Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00407

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00407

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт В.Ч-ийн хүсэлттэй,

            Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч В.Тнь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

 

          1.1 Хүсэлт гаргагч В.Тшүүхэд гаргасан хүсэлтдээ: ... В.Т миний бие 1968 онд төрсөн. Эхнэр С.Д-тэй 1992 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон. Миний бие өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Эхнэр бид хоёр гэр бүл болсноос хойш хамтдаа одоог хүртэл А аймгийн Ж сумын Б багт хувийн малаа маллан амьдарч байна. Өндөр насны тэтгэвэрт гарахаар материал бүрдүүлэхэд малын А данс шаардлагатай болсон ба өрхийн тэргүүн В.Т миний нэрээр архиваас малын А дансны лавлагаа авахад 1995, 1996, 1999, 2000 онуудын А дансанд Т-ийг Ч гэж нэр зөрүүтэй тэмдэглэгдсэн, мөн 1997, 1998 оны малын А дансны лавлагаа гарахгүй байгаа тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Сумын нийгмийн даатгалын байцаагч шүүхээр 1995-2000 онд мал маллаж байсныг тогтоолго гэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж, мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандахад мал маллаж байсныг зөвлөл шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд архивын лавлагаа, бусад нотлох баримт зэргийг үндэслэн миний 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл А аймгийн Ж сумын Б багт хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.В шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Т нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. В.Т-ийн төрсний бүртгэл нь В.Т, харин түүний нутаг ус, ангийн найз нөхөд нь дууддаг нэр нь Ч. Итгэмжлэгдсэн төлөөлөгч би ангийнх хүүхэд. В.Т өөрөө бичиг үсэг бага зэрэг мэддэг, юм ойлгохдоо муу учраас 2,3 жил өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэж хөөцөлдөөд чадахгүй байгаа. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг нь архиваас шүүлгэхэд түүний малын А данс Ч гэдэг нэр дээрээ гараад байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан. В.Т 1995-2000 онд мал маллаж байсан. Мөн 2023 онд Ж сумын орон тооны бус зөвлөлд хандахад А аймгийн  орон тооны бус зөвлөл шийднэ гэж хэлж байсан. Ингээд мөн А аймгийн  Нийгмийн даатгалын газар адил хариу хэлсэн тул Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар орсон. Зөвлөл нь мал мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна, шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолго гэсэн хариу өгсөн байсан. Би В.Т-ийн 10 жилийнх нь ангийнх нь хүүхэд. Бид Ч гэж дууддаг байсан. Гэтэл өөрийнх албан ёсных нь бүртгэл Т гэдэг нэртэй байсан. Үүнийг мэдэлгүй тухайн үеийнх нь тооллого бүртгэж байсан хүмүүс нэрийг нь Ч гээд биччихсэн юм шиг байгаа юм. Дээр үед хөдөө орон нутагт 2 нэртэй хүн их байдаг байсан. В.Товог нэр өөрчилсөн бүртгэл хийлгэж байгаагүй. Овог нэр өөрчилсөн бүртгэл байхгүй. Анхнаасаа л нэрийг нь Т гэдэг байсан гэв.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            - В.Т С.Д нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

            - А аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 326 тоот тодорхойлолтод: Иргэн В.Т-т холбогдох иргэний улсын бүртгэлийн баримтад өөрийн нэр өөрчилсөн бүртгэл байхгүй байна гэсэн,

            - В.Т 2023 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр,

            - А аймгийн  Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 645 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ж сумын малын А дансны 1997-1998 оны материалыг шүүн үзэхэд В.Ч-гийн малын тоотой холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

            - А аймгийн  Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/12 тоот тогтоолд: А аймгийн Ж сумын иргэн В овогтой Т нь 1995-2000 онд мал маллаж байсныг нотлох баримт хангалтгүй, малын А дансны нэр зөрүүтэй байх тул тогтоох боломжгүй гэж шийдвэрлэв гэсэн,

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 32/16 тоот Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,

            - Үндэсний төв архивын сан хөмрөгийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/4794 дугаартай архивын лавлагаа,

            - Үндэсний төв архивын сан хөмрөгийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/4799 дугаартай архивын лавлагаа,

            - А аймгийн  Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А аймгийн Ж сумын Б багийн малчин өрхийн тэргүүлэгч В овогтой Ч-гийн мал маллаж байсан хугацаа /1995 оноос 2000 он хүртэлх/ 640 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: 1995 онд адуу 4, үхэр 7, хонь 18, ямаа 14, бүгд 43, 1996 онд адуу 4, үхэр 7, хонь 17, ямаа 9, бүгд 37, 1999 онд адуу 4, үхэр 10, хонь 15, ямаа 18, бүгд 47, 2000 онд адуу 4, үхэр 13, хонь 32, ямаа 17, бүгд 66 гэсэн,

            - В.Ч-гийн 1995, 1996, 1999, 2000 оны малын А данс,

             

2.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

           -Гэрч Ш.Х-ын шүүхэд өгсөн “...Би 1992 оноос 1994 оныг А аймгийн Ж сумын Б багт, 1994 оноос 2010 оныг хүртэл А аймгийн Ж сумын Х багт хувийн малаа маллаж байсан. В.Т нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ж сумын Б багийн Н гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. В.Т-ийнх 200-300 тооны мал малладаг. А аймгийн Ж сумын Б багийн Н гэх газарт ээж, дүү нарынхтайгаа айл аймаг байдаг. В.Т-ийг манай нутгийнхан н.Ч гэж дууддаг. Иргэний үнэмлэх дээрх нэр нь В.Т юм. Манай нутгийнхан В.Т гэдэг нэрийг нь мэднэ, дууддаг нэрээр нь н.Ч гэж дууддаг юм. Сургуульд байхаас л н.Ч гэж дууддаг байсан. В.Т нь эцэг, эхээс 5-уулаа. Ах дүү нар дунд нь н.Ч болон В.Т нэртэй хүн байхгүй. В.Т нь эхнэр С.Д-тэй хамт хувийнхаа мал малладаг. В.Т нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ж сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. В.Т нь малчнаас өөр ажил хийж байгаагүй, 1992 оноос хойш одоог хүртэл хувийн малаа маллаж байгаа. Би В.Т-тэй нэг нутгийн хүмүүс, ойрхон байдаг байсан болохоор түүний мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,

            -Гэрч Б.Г-ын шүүхэд өгсөн “...Би 1995 оноос 2018 оныг хүртэл А аймгийн Ж сумын Б багийн Н гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байсан. В.Т нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ж сумын Б багийн Н гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. В.Т нь эхнэр С.Д-тэй 1992 онд гэр бүл болсон. Эхнэртэйгээ гэр бүл болсноос хойш тасралтгүй А аймгийн Ж сумын Б багийн Н гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. В.Т-ийг манай нутгийнхан н.Ч гэж дууддаг. Багаас нь н.Ч гэж дууддаг. Одоо ч манай нутгийнхан н.Чимэдцэрэн гэж дууддаг. В.Т нь эцэг эхээс 7-уулаа байх. Ах дүү нар дунд нь н.Ч болон В.Т нэртэй хүн байхгүй. В.Т нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ж сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. В.Тнь малчнаас өөр ажил хийж байгаагүй, 1992 оноос хойш одоог хүртэл хувийн малаа маллаж байгаа. Би В.Т-нхтэй айл аймаг байдаг, нэг нутгийн хүмүүс болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4044 тоот лавлагаанд: А аймгийн Ж сумын Э багийн хөдөө оршин суух В.Т, тэргүүлэгч өөрөө, 1968 оны 11 дүгээр сард төрсөн, 31 настай, эрэгтэй ... гэсэн,

- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ж сумын Э багийн хөдөө оршин суух В.Т, тэргүүлэгч өөрөө, 1968 оны 11 дүгээр сард төрсөн, 31 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин... ” гэсэн,

- В.Т1990-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн  Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/509 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- А аймгийн  Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 71 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ж сумын Б багийн 1995-2000 онуудын малын А дансыг шүүн үзэхэд В.Т-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

- В.Т гэрлэснийг бүртгэх ХААТР-15 маягтад Ж.А компани, малчин-1992.11.16,

- В.Т хаягийн хуудсанд Ж суманд ажилгүй-1985.05.22,

- В.Т регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад Б багт малчин-2011.02.18 гэсэн,

- Т.Т-ын ХААТР-11 маягтад 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эцгийн нэр В.Т, эрхэлдэг ажил-малчин,

- Т.Т-ын ХААТР-11 маягтад 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эцгийн нэр В.Т гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч В.Т А аймгийн Ж сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

 

            - В.Т С.Д нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

            - А аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 326 тоот тодорхойлолтод: Иргэн В.Т-т холбогдох иргэний улсын бүртгэлийн баримтад өөрийн нэр өөрчилсөн бүртгэл байхгүй байна гэсэн,

            - В.Т 2023 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр,

            - А аймгийн  Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 645 тоот тодорхойлолт,

            - А аймгийн  Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/12 тоот тогтоол,

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 32/16 тоот Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,

            - А аймгийн  Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А аймгийн Ж сумын Б багийн малчин өрхийн тэргүүлэгч В овогтой Ч-гийн мал маллаж байсан хугацаа /1995 оноос 2000 он хүртэлх/ 640 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,

            - В.Ч-гийн 1995, 1996, 1999, 2000 оны малын А данс,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 03-02/4044 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- В.Т 1990-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн  Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/509 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- А аймгийн  Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 71 тоот тодорхойлолт,

- Т.Т-ын ХААТР-11 маягт,

- Т.Д-ын ХААТР-11 маягт,

            -Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Ш.Х, Б.Г нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч В.Тнь А аймгийн Ж сумын Б 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь тогтоогдож байна.         

 

          2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч В.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б овгийн В.Т-гийн А аймгийн  Ж суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч В.Тулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН