| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00451/И |
| Дугаар | 129/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 129/ШШ2024/00401
| 2024 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 129/ШШ2024/00401 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Ж.Н-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.Н нь 1977 онд А аймгийн Х сумын 10 жилийн сургуульд 1 дүгээр ангид орж суралцаад 1985 онд 8 дугаар анги төгссөн. 1985 онд А аймгийн ХАА-н ТМС-ын тракторын жолоочийн ангид орж суралцан 1987 онд төгссөн. 1987 онд ардын цэргийн албанд татагдаж яваад 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс А аймгийн Х сумын Ц нэгдлийн грашид слесарьчнээр орж 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Ажилласан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн гэсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж үүнтэй холбоотой ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага гарсан учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн Ж.Нг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд слесарьчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н нь 1985 онд А аймгийн Х сумын 10 жилийн сургуульд 8 дугаар анги төгссөн. 1985-1987 онд А аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд тракторын жолоочоор суралцаад, цэргийн албанд татагдаж 2 жилийн хугацаагаар цэргийн алба хааж 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Ингээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс А аймгийн Х сумын Ц нэгдэлд гражид слесариар ажилд орж 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Архиваас цалингийн тодорхойлолт, тушаал лавлагаа гарсан. Шүүхээс шаардсан нотлох баримт болох ХААТР маягтад 1990 онд малчин хэмээн бүртгэсэн байдаг. Энэ талаар хүсэлт гаргагчаас асуухад би слесарь хийж байсан, малчнаар ажиллаж байгаагүй гэж хэлж байсан. Мөн 1990 оны цалингийн тодорхойлолт дээр слесарь Ж.Н гэсэн байх тул дээр дурдсан малчин гэх бүртгэлийг үгүйсгэж байгаа тул энэ бүртгэлийг буруу ташаа бүртгэсэн байна гэж харж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэн түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Х сумын Ц нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 6 тоот тушаалд 1. Грашид салесарьчин ажилтай Н-гийн 1990 оны ээлжийн амралтыг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 26 өдрөөр бодож олгосугай, 2. Н-д амралтын мөнгийг бодож олгохыг санхүүд зөвшөөрсүгэй гэсэн,
- А аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Ж-мын Н-гийн Х сумын Ц нэгдэлд слесариар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод: 1990 оны 04 дүгээр сарын 06 дугаар сарыг дуустал ажилласан хоног, авсан цалин бичилттэй,
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Ж-мын Н БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар А аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 232 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 764505 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- А аймгийн Х сумын Ц нэгдлийн өмч хувьчлалын материалд: нэрсийн жагсаалтын 65-т Ж.Н гэсэн,
2.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэгийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч А.Э-гийн шүүхэд өгсөн “Би 1984 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Ж.Н нь 1989 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторын жолооч, слесарьчнээр ажиллаж байсан. Ж.Н нь А аймгийн Х сумын Ц нэгдлийн МТЗ-50, ДТ-75 маркийн трактор барьдаг байсан. МТЗ-50 маркийн трактороор хадлан, газар тариалангийн ажил хийдэг, ДТ-75 маркийн трактороор газар хагалдаг байсан. Ж.Н нь А аймгийн Х сумын Ц нэгдлийн грашид слесарьчнээр ажиллаж байсан. Ж.Н нь 1989 оны үед л ажил орсон санагдаж байна. Тэр үед л А аймгийн Х сумын Ц нэгдэлд трактор барьж байсан. А аймгийн Х сумын Ц нэгдэл 1992 онд хувьчлагдсан. Би Ж.Н-гийн цэргийн алба хаасан болон сургуульд сурч байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Бид хоёр А аймгийн Х сумын Ц нэгдэлд хамт ажиллаж байсан. А аймгийн Х сумын Ц нэгдлийн даргаар н.Д гэдэг хүн ажиллаж байсан. Ж.Н нь ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байсан эсэх талаар мэдэхгүй байна. Ж.Н нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х сумын Ц нэгдэлд өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Ж.Н нь А аймгийн Х сумын Ц нэгдэлд малчнаар ажиллаж байгаагүй, тракторын жолоочоор ажиллаж байсан. Би Ж.Н-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг
- Гэрч Л.Г-ийн шүүхэд өгсөн “Би 1989 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд грашийн слесарьчнаар, ээлжийн жолоочоор ажиллаж байсан. Ж.Н нь 1987 оноос 1989 оныг хүртэл цэргийн алба хаасан. Бид хоёр 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сард А аймгийн Х сумын Ц нэгдэлд слесарээр хамт ажилд орж байсан. А аймгийн Х сумын Ц нэгдлийн слесараар н.Н, н.Л, би, н.Н, н.Б, н.Ц, н.B нар, тракторын жолоочоор н.П, н.Д, н.Г, н.И, н.Э, н.Ш, н.Н, н.Н, н.Э, н.Ц, н.Т нар ажиллаж байсан. Ж.Н нь 1989 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд слесарьчнаар, тракторын ээлжийн жолоочоор ажиллаж байсан. Ж.Н нь А аймгийн Х сумын Ц нэгдлийн МТЗ-50 маркийн трактор барьж хадлан болон газар хагалдаг байсан. А аймгийн Х сумын Ц нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Х сумын Ц нэгдлийн даргаар н.Д гэдэг хүн ажиллаж байсан. Ж.Н нь ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байсан эсэх талаар мэдэхгүй байна. Ж.Н нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х сумын Ц нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Ж.Н нь А аймгийн Х сумын Ц н-д малчнаар ажиллаж байгаагүй, нэгдэл хувьчлагдсаны дараа мал малласан. Би Ж.Н-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна ” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02/792 тоот тодорхойлолтод: ... Тус захирамжийн дагуу манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн Х сумын бүртгэлийг шүүж үзэхэд Ж.Н-д холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/640 тоот тодорхойлолтод: ... Тус газрын архивт Ж.Н нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй. А аймгийн Х сумын Ц нэгдэл нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно гэсэн,
- Ж.Нгийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Ц нэгдэлд малчин, 1990 он ажиллаж эхэлсэн он 1991.08.09” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Н-гийн А аймгийн Х сумын Ц нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл слесариар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Х сумын Ц нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 6 тоот тушаал,
- А аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Ж.Н-гийн Х сумын Ц нэгдэлд слесариар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
- Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02/792 тоот тодорхойлолт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/640 тоот тодорхойлолт,
- Ж.Нгийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч А.Э, Л.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ж.Н нь А аймгийн Х сумын Ц нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл слесариар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Ж.Н-н А аймгийн Х сумын Ц нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гражид слесариар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН