийг 4 уян хадаасаар  хадсан. Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Өөр эмнэлэгээр яваагүй... Шохой авахуулахад зардал гарна тэрний зардлыг гаргуулж авна. Таяг, тэргэнцэр, зэргийн зардлыг гаргуулна. Таяг 40.000 мянган төгрөг, Тэргэнцэр 250,000 төгрөгнөөс доош үнэтэй байдаг, шохой авахуулахад хэдий хэрийн мөнгө төгрөг болохыг мэдэхгүй байна... Нийт 5,000,000 орчим төгрөг болох байх гэж бодож байна. Миний хүүхэд цаашдаа ямар байдалтай байхыг би мэдэхгүй шүү дээ... Хөлний шохойг авсны дараа физик эмчилгээ хийгдэх байх. Хүүхэд таяган дээрээ явж чадах, чадахгүйг эмнэлэг тогтооно гэсэн... ” гэв.

           Насанд хүрээгүй хохирогч Г.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...би өөрийнхөө найзтай тоглоод ноцолдоод алхаж байтал ардаас нэг машин гараад ирсэн би хэр хурдтай явсан гэдгийг нь мэдэхгүй байна... би голын шороон замаар явах байхдаа гэж бодоод хашаа руу шахаад зогсож байхад намайг хүрч ирээд дайрчихсан. Тэгээд намайг дайраад ухраад дахиад дайрчихсан яг намайг яаж дайрсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

           Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 84 дугаартай: “... Тоёота спасио маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.1 дэх заалт “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10а.б, 5.11а,б тэмдэгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна... Тоёота спасио маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.1, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шинжээчийн ... дугаартай “...Г.С-н биед баруун, зүүн дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, баруун шанаа, зүүн шанаа, эрүүний доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Яллагдагч О.Б мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...Автотээврийн үндэсний төвийн замын эсрэг талд баригдаж буй тобемын орон сууцны урд талын шороон зам дээр ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүгт чиглэлтэй өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота спасио маркийн машинтай ... явж байсан чинь уг шороон зам дээр том жижиг хэсэг хүүхдүүд явж байхаар нь автомашины сигнал дарахад зарим хүүхдүүд нь замаас гарч зам тавьж өгсөн гэтэл нэг саарал өнгийн малгайтай цамц өмссөн хүүхэд холдож амжаагүй мөргүүлсэн... Машинаас буугаад хартал хүүхэд миний машины дор хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэнд: “...Осол гарсан гэх газраас автомашины тоормозлосон мөр илрээгүй болно...” гэснээр /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар баг ....д ...улсын дугаартай Тоёота Спасио /Тоуоtа spasio/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.1 дэх хэсэг “...Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно...”, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…”  гэж заасныг зөрчиж явган зорчигч Г.С мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Шүүгдэгч О. Б хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ ... Надад одоогийн байдлаар 2.800.000 төгрөг өгсөн байгаа одоо цаашид гарах зардлын тооцоог хийнэ...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний зардал 2.890.000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч нь 6 сартай жирэмсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үүднээс нийтэд тустай ажил хийлгэхээс татгалзаж торгох ялыг дангаар эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  О.Б Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч Г.С цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг хариуцахыг үүрэг болгосон албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  О.Б  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА