Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 0399

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Д.Ц-

Шүүгдэгч О.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-д холбогдох эрүүгийн 1725003220161 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ** оны 01 сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.С 

 

Шүүгдэгч О.С нь 2017 оны 08 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 26-нд Булаг багт Ц-тай таарсан. Ц- халамцуу явж байсан. Би түүнд архи авч өгье гээд дагуулаад явсан. Бид 2 гэрээсээ хүнсний зүйл аваад Баян-Өндөрийн баруун урд хөдөө очиж хоол хийж идсэн. Тэгээд архи ууж сууж байгаад маргалдсан. Ц-ын ахаас мөнгө авах ёстойгоо ярьж хүн чанар муутай, авсан юмаа өгдөггүй гэж хэлснээс бид 2 маргалдсан. Бид хоёр зэрэгцээд сууж байсан бөгөөд тохойгоороо ёворсон. Нэг их сүртэй цохиогүй. Ц-ын хамар нь надтай уулзахдаа шалбарсан байсан юм. Ц- зугтаад алга болсон. М- дараа нь ирж Ц-г олж суулгаад бид хоёрыг авч явсан. Бид хоёр адилхан зодолдсон. Ц-д гэмтэл учирсан болохоор л би зодсон болоод байгаа юм. Би Ц-гийн гарнаас нэг их сүртэй дугтраагүй. Би архи уусан байсан. Үйлдлээ мэдэж байгаа. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогч надаас хохирол нэхэмжлээгүй. Гэхдээ би хохирлын мөнгийг өгье гэж байсан боловч Ц-гоос баримт өгөөгүй байна гэж мөрдөн байцаагч хэлсэн. Ц-той уулзах гээд чадаагүй. Утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Би Ц-г хашаанд нь орж өшиглөж унагаасан. Гэхдээ сүртэй зодсон зүйл болоогүй. Надаас мөнгө авах гээд байгаа юмуу, авлагыг дуусгах гээд байгаа юмуу. Ярьснаас нь ийм л зүйл ойлголоо. Дүүжилнэ барина гэж хэлээгүй. Ц-ын ах нь анхнаасаа хэлсэн ярьснаараа байсан бол ийм зүйл болохгүй байсан. Хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 26-ны өдөр С-атай Булаг багийн гүүрэн дээр таарсан. Тэр өдөр би эрүүл байсан. Ц- архи ууя гэхээр нь тэгье гэсэн. Бид хоёрын дунд өс хөнзөн байгаагүй. Ах Ц- хоёрын дунд наймааны асуудал байсан. Үүнд би хамаагүй. Тэр өдөр М-, Э-, М- бид байсан. М-, М- 2 архинд явсан. Тэгээд Э- гэдэг хүүхэн бид 3 байсан. Тэгтэл С-а согтоод намайг элдвээр хэлж намайг дүүжилнэ, модоо сонго гэж хэлээд бараг дүүжлэх гээд байсан. Би зугтаасан. Тэгээд М- эргэж ирээд архи авчирсан. Би тэрнээс уугаагүй. Дүүжилнэ гэж байхдаа шанаа руу 2-3 удаа цохьсон. Хувцас хунар урсан. Тэгээд машинд суугаад манай гадаа ирээд намайг бас зодсон. Миний хувьд гомдолтой байна. Миний зүүн мөрний чагтан холбоос тасарсан гэж эмч хэлсэн. Зүү эмчилгээ хийлгэсэн. Өвдөлт нь намдсан ч гэсэн хөдөлгөөн хязгаарлагдсан. Одоогоор эмчилгээ дуусаагүй учир хохирлыг тооцож гаргаагүй байна. Эмчилгээ дууссаны дараа хохирлоо нэхэмжилнэ. Шүүгдэгч юу ч болоогүй юм шиг яриад байна. Намайг зодоод хашаа байшинг чинь шатаана гэж хэлж байсан шүү дээ. Миний хувьд гомдолтой. Шатаана, дүүжилнэ гээд заналхийлээд байна. Гэрч Э-, М- нараас мэдүүлэг аваагүй байна. Эд нарын яриагаар урд шөнө нь буудалд хоносон гэж ярьж байсан. Иймд гэрчүүдээс мэдүүлэг аваагүй учир хэргийг мөрдөн байцаалтанд буцаах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эргээд нөгөө хэд дээрээ очиход С-а Ц-ын хувцаснаас нь барьчихсан, Ц- бас С-атай барилцаад авчихсан, хоорондоо зодолдсон юм шиг байдалтай байхаар нь би салгаад юу болсон талаар асуухад хоорондоо дахиад зодолдох гээд байсан. Тэр хоёр нилээн согтуу болчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 896 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Ц-ын биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн шанаа, хацар, зүүн гарын долоовор хуруу, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, доод эрүүнд зулгаралт, зүүн мөрний мултрал, нэг шүдний ганхалт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд болон зүүн мөрний мултрал нь тус бүрдээ ГЗЗ- ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 22 ху /

 

-О.С-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-30 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч О.С нь 2017 оны 08 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ц-ын “...Дүүжилнэ гэж байхдаа шанаа руу 2-3 удаа цохьсон. Хувцас хунар урсан. Тэгээд машинд суугаад манай гадаа ирээд намайг бас зодсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.М-ийн /хх 17 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн шанаа, хацар, зүүн гарын долоовор хуруу, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, доод эрүүнд зулгаралт, зүүн мөрний мултрал, нэг шүдний ганхалт үүссэнийг тогтоосон 896 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч О.С-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага нь зүйтэй.

                     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц- нь “мөрдөн байцаалтын шатанд гэрч Э-, М- нараас мэдүүлэг аваагүй байна” гэж тайлбарлан хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай хүсэлтийг гаргаж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул хохирогчийн дээрхи хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч О.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Д.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоогоор эмчилгээ дуусаагүй учир хохирлыг тооцож гаргаагүй байна. Эмчилгээ дууссаны дараа хохирлоо нэхэмжилнэ” гэж  байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА