Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2016/00063/И |
Дугаар | 155/ШШ2016/00312 |
Огноо | 2024-02-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2016/00312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г
Үйлчилгээний төлбөр 316.909 /гурван зуун арван зургаан мянга есөн зуун ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 155/2016/0063/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ***тоот гэрээ байгуулан ***** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн барьцаа 30.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 664.376 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ... Манай байгууллага Ганболдын Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага 664.376 төгрөгийг 347.467 төгрөгөөс багасгаж, үлдэх 316.909 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 316.909 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2010 онд мобикомын ***** дугаарыг ***тоот гэрээ байгуулан хэрэглэж эхэлсэн. Тус дугаарыг зон 160 багцыг сонгон хэрэглэж эхэлсэн эхний хэдэн сар 60.000-70.000 гарч байснаа сүүлдээ сар бүр 150.000-200.000 төгрөгийн төлбөр гардаг болсон. Би төлбөрөө цаг тухай бүрт нь төлсөн. 2015 оны 3, 4 сарын үед нэг сарын төлбөр 400 гаруй мянган төгрөг хүрч Мобикомын төв салбарт хандан шалгуулахад Мобикомын теллер мессэж буруу очсон байна. Таны төлбөрөөс 70.000 төгрөгийг хасч бодож өгөе гэсэн хариу өгсөн. Маргааш нь би өөрийн хэрэглэсэн data багц kb /интернэт хэрэглэгээ/ шалгаж үзээд аваагүй дата багц нэмж бичсэн, data багц буруу бодогдсон, data багц авчихсан байхад задгайгаар бодогдсон гэх шалтгаануудыг хэлэн төв салбарын хүнтэй дахин холбогдоход алдаа гарсан байна 350.000 төгрөгийг таны төлбөрөөс хасаж өгье гэсэн хариу хэлсэн. Би тус ажилтанд танайх төлбөр дээрээ нэмж төлбөр бичдэг юм байна. Дараа сарын төлбөр ч гэсэн эхний хэд хоног гэхэд өндөр гарсан байна. Энэ бүгдийг нягталж шалгаад үнэн зөв төлбөрөө мэдэгдэнэ үү гэсэн хүсэлт тавьсан гэвч хариу өгөлгүй миний хэрэглэж байсан ***** дугаарыг хааж 2016 оны 1-р сард 667.000 мянган төгрөгийг шүүхээр нэхэмжилсэн байна. Мобиком нь миний өмнөх саруудын төлбөр дээр хичнээн төгрөг нэмж бичсэн хэдэн удаа алдаа гарч надаас илүү мөнгө бодогдсныг мэдэхгүй болохоор энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Г нь ***тоот гэрээ байгуулан ***** дугаартай үүрэн телефоны дараа төлбөрт дугаарыг эзэмшсэн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй 664.376 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг төлөөгүй. Үүнээс анх гэрээ байгуулахад байршуулсан барьцаа 30.000 төгрөгийг суутгасан. Хэрэглэгч Г.Гантулгын гаргасан гомдлыг шалгаад Мобиком ХХК-ний буруугаас үүссэн 347.467 төгрөгийг залруулга хийж гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч, одоо 316.909 төгрөгийг хэрэглэгчийн өөрийнх нь хэрэглэсэн хэрэглээ гэж үзэж Г.Гас нэхэмжилж байгаа юм. Өмнөх саруудын төлбөр буруу гарч байсан талаар хэрэглэгч Г.Гас гомдол гаргаж байгаа, буруу бодогдсон гэх баталгаа, нотолгоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж байна гэв.
Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оноос энэ дугаарыг барьж эхэлсэн. Эхэндээ 60-70 мянган төгрөгийн төлбөр гардаг байснаа сүүлдээ 150.000-200.000 төгрөгийн төлбөр гардаг болсон. Би энэ дугаарыг 4 жил барьсан. Хамгийн сүүлд 664.376 төгрөгийн төлбөр гарахад нь Мобиком хязгаарлагдмал хариуцлагатай компаний төв салбарт нь гомдол гаргаж шалгуулахад алдаатай бодогдсон байна гээд 347.467 төгрөгийг хасахаар болсон. Би өмнөх саруудын төлбөр дээр ч мөн эргэлзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Гд холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 664.376 /зургаан зуун жаран дөрвөн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 316.909 /гурван зуун арван зургаан мянга есөн зуун ес/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Мобиком корпораци ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт мэдээлэл сүлжээний ашиглалт, үйлчилгээ эрхлэх, улс хоорондын телефон холбооны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Г.Г нь ***** дугаарын 2014 оны 08, 09, 10, 11, 12 саруудад төлсөн сарын хэрэглээн дээрээ эргэлзэж байх тул ярьсан хэрэглээгээ хянаж байж төлж барагдуулна гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.
Талуудын хооронд үүссэн харилцаа нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хэрэглэгч нь "харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх" үүрэгтэй байх ба нэхэмжлэгч байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгсөн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний ***дугаартай үйлчилгээний гэрээ -ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багц солих гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ***тоот гэрээний хэрэглэгч Г.Г-ын 2014 оны 08, 09, 10, 11, 12 сар, 2015 оны 01, 02, 03 сарын хэрэглээний хураангуй жагсаалт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч Г.Гас ***** дугаарын ярианы төлбөр 316.909 /гурван зуун арван зургаан мянга есөн зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.495 /хорин мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гас 10.158 /арван мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Гас 316.909 /гурван зуун арван зургаан мянга есөн зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.495 /хорин мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гас 10.158 /арван мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ