Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2016/00317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б.Н

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2016/00154 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баатарын Н нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 02-р сарын 01-нээс эхлэн ажилчнаар орсон юм. Түүнээс хойш бригад, сүү тосны завод, хадлан тэжээлийн бригад, худгийн моторчин, мал тууварчин зэрэг ажлуудыг хийж 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Б.Н миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Н нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Н нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай Ажилд чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар, Б.Ны 1988 оны 09 сарын 01-ний өдөр шагнагдаж байсан Сайшаалын үнэмлэх, гэрч ***************** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дун овогт Баатарын Ны Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН