Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00408

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00408

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт Ж.С-гийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ж.С нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч Ж.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.С би 1986 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн уурын зууханд машинистаар 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орж, 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан. 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс А аймгийн Намын хороонд харуулаар шилжин ажилласан ба энэ харуулын ажлыг 1987 оны 11 дүгээр сар дуустал хийгээд, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн А аймгийн Хүнсний үйлдвэрт ачигчаар орж ажилласан. Хүнсний үйлдвэрийн ачигчийн ажлыг 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хийсэн. Үүний дараа А аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор нэг жилийн хугацаатай гэж ороод үргэлжлүүлэн 1991 оны дунд хүртэл ажилласан юм. Миний дээрх хугацаанд ажилласан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, дээрхи байгууллагуудын ажилласан байдалтай холбоотой тушаал, цалин хөлс бусад баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй байна. Иймд 1986 оноос 1991 оны дунд үе хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлттэй. Ийнхүү ажилласан байдлаа тогтоолгох зорилго нь миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэхэд оршино. Б овогт Ж.С миний А аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд уурын зуухны машинистаар 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, А аймгийн Намын хороонд харуулаар 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, А аймгийн Хүнсний үйлдвэрт ачигчаар 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, А аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл архиваас лавлагаа гарахгүй байгаа. Би 1986 онд цэргээс халагдаж ирээд Хөдөө аж ахуйн дээдэд машинистаар ажиллаж байгаад А аймгийн Намын хороонд харуул, мужаанаар ажилласан. Мөн А аймгийн хүнсний үйлдвэрт ачигчаар 1987 оноос эхлэн жил гаруй хугацаатай ажиллаж байсан. 1 жил ажиллаад ээлжийн амралт авч байсан юм. Тухайн үед ажлаасаа гарах гээд тушаалаа гаргуулах гэтэл Галсан гуай байхгүй байсан тул шууд барилга руу явсан. Дараа нь тушаалаа аваарай гэсэн. Би ч дахиж очоогүй өнгөрсөн. Ингээд би Барилга угсралтын конторт Ш-гийн бригад, цагаан үнээний фермд барилга барьсан. Мөн А аймгийн Багшийн дээдэд машинистаар ажиллаж байгаад 2 жилийн дараа тус сургуульдаа мужаанаар ажилласан.  Манай эхнэр миний иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр гээд бүх бичиг баримтыг маань 2000 онд шатаачихсан байсан гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 510 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Хүнсний үйлдвэрийн 1988, Барилга угсралтын конторын 1989-1990 оны материалыг шүүн үзэхэд Ж.С-д холбогдох материал гараагүй тул лавлагааг гаргах боломжгүй байна гэсэн,

            - Ардын боловсролын яамны харьяа А аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1986 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Уурын зууханд слесарь, машинист авч ажиллуулах тухай 140 тоот тушаалд 1. Уурын зуухны машинистаар доорх нэр бүхий хүмүүсийг авч ажиллуулсугай. Үүнд: ... Ж.С ... нарыг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс гэсэн,

            - А аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1987 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Ж.С-г ажилд батлах тухай 22 тоот тогтоолд 1. Ж.С-г намын хорооны ангийн харуулаар авч ажиллуулсугай, 2. Ж.С-гийн сарын цалинг 375 төгрөгөөр тогтоож 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн олгохыг санхүү аж ахуйн тасаг /Б.Д/-т зөвшөөрсүгэй гэсэн,

            - Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа А аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд түр томилох ба цалин олгох тухай 76 тоот тушаалд 1. Загас олборлох болон үйлдвэрт түр хугацаагаар ажиллах хүмүүсийг 1, 2-р хавсралтаар баталсугай, ... тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 11-т Ж.С, ачигч, батлагдсан төсвөөр,

            - Улсын барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд авах тухай 132 тоот тушаалд 1. ... 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ачигчийн хэсэгт түр 3 сар, Ж.Сг Д.Ш-гийн бригадад 1 жилийн хугацаагаар тус бүр нормчноор авч ажиллуулсугай, 2. Дээрхи нэр бүхий хүмүүсийг хийснээр нь цалинжуулахыг ерөнхий ня-бо /А.Б/-д зөвшөөрсүгэй гэсэн,

            - Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/1516 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: Ж.С БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар А аймгаас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /133/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 536611 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,

            - С.Б, С.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

            2.2.  Хүсэлт гаргагч Ж.С-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Н.Г-ын шүүхэд өгсөн “Би 1985 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Хүнсний үйлдвэрт, 1995 оноос 1998 оныг хүртэл Х хувьцаат компанид тус тус грушикээр ажиллаж байсан. Ж.С нь 1987 оноос 1988 оныг хүртэл А аймгийн Хүнсний үйлдвэрт грушикээр ажиллаж байсан. Ж.С нь А аймгийн Хүнсний үйлдвэрт жил гаран ажилласан. Намайг ээлжийн амралтаа аваад эргээд ажилдаа ороход Ж.С нь ажлаасаа гарсан байсан. Ж.Сг А аймгийн Хүнсний үйлдвэрт грушикээр ажилд ороход нь би А аймгийн Хүнсний үйлдвэрт грушикээр ажиллаж байсан болохоор би түүний ажилд орсон оныг сайн санаж байна. Би Ж.С-г ажилд ороход А аймгийн Хүнсний үйлдвэрт 2 жил гаран ажилласан байсан. А аймгийн Хүнсний үйлдвэрт материалын грушик, талхны грушик нар ажилладаг байсан. А аймгийн Хүнсний үйлдвэрт материалын грушикээр н.Д, Ж.С, бид гурав ажиллаж байсан. А аймгийн Хүнсний үйлдвэрийн даргаар н.С, боловсон хүчинээр н.Г нар ажиллаж байсан. Би Ж.С-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна  ” гэсэн мэдүүлэг

                       

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            - Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 03-02/3832 тоот лавлагаанд: А аймгийн Ц суманд оршин суух Ж.С, тэргүүлэгч өөрөө, 24 настай, эрэгтэй ... гэсэн,

            - Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ц суманд оршин суух Ж.С, тэргүүлэгч өөрөө, 24 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-нормчин ... ” гэсэн,

            -  Ардын боловсролын яамны харьяа А аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1986 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Уурын зууханд слесарь, машинист авч ажиллуулах тухай 140 тоот тушаалд 1. Уурын зуухны машинистаар доорх нэр бүхий хүмүүсийг авч ажиллуулсугай. Үүнд: ... Ж.С ... нарыг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс гэсэн,

            - Ардын боловсролын яамны харьяа А аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1987 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Уурын зуухны машинист ажлаас нь чөлөөлж, уурын зуухны машинист ажиллуулах тухай 97 тоот тушаал, Тушаалд 1. Уурын зуухны машинист Ж.С, ... нарыг 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж аймгийн намын хорооны болон мод боловсруулах үйлдвэрийн мэдэлд шилжүүлсүгэй ... гэсэн,

            - А аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Ж.С, С.Б нарыг ажлаас чөлөөлөх тухай 68 тоот зөвлөгөөний тогтоолд 1. Намын хорооны ангийн харуул Ж.С-гийн өөрийн нь хүсэлтийг үндэслэн 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ангийн харуулын, ... тус тус чөлөөлсүгэй гэсэн,

            - Ч дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 478 тоот тодорхойлолтод: Тус газрын мэдээллийн санд Ж овогтой С нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалын хуульд хамрагдаагүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй болно гэсэн,

- Ж.С-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад Барилга угсралтын трестэд нормчин, 1987 он ажиллаж эхэлсэн он 1988.11.17”,

- Ж.С-гийн гэрлэсний ХААТР-15 маягтад БУТрестэд нормчин-1989.09.13,

- Ж.С-гийн гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас,

- Ж.С-гийн гэрлэлтийг бүртгэх анкет,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Ж.С-гийн А аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд уурын зуухны машинистаар 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, А аймгийн Намын хороонд харуулаар 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл, А аймгийн Хүнсний үйлдвэрт ачигчаар 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, А аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 510 тоот тодорхойлолт,

            - Ардын боловсролын яамны харьяа А аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1986 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Уурын зууханд слесарь, машинист авч ажиллуулах тухай 140 тоот тушаал,

            - А аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1987 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Ж.Сг ажилд батлах тухай 22 тоот тогтоол,

            - Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа А аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд түр томилох ба цалин олгох тухай 76 тоот тушаал,

            - Улсын барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд авах тухай 132 тоот тушаал,

            - Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/1516 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

            - С.Б, С.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

            - Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 03-02/3832 тоот лавлагаа, хавсарган ирүүлэн баримт/,

            -  Ардын боловсролын яамны харьяа А аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1986 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Уурын зууханд слесарь, машинист авч ажиллуулах тухай 140 тоот тушаал,

            - Ардын боловсролын яамны харьяа А аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1987 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Уурын зуухны машинист ажлаас нь чөлөөлж, уурын зуухны машинист ажиллуулах тухай 97 тоот тушаал,

            - А аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Ж.С, С.Б нарыг ажлаас чөлөөлөх тухай 68 тоот зөвлөгөөний тогтоол,

            - Ч дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 478 тоот тодорхойлолт,

- Ж.Сгийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,

- Ж.Сгийн гэрлэсний ХААТР-15 маягт,

- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Н.Г-ын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ж.С нь А аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд уурын зуухны машинистаар 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, А аймгийн Намын хороонд харуулаар 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл, А аймгийн Хүнсний үйлдвэрт ачигчаар 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, А аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ж.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Ж.С-гийн А аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд уурын зуухны машинистаар 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, А аймгийн Намын хороонд харуулаар 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл, А аймгийн Хүнсний үйлдвэрт ачигчаар 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, А аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН