Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/492

 

   

 

 

 

 

     2022           5              10                                       2022/ДШМ/492                                  

 

 

Т.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Дэлгэрмаа,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б,

            шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Ч.Мөнхбаяр,  

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Ч.Мөнхбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох эрүүгийн 2203000050053 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Т.Н, 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний орчуулагч 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт ..........................

Шүүгдэгч Т.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 2021 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 00 цаг 45 минутын үед Н.Энхбаярын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 73-33 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Наадамчдын зам, Яармагийн 2 дугаар буудал, Дээд бодь хийдийн урд талын зам дээр явган зорчигч Б овогтой Н мөргөж, амь нас хохирсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон гэсэн заалтуудыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.      

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Т.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Нд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс тоолж, шүүгдэгч Т.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нэс амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бд нийт 18.718.669 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Энхбаярт 2.785.000 төгрөг нөхөн төлсөн, иргэний хариуцагч Н.Энхбаяраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бд 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Н өмгөөлөгч Э.Шинэзориг, Ч.Мөнхбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Т.Н нь 19 настай, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний орчуулагч мэргэжлээр 2 дугаар курст суралцдаг, эмээ, өвөөгийн хамтаар амьдардаг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй юм. Түүнчлэн тэрээр бага наснаасаа эхлэн одоог хүртэл хичээл сургуулийн хажуугаар Монголын хүүхдийн ордон болон бусад сургалт, дамжаа, дугуйланд хамрагдаж дүүргийн болон улсын чанартай олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль болон шагналт байруудыг эзлэж тодорхой хэмжээний амжилтуудыг үзүүлж байсан. Энэ талаарх нотлох баримтуудыг хавтаст хэргийн материалд /хх 57-97х/ хавсаргуулж, шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай холбоотой шинжлэн судлах гэсэн боловч шүүх хуралдаан даргалагчийн зүгээс “...нэг бүрчлэн судалбал цаг их авна...” гэх зэргээр шинжлэн судлуулаагүй, хязгаарласан тул өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад эдгээр нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлах хүсэлтэй байгаа болно. Шүүгдэгч Т.Н зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед буюу 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зам тээврийн ослын дараа Т.Н ээж нь амь хохирогчийн ар гэрээс уучлал хүсч, гэрт нь очиж эмгэнэл илэрхийлэн уулзах...” талаараа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгар утас руу мессеж бичсэн, тэд харилцсан талаар мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдааны явцад энэ нөхцөл байдлын талаар буюу уучлал хүссэн. гэрийнх нь гадаа уулзахаар очсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б мөн адил мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчээс эцсийн үгэндээ уйлж, гэмшиж, харамсаж, амь хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлал хүсч, орой болгон сүү өргөж байсан талаараа хэлсэн. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н хувийн байдал буюу насны байдал болон сургуульд суралцаж байгаа байдлыг харгалзан үзэх, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол буюу оршуулгын зардлыг төлсөн, амь хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна гэсэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарсан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугийн хэлбэр буюу болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх талаар санал, дүгнэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн уг санал, дүгнэлтийг анхаарч үзээгүй мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй юм.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч Т.Н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлсөн хэдий ч...гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн хор уршгийг арилгах боломжгүй нөхцөл байдлыг...харгалзан үзээд...хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн...” гэжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасантай нийцээгүй. Дээрх байдлаар анхан шатны шүүх ганцхан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн хор уршгийг арилгах боломжгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Хэдий хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг учрал болсон хэдий ч шүүгдэгч нь уг хор уршгийг бий болгохыг хүсээгүй, уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд тийм ч учраас хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамааруулан хуульчилсан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана гээд 3.1-д “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал...”-ыг тусгахаар заасан боловч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо нотлох баримтаар тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу уг нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1,2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” тохиолдолд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үзэхээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шударга ёсны зарчим буюу “Эрүүгийн хариуцлага нь...гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Нд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, өөрчлөлт оруулж өгөхийг хичээнгүйлэн хүсье. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Н өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Н нь 19 настай, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний орчуулагч мэргэжлээр 2 дугаар курст суралцдаг, эмээ, өвөөгийн хамтаар амьдардаг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй юм. Түүнчлэн тэрээр бага наснаасаа эхлэн одоог хүртэл хичээл сургуулийн хажуугаар Монголын хүүхдийн ордон болон бусад сургалт, дамжаа, дугуйланд хамрагдаж дүүргийн болон улсын чанартай олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль болон шагналт байруудыг эзлэж тодорхой хэмжээний амжилтуудыг үзүүлж байсан. Энэ талаарх нотлох баримтуудыг хавтаст хэргийн материалд /хх 57-97х/ хавсаргуулж, шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай холбоотой шинжлэн судлах гэсэн боловч шүүх хуралдаан даргалагчийн зүгээс “...нэг бүрчлэн судалбал цаг их авна...” гэх зэргээр шинжлэн судлуулаагүй, хязгаарласан тул өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад эдгээр нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлах хүсэлтэй байгаа болно. Шүүгдэгч Т.Н зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед буюу 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зам тээврийн ослын дараа Т.Н ээж нь амь хохирогчийн ар гэрээс уучлал хүсч, гэрт нь очиж эмгэнэл илэрхийлэн уулзах...” талаараа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгар утас руу мессеж бичсэн, тэд харилцсан талаар мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдааны явцад энэ нөхцөл байдлын талаар буюу уучлал хүссэн. гэрийнх нь гадаа уулзахаар очсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б мөн адил мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчээс эцсийн үгэндээ уйлж, гэмшиж, харамсаж, амь хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлал хүсч, орой болгон сүү өргөж байсан талаараа хэлсэн. Эрүүгийн хариуцлагын талаар өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н хувийн байдал буюу насны байдал болон сургуульд суралцаж байгаа байдлыг харгалзан үзэх, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол буюу оршуулгын зардлыг төлсөн, амь хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна гэсэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарсан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугийн хэлбэр буюу болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх талаар санал, дүгнэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн уг санал, дүгнэлтийг анхаарч үзээгүй мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч Т.Н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлсөн хэдий ч...гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн хор уршгийг арилгах боломжгүй нөхцөл байдлыг...харгалзан үзээд...хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн...” гэжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасантай нийцээгүй. Дээрх байдлаар анхан шатны шүүх ганцхан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн хор уршгийг арилгах боломжгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Хэдий хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг учрал болсон хэдий ч шүүгдэгч нь уг хор уршгийг бий болгохыг хүсээгүй, уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд тийм ч учраас хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамааруулан хуульчилсан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана гээд 3.1-д “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал...”-ыг тусгахаар заасан боловч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо нотлох баримтаар тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу уг нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1,2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” тохиолдолд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үзэхээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шударга ёсны зарчим буюу “Эрүүгийн хариуцлага нь...гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Нд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. ... гэв.

Шүүгдэгч Т.Н өмгөөлөгч Ч.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэгт шүүгдэгч, хохирогч нарын 50, 50 хувийн буруутай үйлдэл байгаа. Шүүгдэгч Т.Н амь хохирогч гэнэт урдуур нь гүйгээд ороод ирэхээр унаж явсан тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч, зорчих хэсгийн 3 дугаар эгнээ буюу зүүн гар талруугаа жолооны хүрдийг дарсан боловч амь хохирогч нас барсанд маш ихээр гэмшиж байгаа. Тухайн хэрэг болсноос хойш шүүгдэгч сэтгэлзүйн хувьд хүнд байдалтай байсан тул хэрэг болсон шөнө мөрдөгч шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндэд хяналт тавьж, дэргэдээ байлгаж, улмаар маргааш нь эмэг эх, өвөг эцэг нарт нь хүлээлгэн  өгсөн. Шүүх хуралдаан болох хүртэл шүүгдэгчийг ганцаар нь явуулахгүй, насанд хүрсэн хүнтэй хамт байлгаж, хяналт тавьж байсан. Шүүгдэгч гэм буруугийн хувьд мөрдөн шалгах ажиллгааны шатнаас эхлээд маргаагүй бөгөөд бодит хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага биелээгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Т.Н 19 настай учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээ авч болно гэж заасан байх тул шүүх энэ хуулийн зүйл заалтыг хэрэглэж, шүүгдэгчийн нас, засан хүмүүжих нөхцөл байдал, боломж  байгаа болохоор үүнийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн үр дагаврын хувьд адил байгаа учраас шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн түрүүнд амь хохирогчийн ар гэрээс ахин дахин уучлал хүсч, маш их харамсаж байна, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Би хүний амь насыг хохироохыг хүсээгүй бөгөөд болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж уг зам тээврийн осол гарсанд одоог хүртэл маш их харамсаж байна. Миний хувьд 19 настай, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд анх удаа санамсаргүй гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа билээ. Мөн зам тээврийн осол болсон өдрөөс хойш шүүх хурал болох хүртэл талийгч охины төлөө орой бүр сүү өргөн, уучлал хүсч байсан. Би Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 2 дугаар курст суралцдаг бөгөөд хичээлээсээ гадуур өөрийн хүсэл сонирхол, мөрөөдлийн дагуу төгөлдөр хуур болон бусад дугуйлан, дамжаанд хамрагдаж суралцдаг бөгөөд цаашид өөрийн сурч буй чиглэлээр мэргэжил эзэмшиж, сайн чадварлаг боловсон хүчин болж улс эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч мөрөөддөг. Иймд миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан мөн өсвөр насны, их сургуульд суралцан мэдлэг боловсрол эзэмших, хүсэл мөрөөдлөө биелүүлэх ганцхан боломжийг олгон надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг эрхэм шүүгч та бүхнээс чин сэтгэлээсээ хүсч байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Охины маань амь нас хохироод 5 сар болж байна. Эцэг хүний хувьд, мөн боловсон хүчний хувьд, цаг хугацааны хувьд бодож үзэхэд бид хүнлэг бус нийгэм бий болгоод байна уу гэж бодох болсон. Миний охины найз нар Т.Нд зориулж Үүнээс илүү сайхан нийгэмд үүнээс илүү урт наслаарай миний найзгэж хэлж байсан. Жолоо барих эрхгүй байж яагаад жолоо барьсан, Яагаад 120 километр хурдтай явж байхад нь хажууд нь хамт байсан хүмүүс болиулаагүй юм бол. Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан этгээд нь жолоодох эрхээ хэдэн сарын өмнө хасуулчихсан хүн байсан. Тэр тээврийн хэрэгсэл тухайн шөнө ганцаараа явж байсан. Замын хажууд 3, 4 хүн гүйж явсныг харсан гэсэн атлаа хурдаа саах, самбаачлах арга хэмжээ аваагүй байсан. Амь хохирогчийн найзууд амиа хамгаалаад найзаасаа зугтсан байж болзошгүй байдлыг шалгуулах хүсэлтийг удаа дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байсан боловч одоог хүртэл миний хүсэлтийг хангаж өгөөгүй. Ямар учраас тэд нар гэнэт зам хөндлөн гарах болсон талаар тодруулах гэж би үзсэн.  Шүүгдэгч миний охинтой жацуу бөгөөд адилхан л охин хүүхэд. Хүмүүнлэгийн ухааны сургуульд сурдалцдаг юм байна лээ. Хэрэг гарсан шөнө би өөрөө очсон. Намайг унтаж байхад миний охины найз залуу нь Охиноо аваарай гэж хэлсэн. Шүүх хуралдаанд оролцсон хүмүүс хэтэрхий хүнлэг бус байсан гэж бодож байна. Хамт явсан этгээдүүд хүнлэг бус байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Хохирлыг барагдуулсан гэж хэлэхийг нь сонсоод би их эмзэглэсэн. Тухайн үед буяны үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөний баримтыг цагдаа нэхэхэд нь гаргаж өгсөн юм. Хүний амийг үнэлэшгүй. Монгол Улсын хуулийг хараад байхад тээврийн хэрэгслээр ямар ч тохиолдолд хүний амийг хохироосон бол хамгийн дээд талдаа 5 жилийн хорих ял авдаг юм байна. Шүүгдэгч Т.Н ялыг шүүхээс оноосон бөгөөд би үүнийг хөнгөдсөн эсвэл хүндэдсэн гэж дүгнэж чадахгүй.  Тухайн хэрэг 5 сарын өмнө болсон. Т.Н өсгөсөн гэх эмээ, өвөө нь 5 сарын хугацаанд над дээр ганц ч удаа ирээгүй атлаа шүүхийн шийдвэр гарсны дараа манай хаалган дээр ирсэн. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгчийн зүгээс баримттай хохирол төлбөр буюу 18,000,000 орчим төгрөгөөс ганц ч төгрөг төлөөгүй. Анхан шатны шүүхийн шүүх хурал зарлахаас өмнө шүүгдэгч гэм буруугийн хувьд гэмшиж байгаа байдал харагдаагүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд дөрвөн гэрчийг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулах саналыг гаргасан бөгөөд гэрчүүд гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан нийт 6 цаг үргэлжилсэн. Оролцогч нараас нэг бүрчлэн мэдүүлэг авч, асуулт асуусан бөгөөд асуулдыг маш нухацтай хэлэлцсэн. Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг судалж, авч хэлэлцсэн. Анхан шатны шүүх хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 2021 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 00 цаг 45 минутын үед Н.Энхбаярын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 73-33 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Наадамчдын зам, Яармагийн 2 дугаар буудал, Дээд бодь хийдийн урд талын зам дээр явган зорчигч Б овогтой Н мөргөж, амь нас хохирсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б“...Миний охины найз залуу Билгүүтээ над руу залгаад “охиноо ирж аваарай” гэсэн. Би гэрээсээ гараад явж байхдаа охиныхоо утас руу олон дахин залгасан боловч аваагүй. Би ослын талаар газар дээр нь очоод мэдсэн. Машин 3 дугаар эгнээд зогсож байсан. Т.Н гэх охин надад 55 км цагийн хурдтай явж байсан гэж хэлсэн. Намайг охиноо аваад машины хойд талын суудал дээр сууж байхад нэг хүн машины камерын бичлэгийг авах гэж оролдсон. Би цагдаад хэлж байж авахуулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл хэн ч надтай холбогдоогүй хүнлэг бус хандсан. Уучлал гуйгаагүй. Би баримттай зардлаа гаргаж өгсөн. Нэг ч удаа манай гэр бүлээс уучлалт гуйгаагүй. Би охиноо алдсандаа гомдолтой байна. ...” /1хх 41/,

гэрч Г.Б“...би Номиог барьж байсан гараа суллаад тавьсан. Дуудлагын жолооч “өөрсдөө учраа ол” гээд явах гэхээр нь “чи яасан өөдгүй юм бэ, хамтдаа машинд суулгаад өгөөч” гээд эргээд Номио руу харахад замын дунд хэсэгт автомашинд мөргүүлж байгаа харагдсан. ...” /1хх 44, 103-104/,

гэрч А.М“...Би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. ...Би энэ үед нэг хэсэг утсаараа оролдоод явж байтал нүдний баруун буланд нэг хар юм сүүмэлзэх шиг болоход лавшруулан харахад хүмүүс гүйлдэж байсан. ...Нэг юм мөргөх шиг болохоор нь нүдээ аниад зогсохоор нь нүдээ нээгээд тээврийн хэрэгслээс буухад 3 хүн байсан. Нэг эмэгтэй ухаангүй өөр нэг эрэгтэй хүн тэр эмэгтэй хүнийг тэврээд уйлаад орилоод байсан. ...” /1хх 79-81/,

гэрч Г.А“...замын хойд хэсгээс 3 хүн гэнэт гүйгээд ороод ирсэн. Тэр хүмүүсийн хамгийн урд нь гүйж явсан эмэгтэй хүн манай машинд мөргүүлсэн. ...Эхлээд Мөнхтулга, Н нар автомашинаас буугаад би хойноос нь буусан. ...” /1хх 87-89/,

гэрч С.Б“...Тэгээд машинаа хүлээж байх хооронд тэр хүргэж ирсэн 2 хүнийг нилээд удаан харж зогссон. Тэр үед эмэгтэй хүн нь зам руу гүйх гээд эрэгтэйдээ дийлдэхгүй байгаа байдалтай харагдаад байсан. Тэгэхээр нь би эргэж очоод эмэгтэйд нь хандан “ахын дүү тайвшир” гэж хэлэхэд эрэгтэй нь надад хандан “2-уулаа хамт өргөөд машинд суулгаадхъя” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг хүчлэхийг хүсээгүй. Аль болох аргаар машинд нь суулгахыг бодсон. ...би нөгөө 2 хүнийг орхиод өөрийн ажлын хүндээ харагдах гээд эргэсэн. Зам хөндлөн гарах бодолтой байсан. Энэ үед нөгөө 2 хүний эрэгтэй нь миний хойноос “чи ямар өөдгүй юм бэ хамтдаа энэ хүнийг машинд суулгаад өгөөч ээ” гэж хашгирч байсан. Энэ үед би тэр 2 хүнээс 4-5 метр орчим холдсон байсан. Ингээд тэр 2 хүн рүү эргээд харах үед зам дээр түс хийх чимээ гарсан. Тэр чимээ гарсан зүг буюу зам руу харахад саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин нөгөө 2 хүний эмэгтэйг мөргөсөн, тэр эмэгтэй агаарт 2-3 эргэлдээд буцаж унахдаа тэр автомашины урд хамар хэсэг дээр нь унаад жолооч талаар нь машины доод хэсэгт дайрагдаж байгаа харагдсан. ...би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Эрэгтэй нь бага зэрэг шүүмжпээд түүнийг эмэгтэй хүн нь хүндээр тусгаж авсан болов уу гэхээс хоорондоо зодолдож гар хүрсэн зүйл бол байхгүй. ...”/1хх 93-94/,

гэрч Н.Э“...Картны бичлэг устаж алга болж магадгүй гэж бодоод дүү Мөнхтулгад хэлж түүгээр авахуулсан. Тэгээд Мөнхтулгыг картаа авах үед хохирогчийн аав нь би авна гээд байхаар нь би авсан. Тэгээд хэргийн газарт үзлэг хийж байсан Цагдаагийн алба хаагчид өгсөн. ...”/1хх 222/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн “...талийгаач нь хүзүү, цээж мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан. ...”/1хх 106-107/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай “...Б.Нбиед хүзүүний 2-3 дугаар нугалмын түвшинд бүрэн мултрал, нугас тасрал, цээжний хөндий дэх цус хуралт, гол судасны тасрал, гол судасны холбоосонд цус хуралт, уушги авчилт, зүүн атгаал ясны ил хугарал, зүүн шаант тахилзуур ясны зөрөөтэй хугарал, эрүүний оочонд язарсан, зүүн бугалганд урагдсан шарх, баруун хацар, шанаа, хамрын нуруу, дух, зүүн хөмсөг, зүүн дээд доод зовхи, зүүн хацар шанаа, ооч, баруун тохой, баруун зүүн сарвуу, зүүн бугуй, баруун ташаа, нуруу, ууц, баруун өвдгөнд зулгаралт, эрүү, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, зүүн гуя, баруун зүүн өвдөг цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн амь насанд аюултай шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хүзүү, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Задлан шинжилгээний явцыг 20 ширхэг фото зургаар баталгаажуулан тайлбарын хамт хавсаргав.

            Талийгаач нь 2021 оны 12 дугаар сарын 6-ны 03:50 цагийн байдлаар нас бараад 3 цаг болсон байна. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ. Талийгаачийн цуснаас 1,7 промилли, ходоодны шингэнээс 1,8 промилли, шээснээс 2,4 промилли спиртын агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. ...”/1хх 119-122/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Т.Н 1131 гэж хаягласан цусны дээж, Т.Н 2021.12.06 1140 гэж хаягласан хуванцар савтай шээсэнд спиртийн агууламж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. ...” /1хх 139-140/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн жолооч Түвшинсайхан овогтой Н /РД:УК02302644/ биенээс авсан гэх “Н” гэх бичиглэлтэй, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Жолооч Түвшинсайхан овогтой Н /РД:УК02302644/ биенээс авсан гэх цус нь АВО системээр 0(1) бүлгийн харъяалалтай байна /1хх 136-137/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн флаш дискт бичигдсэн “iSafe Viewer” автомашины хяналтын дүрс бичлэгийн программ хангамж, АVI өргөлттэй нийт 55 ширхэг 29.7 GВ хэмжээтэй дүрс бичлэгүүд, СД дискт бичигдэн “20211206_014523.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэг, хэргийн газрын үзлэгийн болон нөхөн үзлэгийн тэмдэглэл, схем зургийн нийт 8 хуудас материал нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “20211206_014523.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэг бичигдсэн төхөөрөмж суурилагдсан тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнөх цаг хугацааны авто замын зорчих хэсгийн баруун гар талын /нөхөн үзлэгийн тэмдэглэлд 1,2,3 тэмдэглэгдсэн/ гэрлийн шонгийн хоорондох 90.3 метр зайг 120.8 км/цагийн дундаж хурдтайгаар туулж өнгөрсөн байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн флаш дискт бичигдсэн дүрс бичлэг бичигдсэн төхөөрөмж суурилагдсан тээврийн хэрэгслийн жолоочийн хэсэг дүрс бичлэгүүдэд дүрслэгдээгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнийг тогтоох боломжгүй байна. …” /1хх 150-152/,

Автотээврийн Үндэсний төвийн ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 20 дугаартай “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь ижил байна.

  1. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд буфер баруун гар талдаа хагарч унасан, капот баруун гар талдаа нугарч, хонхойсон, салхины шил баруун гар талдаа цөмөрч, бяцарсан, баруун гар талын их гэрэл хагарч унасан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв.
  2. Урд буфер баруун гар талдаа хагарч унасан, капот баруун гар талдаа нугарч, хонхойсон, салхины шил баруун гар талдаа цөмөрч, бяцарсан, баруун гар талын их гэрэл хагарч унасан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв.

Урд буфер баруун гар талдаа хагарч унасан, капот баруун гар талдаа нугарч, хонхойсон, салхины шил баруун гар талдаа цөмөрч, бяцарсан, баруун гар талын их гэрэл хагарч унасан зэрэг эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн байж болох тул осол гарахад нөлөөлөхгүй. Тоормосны шингэн дамжуулгатай АВC тоормосны системтэй. Урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, АВC систем хэвийн ажиллагаатай байсан. Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Япон улсаас импортоор орж ирээд 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ТХ үзлэгт хамрагдаж тэнцсэн байна.

2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ТХ үзлэгт орсон тул 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ТХ үзлэгийн хугацаа дуусах байсан байна. Уг тээврийн хэрэгсэл нь дөрвөн улиралд нийцсэн М+5 тэмдэглэгээтэй дугуйтай байсан. Асуултад дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй болно. ...” /1хх 182-185/ гэсэн дүгнэлтүүд,

2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 20 дугаартай мөрдөгчийн магадлагаа “...Жолоодож явсан жолооч Т.Н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт мөн дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрсөн гэх үндэслэлтэй байна.

            Явган зорчигч Б овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” /1хх 175-176/,

Жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагаа: “...Т.Н нь жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна. ...” /1хх 113/, автомашины камерийн бичлэг сиди үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 115/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: “...Т.Н 0.00% согтууруулах ундаа хэрэглээгүй. ...” /1хх 18/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Наадамчдын зам, Яармагийн 2 дугаар буудал, дээд бодь хийдийн урд талын зам дээр Тоёота приус маркийн 73-33 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан газарт үзлэг хийжээ. /1хх 4-17, 171-174/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Н “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Н өмгөөлөгч Э.Шинэзоригийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Нд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,  

Шүүгдэгч Т.Н өмгөөлөгч Ч.Мөнхбаярын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн үр дагаврын хувьд адил байгаа учраас шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн, 

Шүүгдэгч Т.Н “...надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

            Шүүгдэгч Т.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгслийг жолоодож,  гэрлийн шонгийн хоорондох 90.3 метр зайг 120.8 км/цагийн дундаж хурдтайгаар хурд хэтрүүлэн давхиж хүний амь нас хохироосон үйлдлийн  хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны   тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж  шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн  тул шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Ч.Мөнхбаяр нарын гаргасан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            Иймд Т.Н болон түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Ч.Мөнхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн болно.

Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 40 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Ч.Мөнхбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 40 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

           

                               ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

 

                    ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ