| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01266/И |
| Дугаар | 155/ШШ2016/00315 |
| Огноо | 2024-02-29 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2016/00315
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуйн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д ,
3.458.415 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2015/01266/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч байгууллагын захирал Г.Б, хариуцагч Б.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагад малчнаар ажиллаж байсан Б.Д нь 2015 оны 9 сарын 02-ны өдөр мал хүлээлгэн өгөхдөө өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 92 мал төл болон ноолуур, албаны мотоцикл дутааж байгууллагад 3.212.000 /гурван сая хоёр зуун арван хоёр мянга/ төгрөгийн хохирол учрууллаа. Үүнд:
1. Ишиг-73*25000=1.825.000 төгрөг,
2. Эм борлон 7*60.000=420.000 төгрөг,
3. Эр борлон 5*60.000=300.000 төгрөг,
4. Эм ямаа 7*80.000=560.000 төгрөг,
5. Ноолуур 2.140кг*50.000=107.000 төгрөг,
6. Мотоцикл 1*246.415=246.415 төгрөг, нийт 3.458.415 төгрөг
Эдгээр мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим, бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээнээс дутаасан төл малынхаа дутуу болон ноолуур, албаны мотоциклийн тооцоог одоо болтол хийгээгүй тул асуудлыг шийдвэрлэж байгууллагыг хохиролгүй болгож Б.Доос 3.458.415 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын захирал Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас нэхэмжилж байгаа малын үнээ буулгаж харилцан тохиролцох хүсэлтэй байна. Мотоцикл хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч хариуцагч худлаа хэлээд байна. Тэр мотоциклийг малчин аваагүй гэж байсан. Үүнийг хасууллаа гэж хэлж байсан боловч өгөөгүй байсан. Малын үнийн дүнд харилцан тохиролцоод малын тоог хэвээр үлдээж, нэг толгой малын үнэлгээг бууруулж байна. Өөрөөр хэлбэл ишиг 10.000 төгрөг, ямаа 50.000 төгрөг, борлон 25.000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 73 толгой ишигийн үнэ 730.000 төгрөг, 12 толгой борлонгийн үнэ 300.000 төгрөг, 7 толгой эм ямааны үнэ 350.000 төгрөгөөр тооцож, Мустанг маркын мотоциклийн үнэ 246.415 төгрөг, нийт 1.626.415 төгрөг гаргуулж авахыг зөвшөөрч байна. Малын ноолуурын үнэ 107.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, Б.Дтой эвлэрч байна. Б.Д нь манай байгууллагатай Б.Д гэсэн нэрээр гэрээ байгуулсан, бид ч Б.Д гэдэг нэрээр нь дууддаг байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Б.Д гэсэн нэртэй болохыг нь мэдсэн. Нэрний хувьд маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байгууллагын малыг өмнө нь би маллаж байсан. Гэтэл 2014 оны 01 дүгээр сард манай байгууллагын малчнаар ажиллаач, чи өмнө нь маллаж байсан учир сайн мэднэ гэж гуйсан. Би зөвшөөрч малыг хүлээж авсан боловч тарга тэвээрэг их муу байсан. Гэрээнд зааснаар тус байгууллагаас өвс тэжээл болон бензин тос, эм тарианы нэг ч удаа тусламж үзүүлээгүй. Өөрийн боломжоор малыг нь маллаж байсан. Миний хүлээж авсан мал 12 сард төллөж төл нь мал болоогүй. Борлон болон муу ямааг нь төвийн хашаанд оруулж байнгын тэжээлд 2 дугаар сар гартал өөрийн боломжоор тэжээсэн. Б дарга 11 сард 2 сав тэжээл авч өгсөн. Үүнээс өөр тэжээл авч өгөөгүй. Өвс тэжээл, эм тариаг төсөв мөнгө байхгүй гээд авч өгөөгүй. Төрийн өмчийн хороо цалин мэднэ гэдэг. 2015 оны 4 сард бүх үхсэн малын ээмэг болон зүсээр нь Б, Л хоёрт үзүүлсэн. Хасаарай гэхэд хасаагүй. Дутсан мал нь тийм өндөр үнэ байхгүй. Иймд малын тоог хэвээр үлдээж, 73 ишигийн үнэ 730.000 төгрөг, 12 борлонгийн үнэ 300.000 төгрөг, 7 эм ямааны үнэ 350.000 төгрөг, нийт 1.380.000 төгрөг, мотоцикл буюу түүний үнэ 246.415 төгрөг, бүгд 1.626.415 төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Намайг Б.Д гэдэг бөгөөд хүмүүс энэ нэрээр мэдэж дууддаг, одоо ч дууддаг. Цахим үнэмлэх авахад Б.Д гэсэн нэрээр олгосон байсан. Би энэ байгууллагатай Б.Д гэсэн нэрээр гэрээ байгуулсан нь үнэн энэ талаар маргаангүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуй нь хариуцагч Б.Д /Б.,Д/-т холбогдуулан дутуу мал, төл болон ноолуур, мотоциклийн төлбөр, нийт 3.458.415 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 1.832.000 /нэг сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1.626.415 /нэг сая зургаан зуун хорин зургаан мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг авахаар хариуцагч Б.Д /Б.,Д/-той эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д /Б.,Д/-оос 1.626.415 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 40.972 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуйн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д /Б.,Д/-т холбогдох дутуу мал, төл болон ноолуур, мотоциклийн төлбөр, нийт төлбөр 3.458.415 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 1.626.415 /нэг сая зургаан зуун хорин зургаан мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д /Б.,Д/-оос улсын тэмдэгтийн хураамж 40.972 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА