| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/03773/И |
| Дугаар | 101/ШШ2024/03175 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2024/03175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух Т*******ууд овогт Б*******гийн О******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* хаягт оршин байрлах ********,
Хариуцагч: ******** хаягт оршин байрлах ******** нарт холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, 6,184,278 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б********, хариуцагч ********ын төлөөлөгч Г.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Батдэлгэр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********-р хорооны иргэн Б.О******** нь БЗД-ийн "********” ********-т 2015 оны 09-р сараас эхлэн Захиргаа, санхүүгийн албаны хяналтын байцаагчаар ажиллаж байсан боловч БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолыг үндэслэн 2023 оны 12-р сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-д заасны дагуу БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 03-р сарын 29-ны өдрийн тэмдэглэлээр "Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 04-р сарын 04-ний өдөр гардан авсан.
Ажил олгогч БЗД-ийн “********” ********-ын 2024 оны 03-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухайгаа БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.
Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас хариуцагчаар татан буугдаж байгаа БЗД-ийн “********” ********-ыг татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”-ын 4-д “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж хуульчилсны дагуу хариуцагчаар БЗД-ийн “********” ********-ыг татан буулгах тогтоол гаргасан БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан БЗД-ийн Засаг дарга нарыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын цалингийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 8 жил 3 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.3-д зааснаар 3 сараар нэхэмжилсэн болно.
| № | нэр | Ажил орсон | Ажлаас гарсан | Ажилласан хугацаа | Нэхэмжлэх дүн |
| 1 | Б.О******** | 2015.09 сар | 2023.12.22 | 8 жил 3 сар | 2,061,426*3=6,184,278 |
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн “********” ********-ын Захиргаа, санхүүгийн албаны хяналтын байцаагчаар ажиллаж байсан Б.О********ийн 2022 оны 12-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.3-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 6.184.278 ₮- ийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
1а. Нэхэмжлэгч нь нийтлэг үйлчилгээний газарт санхүүгийн албаны хяналтын байцаагчаар ажиллаж байсан боловч ИТХ-н тогтоолыг үндэслэж ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийлгэхийг даалгаж, тэтгэмж 6,184,278 төгрөг гаргуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т зааснаар 3 талт хороонд хандсан бөгөөд уг хороо нь гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг. Нийтлэг үйлчилгээний газар 4-н албан тоотоор үйл ажиллагаа зогсоосон гэдэг. 3 талт хороо нь шаардлагыг хангах боломжгүй гэсэн тул шүүхэд хандсан. Нийтлэг үйлчилгээний газар нь татан буугдсан тул тогтоол гаргасан хурал, гүйцэтгэсэн Засаг даргыг хариуцагчаар тодорхойлсон юм. Нийтлэг үйлчилгээний газрын дүрэмд зааснаар өмчлөгч нь хурал байгаа юм. Хийснээр цалинждаг тул сүүлийн 3 сарын дунджаар тооцоод Хөдөлмөрийн тухай хуулийн 82-т зааснаар 3 сарын цалин нэхэж байгаа юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Бид 72 дугаар тогтоолыг өгсөн. Сайтаар нь ороход 72 дугаар тогтоол нь байгаа юм. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт байгаа юм гэв.
2. Хариуцагч ******** төлөөлөгч Г.А******** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О********ийн нэхэмжлэлтэй ********д холбогдох 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 6,184,278 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрыг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу дүүргийн Засаг даргаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 а/1629 тоот албан бичгээр ****************-ыг татан буулгах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамт өргөн барьсан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн “********” ********-ыг татан буулгах тухай 72 дугаар тогтоолыг баталсан.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн ******** нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд:
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор “********” ********ын дүрмийг баталсан байдаг Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Засаг даргын санал болгосноор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Газрын даргыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө”, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Газрын удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн Засаг дарга тогтооно”, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Газрын захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд Засаг даргын өмнө ажлаа хариуцан тайлагнана” гэж тус тус заасан.
Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт “Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг дүүргийн Засаг даргын өмнө тайлагнаж ажиллана” гэж газрын эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “дүүргийн Засаг даргын Тамгын газарт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг хүргүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт “дүүргийн Засаг даргатай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн газарт хүргүүлнэ” гэж тус тус заасан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж заажээ. "Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Газрын захирал нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь “********” ********рын Захирал нь нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь ******** биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах тухайд:
“********” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсөвт байгууллага бөгөөд ********ын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажлын тайлан, хорооны Засаг даргын гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан.
“********” ********ын Захирал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн газрын буруутай үйлдлээс үүдэлтэй байна.
Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах дүүргийн хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм.
Иймд ********, ********д тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 6,184,278 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас ********д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2а. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуульд зааснаар хурал нь үйл ажиллагаа явуулдаг. Засаг дарга нь ******** газрыг татан буулгах тухай албан тоот ирүүлсэн. Хуульд зааснаар ********ыг байгуулах татан буулгах эрх олгогдсон. Улмаар хурлаар асуудлыг хэлэлцэж нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгах шийдвэр гаргасан. 2022.6.29-ны өдрийн тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Энд Засаг даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Газрын даргыг Засаг дарга томилж чөлөөлнө. Газрын захирал Засаг даргатай гэрээ байгуулж, ажлаа тайлагнана гэсэн. Мөн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хариуцдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4-т ажил олгогчийг тодорхойлсон байдаг. Иймд тэтгэмж олгох этгээд нь иргэдийн хурал биш юм. Газрын орлого зарлагыг Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа, санхүүгийн хэлтэс хариуцна. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа нь тухайн газар буруутай юм. Иймд хуралд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнгөрсөн жилээс хогны талаар 2 компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тогтоолоор тогтоолын хэрэгжилтийг Засаг даргад даалгасан байдаг тул үр дагаврыг хурал хариуцахгүй. 72 дугаар тогтоолоо гаргаж өгөх хүсэлтэй. Хариу тайлбараа өгөхдөө цуг өгсөн гэж бодож байсан юм. Уг тогтоолын дагуу татан буулгах ажиллагаа явагдсан талаар маргаангүй гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх6/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх8-9/, Нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-н захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 дугаар тушаалын хуулбар /хх10/, тус газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр албан тоотын хуулбар /хх11, 24, 25/, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны №16 тэмдэглэлийн хуулбар /хх12-13/,
3б. Хариуцагчаас: Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн хуралдааны 02 дугаар тогтоолын хуулбар /хх18/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.О******** нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 6,184,278 төгрөг гаргуулах, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч ******** нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж маргасан.
4. Хариуцагч ********д 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүхэд мэдэгдсэн утсаар энэ хуралдааны товыг мэдэгдсэн. Гэвч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн болох нь тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх12-13/
Тус хороо нь нэхэмжлэгчийн гомдлыг шалгаад шаардлага нь үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчигдөөгүй.
6. Хариуцагч нар нь дээрх хорооны хуралдааны шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9-д зааснаар биелүүлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд заасан ерөнхий хугацаагаар тооцсон болно. Учир нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан 10 хоног нь гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд тооцогдох хугацаа юм. Мөн хариуцагч нар нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй.
7. Хариуцагч ********ын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “********” ********-г татан буулгах шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нь энэхүү тогтоолыг өөрөө гаргах боломжгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь тогтоолыг шүүхэд ирүүлээгүй. Гэвч ******** цахим хуудасны ил тод байдал гэсэн цэсийн тогтоол хэсэгт хэргийг хянан шийдвэрлэх цаг хугацаанд энэхүү тогтоол байсан тул нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн. Харин шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр гарах үед хариуцагч ******** нь өөрийн цахим хуудаснаас энэхүү тогтоолыг устгасан болохыг дурдах нь зүйтэй.
Цаашлаад, “********” ********-н 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр албан тоотод энэхүү тогтоол гарч улмаар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус газрын үйл ажиллагааг зогсоосон талаар дурдагдсан. /хх11/
Мөн энэхүү тогтоол гарч тус газрыг татан буулгасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Түүнчлэн дээрх 4 дүгээр албан тоотоос үзэхэд тухайн газрыг татан буулгах ажиллагаа 2023 оныг дуусах хүртэл хугацаанд үргэлжилжээ.
8. “********” ********-н захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.О********ийг мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна. /хх10/
Үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн газар татан буугдсан гээд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 72 дугаар тогтоолыг үндэслэл болгожээ.
Нэхэмжлэгч нь дээрх тогтоол, тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөгдсөнийг зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосонтой холбоотойгоор тэтгэмж гаргуулах, мөн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлийг төлүүлэхийг хүссэн.
Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
9. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэг удаагийн тэтгэмж шаардах эрхтэй.
10. Хариуцагч ******** нь өөрийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоол, уг тогтоолоор баталсан “********” ********-н дүрмийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн боловч энэхүү хуулбар нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /хх31-38/ Гэвч ******** цахим хуудасны ил тод байдал гэсэн цэсийн тогтоол хэсэгт энэхүү тогтоол, дүрмийн хамт байх тул энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Мөн энэхүү дүрэм хүчин төгөлдөр байсан талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь энэхүү дүрмийг татгалзлын үндэслэл болгож буйг дурдах нь зүйтэй.
10а. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4-л зааснаар орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон.
Дээрх дүрмийн 1.4-т зааснаар “********” ********-н өмчлөгч нь хариуцагч ******** байна. Мөн дүрмийн 3.1-т зааснаар ******** болгосноор ******** газрыг байгуулах, татан буулгах эрхтэй гэжээ.
Үүнээс үзэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хэдийгээр хуульд заасан эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан боловч татан буулгах шийдвэр гаргасны хувьд уг шийдвэрийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй гэж үзлээ.
10б. Цаашлаад, дүрмийн 3.6, 3.7-д зааснаар Засаг дарга нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцна. Мөн газрын дарга нь Засаг даргатай гэрээ байгуулж, ажлаа тайлагнаж байна.
Түүнчлэн дээрх үндэслэлээр хариуцагч******** нь нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч нь тус газарт 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн дээрх Б/108 дугаартай тушаалаар тогтоогдсон. /хх8-9, 10/
Иймд нэхэмжлэгч нь тус газарт 8 жил 3 сар ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т хамаарч 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар 10 дугаар сарыг дуустал цалин бодогдсон байх тул 8-10 дугаар сарын дундаж цалингаар тооцлоо. Ийнхүү тооцвол 08 дугаар сард 1,963,478 төгрөг, 09 дүгээр сард 1,957,619 төгрөг, 10 дугаар сард 2,263,182 төгрөгийн цалин олгогдсон тул дундаж цалин нь 2,061,426 төгрөг юм. Үүнийг 3 сараар бодвол хуулийн дээрх үндэслэлээр 6,184,278 төгрөгийн тэтгэмж шаардах эрхтэй байна.
12. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй. Улмаар тус газар татан буугдсан үйл баримтын талаар маргаагүй, ********ын өмчлөгч бөгөөд дүүргийн ******** газрын үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнд хяналт тавьж байсан тул хэн алинд нь ажил олгогчийн үүргийг даалгах нь зүйтэй гэж үзлээ. Харин бичилт хийхийг даалгах гэх шаардлагыг хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг цахим хэлбэрээр хийдэг болсон тул бичилт буюу бүртгэл хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хариуцагч ********, ******** нараас 6,184,278 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Б.О********т олгож, хариуцагч нарт 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь тэнцүүлэн нөхөн төлж, бүртгэл хийлгэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 184,100 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД