| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00496/И |
| Дугаар | 129/ШШ2024/00406 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 129/ШШ2024/00406
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 129/ШШ2024/00406 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Г овогт Д.Б-гийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов. Хүсэлт гаргагч Д.Б өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Б би Х.М-тай 2013 онд гэр бүл болж амьдарч байгаад 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. Миний бие хариуцагч А аймгийн Т сумын Х багт оршин суугч Х.М-т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хариуцагч Х.М нь тус багт байхгүй учраас Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01736 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. М-ын аав ээж нар нь А аймгийн Т суманд амьдардаг. Би аавтайгаа ............ дугаарын утсаар холбоо барьж М-ын хаяг болох хаана байгаа талаар лавлаж асууж сурахад би хаана байгааг нь мэдэхгүй байна надтай холбогдохгүй байна гэсэн. Х.М Т сумын Х багт бүртгэлтэй боловч одоогоор хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Би Х.М-аас гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байна. Иймд Х.М-ыг эрэн сурвалжилж хаягийг нь олж өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Д.Б миний бие 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цаг 30 минутад хийх шүүх хуралд оролцох боломжгүй тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Х.М, Д.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 129/ШЗ2024/01736 дугаартай захирамж,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 688 тоот албан бичгээр ирүүлсэн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд: Б овогт Х.М, байнга оршин суугаа газрын хаяг А аймгийн Т сумын Х дугаар баг гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Б-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Х.М хүсэлт гаргагч Д.Б нар нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь тэдний гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Д.Б нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа тухай шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд Х.М нь албан ёсны хаяг болох А аймгийн Т сумын Х багт оршин суудаггүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 129/ШЗ2024/01736 дугаартай захирамж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Эдгээр баримтуудаар Х.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул Х.М-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овгийн Х.М-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Мыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Д.Б-т мэдэгдэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН