| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00458/И |
| Дугаар | 129/ШШ2024/00403 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 129/ШШ2024/00403
| 2024 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 129/ШШ2024/00403 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А овогт Н.Б-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Н.Б миний бие А аймгийн Т суманд Н гэдэг айлын хүүхэд болон 1968 онд төрсөн, тэгээд сургуульд огт сурч байгаагүй багаасаа аав, ээжтэйгээ мал маллаж өссөн. Манай аав, ээж нэгдлийн үхэр, хонь малладаг байсан. Би аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 16 нас хүрээд миний нэр дээр мал тоолуулж, нэгдлийн үнээ хариуцаж авч, зундаа сааль сааж, хаварт нь тугаллуулаад намар, өвөлд нь үнээгээ аав, ээжийн хамт л малладаг байсан. 1990 онд хүнтэй суусан. Би 1984 оноос 1990 оныг дуустал хүнтэй суутлаа аав, ээжтэй байсан бөгөөд өөрийнхөө нэр дээр мал малладаг байсан юм, намайг мал маллаж байхад Н гэдэг суурийн ахлагч байсан. 1991 оноос хойш нэгдэл тарж өмч хувьчлал болсон. Үүнээс хойш нөхөртэйгөө хувийн малаа малладаг болсон. Би одоо өндөр насны тэтгэвэртээ орох гэтэл миний нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, урагдсан зэрэг зөрчилтэй байгаа учраас шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд Н.Б намайг 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл А аймгийн Т сумын Я нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А аймгийн Т суманд саальчнаар ажиллаж байсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож гэж байгаа. Иймд Н.Б намайг 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл А аймгийн Т сумын Я нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Гэрэл зураг,
- Н.Бгийн нэгдлийн гишүүний үнэмлэх,
- Н.Бгийн өмч хувьчлалын гэрчилгээ,
- Н.Бгийн хөдөлмөрийн дэвтэрт:
- Н.Бгийн иргэний паспорт,
- А аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Н.Б-гийн Т сумын Ц бригадад малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод:
- Б.Н, Б.Н нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
- 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх Баталгаажилтын хуудас,
2.2. Хүсэлт гаргагч Н.Б-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Н.С-гийн шүүхэд өгсөн “Би 1986 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Т сумын Я нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Намайг 1986 онд А аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарахад Н.Б нь нэгдэлд ажиллаж байсан. Н.Б нь 1984 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Т сумын Я нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Н.Б нь А аймгийн Т сумын Я нэгдлийн н.Д эрхлэгчтэй үнээний фермд ажиллаж байсан. А аймгийн Т сумын Я нэгдлийн н.Д эрхлэгчтэй үнээний фермд саальчнаар н.Б, н.Г, н.Д, н.С, Н.Б нар ажилладаг байсан. А аймгийн Т сумын Я нэгдлийн н.Д эрхлэгчтэй үнээний ферм нь Т сумын Я нэгдлийн Ц бригадын Ж гэх газарт байдаг байсан. Н.Б нь сургуульд сурч байгаагүй, багаасаа аав, ээжийн хамт нэгдлийн мал малласан. А аймгийн Т сумын Я нэгдэл 1991 оны эхээр хувьчлагдаж байсан. Манай аав н.Н нэгдэлд тууварчин, ээж н.Д нэгдэлд саальчнаар ажилладаг хүмүүс байсан. А аймгийн Т сумын Я нэгдлийн даргаар н.Б гэдэг хүн ажилладаг байсан. Н.Б нь ажиллаж байх хугацаандаа баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнуулж байсан. Н.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Т сумын Я нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Н.Б-тай хамт ажиллаж байсан, мөн түүний төрсөн дүү нь болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг
- Гэрч Г.Н-гийн шүүхэд өгсөн “Би 1981 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Т сумын Я нэгдлийн Ц бригадад саальчнаар ажиллаж байсан. Н.Б нь 1980 оны эхээр А аймгийн Т сумын Я нэгдлийн Ц бригадад саальчнаар ажилд орж байсан. 1992 оныг хүртэл А аймгийн Т сумын Я нэгдэлд саальчнаар ажилласан. Н.Б нь А аймгийн Т сумын Я нэгдлийн Г.Н эрхлэгчтэй үнээний фермд ажиллаж байсан. А аймгийн Т сумын Я нэгдлийн Г.Н эрхлэгчтэй үнээний фермд саальчнаар би, н.С, Н.Б, н.Д, н.Б, н.С, н.Д г.м хүмүүс ажилладаг байсан. А аймгийн Т сумын Я нэгдлийн Г.Н эрхлэгчтэй үнээний ферм нь Т сумын Я нэгдлийн Ц бригадын Ж гэх газарт байдаг байсан. Н.Б нь багаасаа аав, ээжийн хамт нэгдлийн мал малласан. А аймгийн Т сумын Я нэгдэл 1992 оны эхээр хувьчлагдаж байсан. Н.Б-гийн аав н.Н нэгдэлд тууварчин, ээж н.Д нэгдэлд саальчнаар ажилладаг хүмүүс байсан. А аймгийн Т сумын Я нэгдлийн даргаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. Н.Б нь ажиллаж байх хугацаандаа баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнуулж байсан. Н.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Т сумын Я нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Н.Б-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Н.Б-гийн аав нь эрт нас барсан, ээж нь олон хүүхэдтэй хоцорч байсан. Манайхтай айл аймаг байдаг байсан” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Н.Бгийн хаягийн хуудсанд “Ц бригадад саальчин-1988.09.26”,
- Н.Б-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Т сумын Я нэгдэлд үнээн фермийн саальчин, 1984 он ажиллаж эхэлсэн он 1988.11.15” гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4049 тоот лавлагаанд: А аймгийн Т суманд оршин суух Н.Б, эхнэр, 20 настай, эмэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Т суманд оршин суух Н.Б, эхнэр, 20 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-саальчин ... ” гэжээ.
- Н.Б-гийн 1991-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/650 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Б-гийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Гэрэл зураг,
- Н.Бгийн нэгдлийн гишүүний үнэмлэх,
- Н.Бгийн өмч хувьчлалын гэрчилгээ,
- Н.Бгийн хөдөлмөрийн дэвтэр,
- Н.Бгийн иргэний паспорт,
- А аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Н.Б-гийн Т сумын Ц бригадад малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
- Б.Н, Б.Н нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
- 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх Баталгаажилтын хуудас ,
- Н.Бгийн хаягийн хуудас,
- Н.Бгийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4049 тоот лавлагаа, хавсарган ирүүлэн баримт/,
- Н.Б-гийн 1991-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/650 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Н.С, Г.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Н.Б нь А аймгийн Т сумын Я нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А овогт Н.Б-гийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН