| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01101/И |
| Дугаар | 155/ШШ2016/00313 |
| Огноо | 2016-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2016/00313
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б
Хариуцагч: Н.Э
Барьцаат зээлийн гэрээ цуцлуулж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1.165.497 /нэг сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2015/01101/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Б, Н.Э нар нь Төрийн банктай 2013 оны 04 сарын 16-ны өдөр ********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 31 /гучин нэг/ сарын хугацаатай, сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. 2013 оны 04 сарын 16-ны өдрийн ********** тоот цалингийн барьцаат зээлийн гэрээнд 31 инчийн LCD зурагт, цагаан өнгө бүхий хөлдөөгч барьцаалсан. ...Зээлдэгч Н.Б, Н.Э нарт Төрийн банк итгэл үзүүлэн зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн итгэлийг алдан гэрээний үүргээ удаа дараа зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул ********** тоот барьцаат зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. Зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1.165.497 /нэг сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг зээлдэгч Н.Б, Н.Э нараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б нь Төрийн банкны Хөвсгөл салбараас 6.000.000 төгрөгийн зээл авсан ба одоо үлдэгдэл 1.165.497 төгрөг байгаа. Иймд би барьцаат зээлийн гэрээг цуцалж, 1.165.497 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М нь хариуцагч Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 1.196.328 төгрөгийг 2016.06.01-ний дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Б, Н.Э нарт нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл гаргаснаас хойш 300.000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 714.688 /долоон зуун арван дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү 143.774 /нэг зуун дөчин гурван мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийн үлдэгдэлтэй ба 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Б, Н.Э нарт холбогдох, барьцаат зээлийн гэрээ цуцлуулж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1.165.497 /нэг сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б, Н.Э нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1.165.497 /нэг сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгөөс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлж үлдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж дуусгах тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага 1.165.497 /нэг сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.831 /гучин мянга найман зуун гучин нэг/ төгрөгийн тавин хувь болох 15.416 /арван таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг хариуцагч Н.Б, Н.Э нараас, улсын орлогоос 15.416 /арван таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б, Н.Э нарт холбогдох, барьцаат зээлийн гэрээ цуцлуулж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1.165.497 /нэг сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 858.462 /найман зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.831 /гучин мянга найман зуун гучин нэг/ төгрөгийн тавин хувь болох 15.416 /арван таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг хариуцагч Н.Б, Н.Э нараас, улсын орлогоос 15.416 /арван таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ