Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/576

 

       2022          06           02                                         2022/ДШМ/576

Ц.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2010 00519 0018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т... овгийн Ц...ийн Т..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод түр оршин суух хаягтай, /РД:...../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийтэд тустай ажлын 8 цагийг 1 өдрөөр тооцож 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, өмнө эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоногийн хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Ц.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн байгууллагад хураалгасан тээврийн хэрэгслээ авах зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 8-344 тоот хашаанд байх Л.Сарантуяагийн 1 давхар байшингийн цонхийг усны тэргээр хагалж, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, алтан бөгж, их гарын халтар манан хөөрөг, даалин суурьтай ээмэг, “Делл” брэндийн нөүтбүүк, “Самсунг” брэндийн таблет, цүнхтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Л.Сарантуяад 11.458.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СОТ”-ын ногоон байрны хашаан дотор байсан найз Б.Мөнххонгорын эзэмшлийн “Тоёото Акуа” маркийн 21-25 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож яваад овоолсон шороо мөргөж, 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т... овгийн Ц...ийн Т...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9-д заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнссэн сулласан 6 / зургаа/ сар, 29 /хорин ес/ хоногийг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Тийн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 29 /хорин ес/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Төөс 3.198.000 /гурван сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Сарантуяад, 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнххонгорт тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Тийн цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж, энэ өдрөөс эхлэн түүний эдлэх ялыг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хэрэг бүрдүүлэх шатанд өөрийн зүгээс шаардагдах бүхэл боломж бололцоогоороо дэмжлэг үзүүлэн өөрийн биеэр хохирол болон халтар манан хөөргийг буцаан өгч хохирлоо хасуулсан. Мөн үлдэгдэл хохирол болох 319.800 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Миний бие барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. Энэ мэргэжилээрээ ажил хөдөлмөр эрхэлдэг. Эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Би хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж хохирол төлбөрөө 4 сарын дотор нөхөн төлөх боломжтой. Гомдол гаргах учир нь 2021 оны 7 дугаар сард гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд надад холбогдох зүйлчлэл багтаж байгаа боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Өршөөлийн хуульд хамруулж зүйлчилсэнгүй. Миний хувьд бага насны 2 хүүхэд, эхнэр гэр бүлээ авч явдаг ар гэрийн байдал болон Өршөөлийн тухай хуульд хамруулан зөвтгөж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч урьд өмнө шүүхээс 4 удаа ял шийтгүүлж байсан. Тэдгээрийг бүгдийг биеэр эдэлж, ялын хугацаа дуусаж суллагдсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Мөн миний үйлчлүүлэгч өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй. Шүүгдэгчийн энэ удаагийн үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдаж байсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Төмөрчөдөр нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Суллагдсан байх хугацаандаа 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.198.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдэж, 780.000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн. Өршөөл үзүүлэх тухай хууль 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс хүчинтөгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хохирол нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн байгууллагад хураалгасан тээврийн хэрэгслээ авах зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 8-344 тоот хашаанд байх Л.Сарантуяагийн 1 давхар байшингийн цонхийг усны тэргээр хагалж, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, алтан бөгж, их гарын халтар манан хөөрөг, даалин суурьтай ээмэг, “Делл” брэндийн нөүтбүүк, “Самсунг” брэндийн таблет, цүнхтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Л.Сарантуяад 11.458.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СОТ”-ын ногоон байрны хашаан дотор байсан найз Б.Мөнххонгорын эзэмшлийн “Тоёото Акуа” маркийн 21-25 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож яваад овоолсон шороо мөргөж, 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Л.Сарантуяагийн “...Би байшингийн хаалга дээр ирэхэд байшингийн баруун талын вакум цонх хагарсан байхаар нь хаалгаа онгойлгоод гэртээ ороод үзэхэд гэрийн эд зүйл эмх замбараагүй хамаг юмыг ухаж түнхэчсэн байдалтай байхаар нь гэрт хулгай орсон байна гэж бодоод цагдаад хандсан. ...Манай гэрээс нөхрийн 9 граммтай алтан бөгж 1 ширхэг, их гарын халтар манан, шүрэн толгойтой, толгойг нь мөнгөөр имжсэн, имжээс нь 4 хүчтэний сийлбэртэй, улаан хүрэн өнгийн шар торгоор имжсэн даалинтай, миний сувдан ээмэг, бугуйвч, “Делл” брэндийн нөүтбүүк, “Самсунг” брэндийн таблет, хуучин мөнгөн зоос 20 ширхэг, мөн төмөр хайрцагт байсан нөхрийн гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, АНУ-д ажиллах эрхийн бичиг, АНУ-ын нисгэгчийн үнэмлэх, АНУ-ын нийгмийн даатгалын дэвтэр, нислэгийн удирдлагын диплом, АНУ-ын жолооны үнэмлэх бичиг баримт нөүтбүүкний цүнхэнд байсан “Наран Авайшин” аялал жуулчлалын компанийн тамга, “Нокиа” маркийн гар утас, үхрийн ширэн цүнх зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” /1хх 26/,

хохирогч Б.Мөнххонгорын “...Ц.Т бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ зах орж хүүхдийн бэлэг авч, гадуур ажил хөөцөлдөж яваад шөнийн 02 цагийн үед манай гэрт ирсэн. Бид хоёр машиндаа унтаад өглөө 6 цагийн үед би гэртээ орсон юм. Ц.Т миний машинд унтаж байгаад машины түлхүүрийг өглөө оруулаад өгнө гэж хэлээд миний машинд үлдсэн боловч миний машиныг аваад явчихсан байсан. Би Ц.Т рүү залгаж машинаа авъя гэж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй, 31-ний өдөр 19 цагийн үед манай гэрт ирсэн. Би машинаа шалгахад урд, хойд гупер зурагдаж, нэмэлт гэрэл нь хагарсан байсан. ...” /1хх 186-187/,

гэрч Т.Ууганбаатарын “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн үед манай эхнэр Төмөрцэцэг дүүтэйгээ утсаар яриад байсан. Тэгээд надад “манай дүү Төмөрчөдөр хороололд хүний машин уначихсан явж байна. Овоолсон шороо мөргөчихсөн байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр хорооллын эцсийн Өргөө кино театрын хойно очиход Төмөрчөдөр “Тоёота Приус” 7732 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд тавиад Төмөрчөдөрөөр машины эзнийг нь заалгуулаад эхнэр Төмөрцэцэг, Төмөрчөдөр бид гурав хорооллын Сотын ногоон байрны хажууханд байх ногоон байранд очоод эхнэр, Төмөрчөдөр хоёрыг үлдээгээд өөрийнхөө машин руу явсан. ...” /1хх 188-189/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 35-36/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 22-23/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх нь хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ц.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Тийн иргэн Л.Сарантуяагийн байшингийн цонхийг хагалж, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, алтан бөгж, их гарын халтар манан хөөрөг, даалин суурьтай ээмэг, “Делл” брэндийн нөүтбүүк, “Самсунг” брэндийн таблет, цүнхтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Л.Сарантуяад 11.458.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

иргэн Б.Мөнххонгорын эзэмшлийн “Тоёото Акуа” маркийн 21-25 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож яваад овоолсон шороо мөргөж, 780.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтын “гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад орших”, “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр нь оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үндсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэсэн заалтыг анхаарч үзээгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Тийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан 6 /зургаа/ сар, 29 /хорин ес/ хоногийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Тийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд, шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял оногдуулсныг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Ц.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Тийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан 6 сар, 29 хоногийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн,

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Тт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Тт оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.” гэсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тийн цагдан хоригдсон 150 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.” гэсэн,

“Шүүгдэгч Ц.Тт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Ц.Тийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Тийг нэн даруй суллаж, шүүгдэгч Ц.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ