Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2016/00311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Н.Э

Газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2015/00487/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Э, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай гэр бүл Г 2 хүүхдийн хамт 1995 оноос тухайн үеийн Мөрөн сумын 4-р багийн нутаг дэвсгэр, 3-р 10 жилийн сургуулийн урд талд задгайд 4*6м хэмжээтэй газрыг Мөрөн сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшиж эхэлсэн. 2011 оны 11-р сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Засаг даргын ***** тоот захирамжаар уул газар дээр 10*15м харьцаатай 150мгазрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн. Хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, төлбөрөө төлж ирсэн болно. Иймд уг газрын шударга эзэмшигч нь Н.Э мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар 10 жилийн сургуулийн урд талд задгайд байрлах 4х6 хэмжээтэй газарт 1995 оноос эхлэн түц ажиллуулж эхэлсэн. Ингээд 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Засаг даргын ***** тоот захирамжаар 10х15метр харьцаатай 150метр квадрат газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн. Гэвч миний газрыг Я гэх хүн булаацалдаж, шүүхийн шийдвэр Ягийн талд гарсан. Би 1995 оноос хойш тухайн газартаа амьдраад, амьдрал ахуйгаа залгуулж, орлогын албан татварыг цаг тухайд нь төлж байсан бөгөөд 2011 онд газрын гэрчилгээ, кадастрын зургаа гаргуулж авч байсан. Иймд хүсэлтийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э нь газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийн шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Н.Э нь шүүх хуралдаанд Би Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар 10 жилийн сургуулийн урд талд задгайд байрлах 4х6 хэмжээтэй газарт 1995 оноос эхлэн түц ажиллуулж эхэлсэн. Ингээд 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Засаг даргын ***** тоот захирамжаар 10х15 метр харьцаатай 150 метр квадрат газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн гэж тайлбарлаж байх ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбараас үзвэл Н.Э нь хуулийн дээрх заалтыг зөрчиж газар эзэмшүүлэх тухай захирамж, гэрээ, гэрчилгээгүй хууль бусаар уг газрыг 1995 оноос 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл эзэмшиж амьдарч байгаад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дүгээр захирамжаар Мөрөн сумын 8 дугаар баг 3 дугаар сургуулийн урд байрлалтай 150 м.кв газрын 29 жилийн хугацаатай эзэмших болжээ.

Н.Э нь аймгийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийг сэргээж, аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/226 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан заалтыг зөрчиж 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дүгээр захирамжаар Н.Эт Мөрөн сумын 8 дугаар баг 3 дугаар сургуулийн урд байрлалтай 150 м.кв газрын 29 жилийн хугацаатай эзэмшүүлсэн,

Мөрөн сумын Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар захирамж, 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаар газар эзэмших гэрээ гэрчилгээгээр 1 дүгээр 10 жилийн зүүн хойд талд 2205м.кв газрыг С ХЭАА-д үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд тухайн газраас холбооны шугамтай давхцал бүхий хэсгийн хасч Аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамж, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 000483641 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1112 дугаар газар эзэмшүүлэх гэрээгээр 8 дугаар баг Эрдмийн далай сургуулийн урд худалдаа үйлчилгээний зориулалтаар 1834 м.кв газрыг иргэн Б.Яд 25 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон гэх үйл баримтуудыг тогтоож,

Н.Эийн эзэмшлийн 150 м.кв газар нь Сүлд ХЭАА-н эзэмшлийн 2205 м.кв газартай давхцалтай байсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжинд нийцүүлэн захирамж гаргана, 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжинд нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж газар эзэмшигч, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно гэж заасныг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг дарга өөрийн хууль бус шийдвэрээ зөвтгөн, газрын давхцлыг арилгаж аймгийн Засаг даргын 2011 оны ***** дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын хоёр дахь заалтыг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/226 дугаар захирамжаар хүчингүй болгосныг үндэслэл бүхий болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаар тогтоол хүчин төгөлдөр тогтоол байна.

Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ... газар нь ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна гэж заасан. Үүнд үндэслэн газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт хуульчилсан байна.

Хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүй болохыг хуульд ийнхүү тодорхой заасан.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар Аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно. гэж заасан. Нэхэмжлэгч Н.Э нь газрын шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн бөгөөд энэ тохиолдолд газар эзэмших эрх нь хөрөнгө гэх хууль зүйн ойлголтонд хамаарч байх ба Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ.

Газрын хууль ёсоор эзэмших журам, үндэслэлийг Газрын тухай хуулийн 27-34 дүгээр зүйлд заасан ба газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд бодит байдал дээр нэхэмжлэгч Н.Э нь маргаж буй газрыг эзэмших эрхтэй болохыг нотолсон гэрээ, гэрчилгээгүй, харин энэхүү газар дээр өөрийн ТҮЦ болон байшингаа 1995 оноос хойш одоог хүртэл байрлуулж байгаа нь түүний газрыг эзэмших эрхтэй болохыг нотлохгүй, газрын шударга эзэмшигчээр тогтоолгохыг шаардах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар

а/-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа

б/-д түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх хоёр тохиолдлыг хуульчилсан байтал Н.Э нь газрыг хууль ёсоор эзэмшсэн эрхийн гэрчилгээгүй, түүний эзэмших эрхтэй болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Н.Эийн газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Г.ДАВААХҮҮ